Бидний өгсөн татварын хэмжээ биш хувиарлалт нь шог байна
Хэдэн жилийн өмнө хүүхдүүд дагуулаад гал унтраах анги дээр очиж гал унтраах аврах ажлыг хүүхдүүдэд тайлбарлуулж байсан юм.
Аврагч нар ажил, хэрэглэдэг тоног төхөөрөмжөө тайлбарлаж байх зуур цайны цаг болж би тэднээс ажилтнууд хэрхэн цайндаа ордог талаар асуутал дундаасаа 500 төгрөг нийлүүлээд хоолны материалаа аваад хоолоо хийж иддэг гэж цочтол хариулж билээ. Нэг ээлжийн 6 орчим байсан хүн санагдана. 3000 төгрөгөөр юу хийж иддэг юм болдоо гэж бодоод өнгөрч билээ.
Тэр үед манай компани гэхэд ажилчдаасаа хоолны 500 төгрөг суутгаад үлдсэн 1500-2000 төг компаниас гаргаж үйлдвэрийн ажилтны өдөрт авах ёстой илчлэгийг 1500 калори-аас доошгүй байх ёстой гэж тооцож төсөвлөдөг байсан.
Япон, Хятадаас тусламжаар голдуу ирсэн машин, тоноглолуудаа гялалзтал угааж арчин, гамнан хэрэглэж байгаа нь харагдсан. Хүний амины манаанд өөрийн амиар дэнчин тавин зогсдог хэрнээ өдөрт 500 төгрөг нийлүүлээд өдрийн хоолоо авч иддэг, цалин мөнгө нь хүрэлцээ муутай ядруухан, үнэхээр үнэн сэтгэлтэй хүн л тэсч үлдхээр ажил бас амьдрал харагдсан. Хайран сайхан залуус.
Амь амьдрал,эрүүл мэнд, эд хөрөнгөнийхөө манаанд зогсуулах болхоороо баатраар нь дууддаг хэрнээ, өгдөг цалин нь дэндүү бага. Цалин гэж юу вэ? Миний мэргэжил, үзүүлж байгаа үйлчилгээ, оруулж байгаа хувь нэмэр, гаргасан цаг хугацаа,эрч хүчнийхээ төлөө авч байгаа материаллаг үнэлгээ. Гэтэл бараг 9 жил суралцаж байж эмч болоод өдөрт 30 хүн үзэж, авдаг цалин нь 20 доллар хүрэхгүй байна.
Нэг багшид оногдох хүүхэд 60 гаруй, Нэг эмчид оногдох хүний тоо 283, нэмээд ээлж алгасахгүй ажилладаг эмч сувилагч нарын цалин улсын дундаж цалинд хүрч чадаагүй л байна. Бухимдуу байдагт нь, өөрсдийгөө хөгжүүлдэггүй, мэдээлэл муутай байдагт нь, гар хараад байдагт нь бурутгах арга алга.
Өнөөдөр бидний амьдралын хамгийн чухал зүйлс болох эрүүл мэнд, амь нас, боловсролын манаанд зогсож байгаа ажилтан, мэрэгжилтнүүдээ хэзээ үнэлдэг болох юм болдоо. Бидний өгсөн татвар багадаа биш хувиарлалт нь шогдоо байна.
Б.Ариунсанаа