Сингапурын иргэдийн 80 хувь нь Төрийн өмчийн орон сууцанд амьдардаг
Сингапурын иргэдийн 80 хувь нь Төрийн Орон Сууц Хөгжлийн Хорооны барьсан байшинд амьдардаг. Эдгээр байшинг 99 жилийн түрээсээр хөлслүүлж, түрээсийн хугацаа дуусах үед 2-дагч зах зээл дээр борлуулах эрх нь үүсдэг.
Өөрөөр хэлбэл, татаас дэмжлэгтэйгээр авсан орон сууцыг богино хугацаанд дамжуулан борлуулж ашиг олох боломжийг хаасан байдаг.
Сингапурт ажлын хөлсний доод хэмжээ, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг (бараг) байхгүй бөгөөд эрүүл мэндийн зардалд иргэдийн өөрсдөөс гаргах зардал харьцангуй өндөр байдаг. Гэхдээ нөгөө талаас нь засгийн газар нь орон сууцаар хангах ажлыг амжилттай гүйцэтгэснээр сингапурчууд тэдгээр зардалдаа зориулах мөнгө харьцангуй ихтэй, нийгмийн бухимдал, тогтворгуй байдал гайгүй байдаг байна.
Сингапурчууд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа, эсвэл түрээсийн төлбөрт тэтгэвэрийн дансанд хуримтлагдсан орлогоноосоо хэрэглэж болдог болсон нь орон сууцжуулах бодлогод томоохон дэмжлэг болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрийн хуримтлал, орон сууцтай болох зардлыг холбож өгсөн байна. Дээрээс нь, анх удаа орон сууц худалдан авч буй гэр бүлүүдэд 80-120,000 сингапур долларын нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг төрөөс олгодог байна. Ингэхээр сингапур иргэн өөрөөс шууд мөнгө гаргалгүйгээр орон сууц худалдан авах, амьдрах боломжтой байдаг.
Ингээд нас өндөр болох үед тэтгэвэрийн хуримтлагдсан орлого багассан байх боловч орон сууцаа бүрэн өөрийн болгож авсан байдаг тул тухайн хүний нийт хөрөнгийн хэмжээнд муугаар нөлөөлдөггүй байна. Мөн тэтгэвэрт гарсан хойноо мөнгөн орлогоо дээшлүүлье гэвэл урвуу моргейж зээл авч (эргэн төлөлт шаардлагагүй) амьдрах боломж нь ч өндөр байдаг байна.
Зуунайн Шагдарсүрэн
АНУ-ын Мичиганы Их Сургуулийн хуулийн магистр, улс төрч