Хөгжлийн онол...
Манай эриний 500 оноос 1000 он хүртэл Европ тивд нүүрлэсэн ухралтыг Харанхуй үе буюу Dark Age гэж нэрийддэг билээ. Энэ үед эртний Грек, Ромын философи, шинжлэх ухаан, уран барилгын хөгжил дэвшлээс ухарч, урлаг соёл нь уналтад орсон байдаг.
1300 орчим оноос л Ром, Грекийн философийг эргэн санагалзаж, Христийн шашны бурангуй хүлээснээс ангижирч шинэ хөгжил дэвшлийг эхлүүлсэн ба үүнийг Сэргэн Мандалт буюу Renaissance үе гэж түүхэнд тэмдэглэдэг билээ.
Яг үүнтэй адил Хятад улсын уран зохиолын оргил тэртээ 800 оны үед буюу Сон гүрний үед байсан гэдэг. Түүнээс хойш дэлхийд анхны цаас, дарь, торго, сургууль тэргүүтнийг байгуулж явсан Хятадууд 1800 он гэхэд доройтож Европчуудын хаана ч хүрэхгүй болсон байдаг.
1990 оноос хойш Монголын төрийг түшилцэж яваа ахмадууд нийтлэг утгатай зүйл ярьдаг. "...Ардчилал угаасаа ингэж удаж бүрэлддэг байхгүй юу...", "...Хөгжил дэвшил чинь алгуур ирдэг юм...","...Америкийн 200 гаруй жилд туулсан бүх зүйлийг бид ч гэсэн нэг нэгээр нь туулаад гарна шүү дээ...","Бүх юм сайхан байна, бүгдээрээ эрх чөлөөтэй боллоо..." гэх мэт.
Уг санаа нь ХӨГЖИЛ бол ЦАГ ХУГАЦААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН юм гэж хэлээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол орны өнөөгийн байр байдалд биднийг битгий шүүмжлээрэй. Ердөө 27-хон жилд хөгжинө гэж юу байхав дээ? гэсэн санаа.
Үнэхээр ХӨГЖИЛ бидний боддог шиг цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу?
Хүн төрхт үүсээд 3 сая жил, яг орчин үеийн хүний анатоми үүсээд 300 орчим мянган жил болж байна. Харин хүмүүс хот байгуулж амьдарч эхлээд ердөө 5 мянган жил, гар утас хэрэглээд 20 жил л болж байна.
Энэ бүгдийг цаг хугацаа бий болгов уу? Юунаас болж хөгжив?
Яагаад 2,500 жилийн өмнөх Грекчүүд маш ахисан төвшний философитой байгаад гэнэт бурангуй шашинд цохиулж оюун санааны хувьд мөхөв. Энэ цаг хугацааны асуудал уу?, эсвэл хүний хүчин зүйл үү?
Хөгжил цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу? эсвэл хөгжлийг хүн (хүмүүс) хүчээр авчирдаг юм уу? Бидний туулж өнгөрүүлсэн 27 жил хэр богино хугацаа вэ? Үнэхээр улс орон хөгжихөд хангалтгүй бага хугацаа юу?
Өөрийнхөө алдааг хамгаалах, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал бол хүн төрөлхтөнд байдаг л сэтгэл зүйн гажуудал. Үүнийг сэтгэл зүйн ухаанд Confirmation Bias гэж нэрлэдэг.
Дундаж хүний сэтгэл зүй ийм л байдаг. Яагаад гэвэл дундаж хүнд үнэн бол харьцангуй ойлголт юм. Нэгэнт үнэн харьцангуй учраас худал зүйлийг үнэн гэж хүчээр дайраад үнэн болгож болно гэж боддог. Харин гэгээрсэн хүн үнэн бол туйлын ойлголт гэдгийг мэднэ.
Цор ганц үнэний өмнө бүгд хүчгүй гэдгийг ч ойлгоно. Тийм учраас гэгээрсэнхүнцорганцүнэнийглхайдаг.
Дундаж хүний хувьд үнэн бол өнгөрсөн цагт байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цагт мэдсэн зүйлс, авсан мэдээлэл, хийсэн зүйлс нь тэр хүний хувьд үнэн болдог.
Харин гэгээрсэн хүний хувьд үнэн бол дандаа ирээдүй цагт байдаг. Гэгээрсэн хүн амьдралынхаа сүүлчийн мөчид үнэнг хайж олбол баяртай үхнэ. Тэр үнэн нь өнгөрсөн цагт үнэн гэж бодож явсан бүх зүйлсийг нь худлаа гэж нотолсон ч гэсэн машид баярлах болно. Яагаад гэвэл үнэнболтуйлын, тэгээд ирээдүйдоршдог.
Дундаж хүн өнгөрсөн цагт үнэн гэж ойлгож, харж явсан зүйлс нь худлаа болох вий гэдгээс үхтлээ айна!
Өнгөрсөн 27 жилд бид Сингапур шиг, Хятад шиг, Солонгос шиг хөгжиж болох байсан. Энэ л үнэн юм. Гэтэл тэгж чадаагүйгээ яаж ч өмөөрөөд, үнэнийг шороогоор булаад нэмэргүй.
2017.07.16-нд
Ө.Ганзориг