Зөв Хүн Электорат эвсэл 53 хүнээ нэр дэвшүүлнэ
Өглөөний 8:00 цагаас эхэлсэн Зөв Хүн Электорат эвслийн сонгуулийн сурталчилгааны аяны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа хур бороотой, хөл хөдөлгөөнтэй болж өнгөрлөө.
Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/, МСДН, ЗҮЙ ЁС нам нэгдсэн “Зөв Хүн Электорат” эвслээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд 53 нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авахаар болжээ.
Нээлтийн үйл ажиллагааг нээж Зөв Хүн Электорат эвслийн тэргүүн Б.Найдалаа: Монгол Улсын иргэд, эх орончид, монголчууд аа! ӨНӨӨДӨР ЭНД БИД урд байгаа зовлонгоо тоочиж, өчүүхэн хулгайч дүр эсгэгчдэд уур бухимдлаа гаргах гэж цуглаагүй. Ямар ч шийдэлгүй, бодлогогүй хэсэг хулгайчийг тойрсон хов живэнд баясаж, хулгай нүүрлэсэн ирээдүйг үр хүүхэддээ өвлүүлэхгүйн тулд энд зогсож байна. Өнгөрснийг АВАРДАГГҮЙ, өнгөрснөөс суралцаж ирээдүйг АВАРДАГ юм. Өнгөрсөн хулгайг өнгөрсөн цагт нь шүүх хуулийн мэдэлд үлдээе.
Монголоо монголоор нь хадгалж, эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн хөтөлбөр бидэнд бий. Үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч, эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжилтнүүд бидэнд бий. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шинэ цагаа мэдрэх олон түмэн Монголчууд, дэмжигчид та бүхэн минь байна.
Зөв Хүн Электорат эвслийн төлөөлөх зөвлөлийн дарга Т.Доржханд:
Хүндрэлийг сөрж, ачаагаа үүрэхээр УИХ-ын сонгуульд эрхэм нөхдийнхөө хамт оролцож байгаадаа туйлын баяртай байна. Өөрийн амьдрал, хувийн ажлаа хойш тавьж үр хүүхэд, дүү нартаа тэгш боломж, эрүүл нийгмийг хүлээлгэн өгөхөөр сэтгэл шулуудсан та бүхэндээ олон Монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.
Хүндээ ээлгүй, хүүхэд хөгшиддөө бүр халтай энэ нийгмийг хамтдаа өөрчилцгөөе.
ЖДҮЧИД, 60 тэрбумчид, тендерчид, концесчид, бондчид, казиночдын нэр сонгуулийн хуудсан дээр ахиад бичигдлээ. Шоронд байх ёстой хүмүүс ордондоо үлдэхээр амь тэмцэж байна. Тэд 30 жил хулгайлсан мөнгөнийхөө бутархайгаар ядарсан иргэдийн саналыг авахаар дахиад л айсуй.
Зөв ХҮНчүүдээ,
- Хүндээ биш цементэд хөрөнгө оруулсан 30 жилийг үдэх цаг иржээ.
- Хотын төвд ч, гэр хороололд ч, сумын төвд ч ялгаагүй ижил орчинд, чадварлаг багш нараар хичээлээ заалгах боломжийг үр хүүхдүүддээ өгцгөөе.
- Ажилтай орлоготой, авсан цалиндаа сэтгэл хангалуун байх боломжийг Монгол ХҮНдээ олгоцгооё.
- Зөвхөн өөрийн улс гэлтгүй, өмнөд хойд хөрш, цаашлаад дэлхийн 7.5 тэрбум хүний зах зээлийг залуусдаа нээж өгцгөөе.
- Настан буурлууд нь үр ач нартайгаа гудамжаа дүүргэж байдаг Хүндээ ээлтэй ногоон хотыг хамтдаа бүтээцгээе.
Дэлхийн боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан журмын нөхдөө.
Энэ удаа Монгол жинхэнээсээ ялах болноо.
Зөв Хүн Электорат эвслийн Мөрийн хөтөлбөр нь
- Баялгаа зөв удирдах
- Цэвэр төр, авилгагүй улс
- Дэлхийн технологийг түрүүлж эзэмших
- Байгальд ойр зөв хөгжил
- Хүндээ хөрөнгө оруулах зэрэг таван үндсэн бүлгээс бүрдэж байгаа бөгөөд бүлэг тус бүр дээр мэргэжлийн баг ажиллах юм.
Хүндээ хөрөнгө оруулъя багийг төлөөлж Нийслэлийн 22-р тойрогт нэр дэвшигч П.Наранбаяр: Зөв хүн-Электорат эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулан өнөөдөр Монголын сонгогч иргэддээ танилцуулж байна. Уг мөрийн хөтөлбөр нь олныг цочоосон бэлэн мөнгөний хоосон амлалтгүй, гагцхүү Монгол хүн Монголоороо байж, өөрийн хүчинд тулгуурлан баян чинээлэг дунджуудын тоог нэмэгдүүлэхийг зорьсноороо ШИНЭ ЦАГИЙН өнгө төрхийг тодорхойлж байна.
Байгальд ойр зөв хөгжил багийн ахлагч Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг: Өнөөдөр бид тун хариуцлагатай, түүхэн сонголтоо хийх гэж байна. Өндөр хөгжилтэй улс оронд сургаж бэлдсэн залуусынхаа эрдэм чадлыг шавхаж, шахан шаардаж, улс орноо өөд нь татацгаая! Зөв сонголт хийхийг сонгогч түмнээсээ хүсэж байна.
Нээлтийн үйл ажиллагааны зургуудаас...
САЙН СУРГУУЛИЙГ ТАНЫ ДЭРГЭД БИД АВЧИРЪЯ. Чанартай боловсрол хүнийг хөгжүүлж, хүн нь улсаа хөгжүүлдэг нь хөгжлийн жам юм.