Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ
Хил залган суугаа улсууд ''мөнхийн дайснууд'' болох нь элбэг. Үүний нэгэн жишээ нь Энэтхэг, Хятадын хоорондох хилийн маргаан юм. Тавдугаар сарын 26-ны өдөр Гималайн нуруудын ойролцоох хилийн зурвасыг Хятадын 10,000 гаруй цэрэг давсан хэрэг гарчээ.
Хятадын цэргийн хүчин Энэтхэгийн Ладак мужийн хилийг даван орж өөрсдийн түр хуарангаа босгосон бөгөөд тэд хилийн зурвасыг шинэчлэн тогтоох зорилготой байгаа аж. Үүнээс болоод Энэтхэгийн тал яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тус улсууд нь анх 1962 онд Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Аруначал Прадеш мужийн хил дээр хэд хэдэн удаа мөргөлдсөнөөс хойш байнгын хилийн маргаантай байгаа юм.
Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага хэмжээний мөргөлдөөн үүсгэж 100 гаран цэрэг шархадсан билээ. Тухайн онд Бутаны Доклам мужийн нутагт ойр хил дээр Хятадын цэргүүд авто замын ажил эхлүүлснийг зогсоохоор Энэтхэгийн тал цэрэг илгээж байсан юм.
Хилийн мөргөлдөөн гарахын өмнөх өдөр буюу Бямба гарагт Балба улс маргаантай газар нутагт авто замын төсөл эхлүүлэн, Энэтхэг улсын эсрэг мэдэгдэл гаргасан юм. Үүний хариуд Энэтхэгийн батлан хамгаалах яамны сайд Ражнат Сингх Ладиша хотоос холгүй зайд 15 мянган гаруй цэрэг цуглуулан байнгын бэлэн байдалд байхыг тушаажээ.
Эх сурвалж: Associated Press