Хүчирхийлэл, тохуурхал эргээд хүчирхийлэгчийг бий болгоно...
Холливудын кинонууд нээлтээ хийхээс жилийн өмнөөс шуум тарааж пи-араа эхэлдэг. Үе үе дамжин дэлгэцнээ амилж ирсэн “Joker”-ийн дүрийг Joaquin Phoenix бүтээх болсон талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн цагаас “Joker” -ийн нээлтийг хоног тоолон хүлээх болов.
Дэлхийн нээлтээс хойшхи 5 дахь өдөрт нь амжиж үзэв. Шөнө үзэж ирээд сэтгэл санаагаараа тоглуулчихсан мэт болоод маргааш нь хамгийн эхний үзвэрийг дахин үзсэн юм. Ингээд энэ киног үзээд мэдэрсэн сэтгэгдэлээ та бүхэнд хуваалцья.
…. “хаха… хаха…хаха….” хэмээн хоолой шахан зогсолтгүйгээр инээх түүний царайнд уйлж буй төрх ажиглагдана. Нулимстай инээдэндээ шаналах тэрээр дотроо гунигтай, сэтгэл зовнисон, ганцаардмал нэгэн ажээ. Түүний нэрийг Артур Флейк. Тэр 30 настай ч ээжтэйгээ хамт амьдарч ээжийгээ асардаг сайн хүү. Бусдад гэм хор хийж байгаагүй тэрээр ээжийнхээ захьсанаар зөв амьдарч, бусдад инээд бэлэглэхийг эрхэмлэнэ. Түүний мөрөөдөл нь хошин шогийн элэглэгч болох. Харин түүнд хошин мэдрэмж хомс. Бусдыг инээх үед ойлгож чадалгүй дуугүй суух ч инээх ёстой хэмээн бусдаас урьдан хүчлэн инээнэ. Түүний хүчлэх инээдээс ганцаардал, гуниг үнэртэнэ.
Ганцаардмал түүнийг олуулаа дээрэлхэнэ. Өсвөр үеийн жаалуудаас эхлэн боловсролтой гэх залуусч түүгээр тохуурхана. Биеэ хамгаалах гэж буу дуу гаргасан ч амийг нь авах гэж араас нь шийдэмгийгээр алхаж хүссэндээ хүрнэ. Амь хороож үзсэн түүнд сэтгэл зовнил байсангүй. Цочрол нь сэдрэл болж зөв байх ёстой гэсэн өөрт тохироогүй багаа тайлах хүсэлд автана. Артур өөрчлөгдөж эхэлнэ. Түүний мөр цэх, хараа шулуун, гишгэлт бат болж харж явдаг бүсгүйгээ ч өөрийн болгоно. Өөрийн оршин буйг мэдэрдэггүй байсан түүнд өөртөө итгэх итгэл, болзоо, баяр баясал, бахдал түүнд ирсэн ч дотроо далдалсан мөн чанар нь цухуйх болов. Далд ухамсарт нь шингэсэн мөн чанар нь бага байх үеийн хүчирхийлэл, хямралаас нь үүдэлтэй байв.
Үе үе өөрийгөө хянаж чадахгүй гэнэт зовлонтойгоор инээх түүний өвчнөөр шоу хийх хүмүүс ч бий. Өвчинт нэгнээр тохуурхаж олон нийтийн анхаарал татаж өөрийгөө тэжээдэг хүмүүс ч бий. Тэдгээр хүмүүст хариуг нь барих сэтгэл далд ухамсараас нь оргилно. Энэ үед түүний дотор Артур биш Жокер оршжээ. Хүмүүс муухай болсон, багаа тайлаагүй цагт бүгд ижил, бусдын зовлонгоор адгууслаг хүслээ хооллож, хаа сайгүй гүйлдэх устгахад хэцүү харх болцгоосон гэдгийг хэлээд хүслээ биелүүлж хүний аминд хүрнэ.
Хүчирхийлэл, тохуурхал эргээд хүчирхийлэгчийг бий болгоно гэдгийг энэ киноноос харав. Гадна аа хэвийн ч дотроо өөрчлөлттэй хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг өнөөгийн нийгэм өөрөө бүтээж байгаа талаар найруулагч Todd Phililips хэлэхийг хүссэн юм болов уу гэж би хувьдаа ойлголоо. Өнөө цагийн хүн төрөлхтний дотоод мөн чанарын талаар энэ киноноос хараарай.
Хүндэтгэсэн,
Цахим Эмч