Хамгийн муухай мэдрэмж бол "дутуудах"
Яг байгаагаараа, байгалиас заяаснаараа, хамаг сайнаараа, хичээснээрээ ч хэн нэгний сэтгэлд хүрэхгүй буруудах, дутуудах, гоочлогдох.
Гурван настайдаа 200 үг уншдаг байж... зургаан настайдаа шууд 2-р ангид орж, компьютерийг программист шиг ашиглаж, англи хэлийг төрөлх хэл шигээ хэрэглэж, цахилгаанчин, операторчин, багшаас авахуулаад ОУ-д зөвшөөрөгдсөн судлаач, хотын менежментийн магистр, мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин хүртэл болсон ч "олигтойхон амьдарч чадахгүй, хөгийн дорой" явна.
Багаасаа л өөрийгөө сайн охин, сайн хүн байлгах гэж хичээн, мэдэхгүй, чадахгүй байхаас ичиж 29 жилийг үргэлжийн тэмцэл дунд өнгөрүүлсэн боловч өнөөдөр яаж ч хичээгээд намайг хэзээ ч үнэлэхгүй хүн байх болно гэдгийг ойлгох мөч "хүлээс тасрах" лугаа мэдрэмж юм. Зүгээр байхдаа гоочлогдоно, зөв байсан ч буруу болно... дандаа тэр юу гэх бол, энэ уурлах болов уу гэж бодоод өөрийн байгаагийн эсрэг тэмцэлддэг байж. Одоо тэр хүлээс нэгэнтээ тасарсан болохоор хэн ч, юу ч гэсэн яахав, хөгцтэй хад шиг харагдсан ч, хөгийн аминч санагдсан ч яахав, яаг өөрийнхөөрөө л сэгсийх үедээ сэгсийж, гэрэлтэх үедээ гэрэлтэж, дуртайгаа хийж амьдранаа.
Бууж өглөө. Баяжих гэж биш, сайхан харагдах гэж биш, мундаг байх гэж биш зүгээр л нээх гоё өглөө өөртөө цай аягалаад цонхоор хараад инээмсэглэдэг, цалингүй байсан ч дуртай ажилаа хийх гэж догдлоод шөнөжин боддог, шал өрвийцөн, шалдаа бууцан байсан ч Ану минь гээд ирэх хүмүүстэй гэдсээ өвдтөл инээж баясдаг. Ийм байхад бусдыг нь өөрөө хийчихнэ шдээ. Би ингэж л бодож байна. Бүх хүнд ямар ч нөхцөл, болзолгүй тэр итгэл, тэр хайр л хэрэгтэй. Буруу зөрүү гишгэхээр нь "Чамайг яаж ч сайн муу явсан хайрласаар л байна, гэхдээ чи минь уг нь ийм хүн биш шүү дээ" гэх найз нөхөд, гэр бүл.
Хэлсэн үгэнд нь нүүгэлтсэн их харуусал мэдрээд, нээх гүн санаа алдаад, хүлээлгэсэн их итгэл хайранд нь ичиж нэрэлхсэндээ бүр нэг сайн явмаар, үзүүлээд өгмөөр, гал шиг дүрэлзэж хорвоог гийгүүлмээр. Нээх алдаж, оносондоо биш зүгээр л тийм хайр байхад угаасаа алдахгүй байхийг хичээдэг юм. Тийм хайр хэзээ ч ялж, тэмцэж авахаар байдаггүй. Авах гэж хичээж, дутуудаж байгаа бол тэр хайр биш. Хайр сайн сайхан явсаны шагнал ч биш. Хайр бол амьдрах шалтгаан.
2019.05.09
Л.Ану-Үжин