Ко ко ко корона...
Зэээ ер нь бол тэгээд дэлхий коронагийн өмнөх ба дараахь дэлхий гэж хоёр хуваагдана гэж хүмүүс ярьцгааж байна үнэний ортой байх. Эдгээр өдрүүдэд хамгийн том озоны давхарга өөрийгөө нөхөж эмчиллээ.
Үдлээд буцах хорвоо гэдэг шиг ХҮН хэмээх нүүдлийн шувууд нэгхэн жаран амьдрахдаа хорвоо дэлхий байгальд ямар их хайр гамгүй, хоноцын хандлагаар хандаж амьдарч байдгийг дахин нэг сануулж, орчлонг сүйтгэсэн өндөр хөгжил хэнд ч хэрэггүй болохыг харууллаа.
Ямар ч шашинтай, өндөр хөгжилтэй, соёлтой улс байсан нойлын цаас булаацалдан зодолддог юм байна, ер нь л хүн гэдэг натураараа ийм хувиа хичээсэн бэртэгчин маягийн нөхдүүд юм байна. Улс төрчид бол улстөрчид л байдаг юм байна. Ямар ч цар тахал, зовлон үл харгалзан улс төр хийж оноо цуглуулахаар оролддог юм байна. Ер нь тэгээд зарим газар эдийн засгаа царцаагаад өлсөж үхэх үү ? Энгийн амьдраад вирусээр үхэх үү ? гэдэг том сонголтын өмнө ирж байна.
Монгол улс уу ? Монголчууд сайн байгаа. Өнөөдөр карантиныг дахиад 30 хоног сунгаж байх шиг байна. Миний бодлоор энэ карантин дуусахад дэлгэр зун болно, ёстой нэг татаж татаж тавьсан чавх шиг машинуудаа унаад харсан зүг рүүгээ хөдөө явцгаах байх. Уул нь нэг хүнд оногдох талбайгаараа дэлхий дээр хамгийн сийрэг улс бол Монгол юм.
Тэр утгаараа хөдөө явж л байвал сайн. Тэгэхийг ч хүсэж байна. Энэ вирус хэмээгч нь хөрс шороон дээр хамгийн тэсвэр муутай хуванцар төмөр дээр нүгэлтэй амь бөхтэй дамиран юм гэсэн. Монголын их талд удаан тэсэхгүй л болов уу ? Манай асуудал одоо эргээд эдийн засгийн асуудал болчихлоо л доо. Яджаахад сонгууль болох гээд дүрэм гольдролоороо явдаг юм юу ч байхгүй болсон. Долоо хоногт нэг сенсаацны яс мөлжиж амьдаржийсан бол өдөрт нэг булуу хаяж өгч байна.
Тэр утгаараа хов жив, сенсаац хоолоор бол гэдэс тунчиг цатгалан байна. Нөлөөлөгчид, нэвтрүүлгүүд, контентийн тоо хэд дахин өсөв. Бүгд нэг нэг Podcast, нэг нэг Vlog хийж нэг нэг хуудас нээв. Ер нь нөлөөлөл манлайлалд бялуурч эхлэв. Бүр аймар нөлөөлөөдайхшиг. Зүгээр суумааргүй санагдаад л дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар санагдаад л, алдах эрхгүй бараг унтах ч эрхгүй юм шиг гэмшил төрөөд л, шууд нэг Стартаап хийж дампуурангуутаа тэр хэцүү өдрүүдээ зурагтаар яримаар санагдаад л, тэр хүнд үеэ давж гармаар ганцаараа дээвэр дээрээ гарч өөрөө өөртөө амлалт өгмөөр санагдаад л, бүр нэг тийм эгэл энгийн төрхөө бусдад үзүүлмээр оргиод л, өөрийнхөө амьдралын хэв маяг зарим нэг НУУЦ-аа дэлгэмээр санагдаад л, чип мип толгойд орж ирээд л, Монголын хөгжлийн гарц нүдэнд харагдаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд л, өвөрмөц өөрийнхөөрөө гэдгээ чимээгүй хэн нэгэнд хэлж орхимоор хорхой хүрээд л, хэр баргийн хүн ойлгохгүй гэмээр ерөөсөө ХАР МАССЫН биш нэг тийм нууц ном олж уншчихаад уншаагүй бүх хүмүүсийг доош нь хиймээр бодол төрөөд л ... Ер нь л нэг тийм нууцлаг энгийн хүмүүсийн тоо огцом ихэсчээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй ҮНСИЙ !
Ч.Ганжавхлан