Хувь нэмэр...
Нэг өдөр туслах маань “манайд ажиллаж байгаад чөлөө авсан хүн буцаж ирээд заавал ижил чиглэлийн захирлын ажил хийнэ гээд байна” гэлээ. Ингээд удалгүй дунд эргэм насны хүн орж ирлээ. Дурамжхан царайтай байгааг нь харвал хүний нөөцийн захирал маань хүссэн орон тоо нь хүнтэй болсныг хэлсэн бололтой.
Би компаниас дэвшүүлж тавьсан шинэ зорилго, стратегийн талаар сонссон эсэхийг лавлаад, товч тайлбарлаж өгөв. Ингээд энэхүү шинэ зорилго, стратегид ямар хувь нэмэр оруулж чадах вэ? гэж асуулаа. Хэрэв хувь нэмэр оруулж чадахаар бол хэд хэдэн хэлтсүүд захиралгүй байгааг хэлэв. Гэтэл өөдөөс “би энэ компанид олон жил ажилласан тул миний хэн бэ?, ямар чухал хүн бэ? гэдгийг компани маань мэдэх байх гэж итгэж байна” хэмээн эгдүүцэх маягтай хариулав.
Аливаа компани, байгууллагад зөвхөн түүхээр амь зогоодог, дурсамж ярьдаг боловч насны хувьд залуу хүмүүс маш их байдаг. “Өмнө нь олон жил үнэнч ажилласан”, “хамт олонтойгоо баяр, жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсэн”, “анх байгуулагдсанаас нь хойш байсан” гэх мэт гэр бүл, төрөл садангийн холбоо яриад байгаа юм уу? эсвэл бизнесийн харилцаа яриад байгаа юу? гэдгээ ойлгохоо байсан хүмүүс олон тааралддаг.
Миний жишээнд дурдагдсан хүний сэтгэл зүйн хувьд түүнд компанийн ирээдүй төдийлэн сонирхолтой биш. Харин ахмад дайчных нь хувиар компани насны хувьд залуухан түүнийг нуруундаа үүрч, үлдсэн амьдралыг нь тэжээх үүрэгтэй ажээ.
Би тэр хүнд “Таны компанид оруулсан хувь нэмрийг би шинээр ирсэн учир мэдэхгүй. Хэрэв та өмнө нь оруулсан хувь нэмэртээ таарах шагнал, цалин аваагүй гэж бодож байгаа бол асуудлаа зохих газарт нь тавьж болно. Надад харин компанийн ирээдүйг бүтээх, компанид өнөөдөр хувь нэмэр оруулах хүмүүсийг хэлтсийн захирлаар тавих шаардлага байна” гэж учирлан хэлсэн билээ.
Нүүдэлчин ахуйтай байсан бидний хувьд багаар ажиллах, байгууллагад хувь нэмрээ оруулах тухай асуудлууд нь нэн шинэ тул хараахан соёл болж төлөвшиж чадаагүй байна.
Өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл сууснаараа компани өөрт нь өртэй боллоо, компанийг гийгүүллээ гэж төсөөлөх, 5 жил ажилласныгаа маш их хувь нэмэр оруулсан мэт бодох гэх зэрэг төөрөгдлүүд маш түгээмэл байна.
Миний хувьд аливаа байгууллагад 4 жилээс удаан хугацаагаар ажиллаж үзээгүй юм байна. Гэхдээ эдгээр 4 жилүүдээ дүгнэж үзэхэд өөрийн зохих хувь нэмэр, ул мөрийг тухайн байгууллагад үлдээгээд явсан байдаг. Тэр хувь нэмэр нь аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангуудад нь тоогоор баримтжаж түүхжсэн байдаг билээ. Миний ажилласан хугацаа дандаа богино байсан тул аль ч компанийг би надад өртэй гэж боддоггүй.
Залуус та бүгд ажиллаж байгаа байгууллагынхаа ирээдүйг нь бүтээгч, хувь нэмэр оруулагч нь байхыг зорьж ажиллаж чадвал заавал амжилтад хүрэх болно.
Ө.Ганзориг