Доржпаламын Эрдэнэцогт: НҮҮДЭЛЧИД
Бидний нүүдэлчний соёл иргэншил нь Монгол улс өнө мөнхөд туурга тусгаар оршин тогтнохын үндэс суурь төдийгүй хүн төрөлхтөний шуналыг хазаарлан тогтоож, тэднийг бас сүйрлээс аврах асар гүнзгий гүн ухаан юм. Социализмийн үед манай гэр аав ээжийн бүх ачаа бараа хөрөнгө зоорь таван тэмээнд багтаж, таван хошуу мал нь 75-ын тоонд /үүнээс бог мал-50, бод мал-25/ багтдаг байв.
Илүү гарсан новшийг ачааны нэмэр, илүү толгой малыг даахгүй нохойд булуу хурааж яах юм бэ хэмээн аав ээж маань уурлаж уцаарлаж нэг нүдээр үздэггүй байв. Харин зах зээлийн өнөө үед аавын голомтыг нутагт сахин үлдсэн миний дүү хэдийгээр Улсын аварга малчин ч гэлээ мянгаас илүү мал, таван ханатаас илүү хөрөнгийг мөн ийм л сэтгэхүйгээр тас цавчдаг болж.
Мэдээж хүмүүсийн хүсэл мөрөөдөл, өдөр тутмын амьдрал маш олон зүйл шаарддаг ч, бид нүүдэлчин ахуйдаа баригдаж бидний аливаа хүсэл шунал дээд цэг хэмжээ хязгаартай байдаг. Тухайлбал, ээж маань галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, аав маань араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан нь үүний нэг өчүүхэн жишээ юм.
Харин хүн төрөлхтөн жаран тэмээ ачаа хөрөнгө төдийгүй хичнээн ч хаус, алт эрдэнэс адуу мал эд хөрөнгөтэй байлаа ч улам илүү баяжихыг хүссэн хязгааргүй шуналын тулам, гаж сэтгэхүйгээс хэрхэн салахаа хайгаад олохоо байсан энэ үед дэлхийн эрдэмтэд үүнээс гарах гарцыг хоттой малнаас нь эхлээд хүсэл мөрөөдөл эд хөрөнгө бүх юм нь хэмжээ хязгаартай байдаг нүүдэлчин монгол айлаас л олж харжээ.
Үүгээр ч зогсохгүй нүүдэлчин монгол хүүхдүүд бухан дээр бух биш, харин үнээн дээр бух харайдаг гэдгийг хар багаасаа л харж ойлгож сэтгэдэг учраас өнөөгийн дэлхий нийтийн тулгамдаад байгаа ижил хүйстэн буюу LGBT-ын асуудал ч тэдний дунд байдаггүйг мөн л нүүдэлчин ахуйгаас олж харж.
Хэрвээ бид таван тэмээгээ хомнож ачаагаа татаж айргаа исгэж байгаль цаг уурынхаа хатуу ширүүн уур амьсгалаар нэг газраас нөгөөд өдөр сараар нүүдэллэн амьдардаг нүүдлийн соёл иргэншилээ умартаж Дундад Азийн улс түмнүүд шиг устгаад музейд тавьчихаад, дэлхийн шунал сэтгэхүйд автагдан зуслан өвөлжөө болгондоо халуун хүйтэн ус хэдэн давхар хаустай, өөрийн эзэмшлийн тариа ногоо тарьсан эдлэн хэдэн зуун га газартай, хэдэн зуун мянган малтай, тэднийгээ хашаад химийн бордоо тариагаар тултал нь бордож, ашиг орлогоо жилээс жилд улам арвижуулах шуналтай болоод тансаглаад суурин амьдралд шилжээд ирэхийн цагт орос хятадын жирийн иргэдээс өгсүүлээд гадны ямарч хүн орж ирээд ийм суурин ахуйгаар төвөггүй амьдраад эхлэх нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулж химийн бордоогоор бордсон мах хүнс нь монгол хүний генетикийн бүтцийг өөрчилж эхлэнэ.
Зуугаад жилийн өмнө Орхон Сэлэнгэ хавиар нүүдлийн соёл иргэншлээ устгаад хятад оросууд их хэмжээгээр ирж суурьшиж аймгийнхаа хэмжээнд долоохон тэмээтэй үлдэж байсан гэх гашуун түүх явган яриа ч бий. Тиймээс монголчуудаас бусад хүмүүс дасан зохицоод амьдрах нь бүү хэл толгойд нь орж төсөөлж чаддаггүй нүүдэлчдийн соёл иргэншил, түүндээ захирагдсан хүсэл сэтгэхүйн хэмжээ хязгаараа хэдий чинээ удаан хадгална, энэ нь төдий хирээр бид туурга тусгаар оршин тогтнож чадах үндэс болно.
Дэлхийн 1, 2-р дайныг хэнээс ч хамааралгүй нүүдэлчид бид маш бага хохиролтойгоор давж гарсан бөгөөд өнөө үед ч ямар нэгэн гамшиг аюулт үзэгдэл ган зуд газар хөдлөл сүйрэл дэлхий нийтийг хамарсан дайн дажин санхүү эдийн засгийн хямрал болоход гэрийн хэдэн унь толгой дээр унасан шигээ, хоттой хэдэн малнаасаа алж идсэн шигээ, аргал хомоолоо түүж галаа өрдсөн шигээ хамгийн бага хохиролтойгоор өнгөрөөх боломж бий. Өнөөгийн улс үндэстэнүүдийн шохоорхоод байгаа Европын холбоо нь үндэстэнүүдийн цоо шинэ нэгдсэн холбоог бий болгож байгаа ч тэнд Эстон Чех Бельги гэх мэт гишүүн орнуудынх нь соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал гэх мэт зүйл үгүй болж, тусгаар тогтнолоо эдгээр үндэстэнгүүд бүгд европын нэгдсэн ашиг сонирхол, европын соёл иргэншил нэрийн дор тавиад туучихаж байгаа юм.
200-аад жилийн өмнө дэлхийн гүрнүүд хүчээр дэлхийг 6-7 империйн колончлолд хуваан авч байсан бол 20-р зуунд тэдгээр нь муу нэртэй ч коммунизмийн ачаар 200-улс болон задарсан ч 21 зуунд эргээд “сайн дурын үндсэн дээр” түүх соёл иргэншлээрээ эвлэлдэн нэгдэж холбоо байгуулж байгаа нь шинэ колончлолын тод жишээ юм. Цаашид иймэрхүү маягаар дэлхийн бусад улсууд хоорондоо нийтлэг соёл иргэншилээрээ нэгдээд янз бүрийн холбоо байгуулсан ч биднээс өөр хэн ч амьдарч чадахааргүй дэлхийд ганц нүүдэлчдийн соёл иргэншилээ бид хайрлан хамгаалж өвлөж уламжилж хадгалж чадваас үеийн үед туурга тусгаар байж чадах бөгөөд үүнд бидний соёл иргэншлийг нааштайгаар дэмждэг НҮБ болон бусад олон улсын хүчин чармайлтыг ч овжин ашиглах нь зүйтэй.
Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй соёл иргэншил учраас наад зах нь хотын та бид ядаж хүүхдүүдээ хөдөө эмээ өвөө ах дүү хамаатан садан руу нь үе үе илгээж нүүдэлчдийн соёл иргэншил сэтгэхүйгээр суралцуулах төдийгүй нар салхи агаар сүү цагаан идээ монгол ахуйд зуны 3 сар тэднийгээ байлгахад насаараа хаанаас ч хайгаад олохооргүй нүүдэлчин монгол хүний бие сэтгэлийн дархлаатай болгоно гэсэн үг.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт