Ц.Элбэгдорж: Айн айцгаана уу?
Айн айцгаана уу! Сайн байцгаана уу гэх Монгол мэндчилгээнээс үг бүрийн өмнөх эхний гийгүүлэгч “С.б” хоёрыг хасахад ийм үг үүсэж байна. Монголын сайн-айн, байцгаана уу гэдэг нь айцгаана уу-г агуулж байдаг аж. Сайн цагийн мэндчилгээнд муу цагийн мэндчилгээ нуугдсан мэт. “Сайн байцгаана уу – Айн айцгаана уу”.
Сонгууль ойртоход Монгол хүн айдаг болж. Яах бол, хэн гараад ирэх бол, юу хийх бол гэж. Уг нь сонгуулийг социалист дэглэмийн үед, ардчиллын жилүүдэд ч баяр ёслол шахуу түвшинд авч үздэг, тэгж зохион байгуулдаг. Наад зах нь шинэ итгэл, хүлээлтээр угтдаг байсан юм.
Асуудлын гол ямар нэг сонгуульд биш хэн эрх авахад оршиж байна. Ард түмэн эрхээ хэрэгжүүлээд явах уу? Хэдэн хүн эсвэл нэг этгээд эрхийг нь аваад яваад өгөх үү? Уг нь эрх авсан хэн ч бай ард түмэнд эрхийг нь буцааж өгөх ёстой. “Буцааж өгөх”. Энд ирээд л бидний сонгож авсан зам гажигтаж эхэлдэг нь харагдаж байна. Авах арга нь улам нарийсаад, өгөх ухаан нь улам хаагдаад, авахдаа хурдан, өгөхдөө хөшүүн. Авахаа мэдээд, өгөхөө мартаад байна.
Сонгогдсон албан тушаалтан ард түмний оролцоог дэмжих, иргэний улс төрийн болон мэдэх эрхийг нь хангах ажил хаягдлаа. Олон түмний хяналтыг нэмэгдүүлэх, шилэн ил тод байдлыг бэхжүүлэх ажил ч зогсов. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох, иргэдээ эрхжүүлэх, хүчжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсангүй. Гарсныг нь харин баллуурдсаар байна.
Тэгэхээр сонгууль гэдэг бол сүүлийн үед ард түмэнд эрх өгөх үйл явцыг эхлүүлдэг биш ард түмнээс эрх авах асуудлыг эцэслэн шийддэг арга хэмжээ болж манайд хувирлаа. Төрийн эрх ард түмний мэдэлд биш, төрийн эрх албан тушаалтны мэдэлд байдаг мөн чанар бодит байдал болчихлоо. Өгөх шийдэх, итгэл төрүүлэх биш, булаах шийтгэх буруутгах харлуулах руу нийгэм бүхэлдээ орохоор ард иргэд айж балмагдахаас өөр яахав. Хүмүүс сонгууль, сонголт хийх эрхээсээ хүртэл айж, шийтгэл мэт хандах боллоо.
Иймээс ирэх, 2020 оны УИХ-ын гишүүдийг сонгох сонгуулийг ард түмэн эрхээ алдах сонгууль биш, ард түмэн эрхээ эргүүлж авах сонгууль болгох хэрэгтэй байна. Үүнд л ардчиллын, ардчилсан сонгуулийн утга учир оршдог. Ирэх сонгуулийг “Айн айцгаана уу” сонгууль биш “Сайн байцгаана уу” сонгууль болгох хэрэгтэй байна.
Ингэхийн тулд сонгогч түмэн УИХ-ын гишүүний суудал горилогчдоос амлалт хүлээж суух биш харин тэднээс ам асууж, хийж чадах эсэхээр нь ам өчгийг нь авч, баримтжуулж үлдэх нь чухал. Ерөөс сонгогч хүн нэгдүгээрт өөрийгөө, хоёрт гэр бүл эргэн тойрноо, гуравт нийтлэг эрх ашгаа бодож сонголт хийх цаг ирлээ. Чамайг сонгох нь надад, хувь хүнд, миний эрх, эрх чөлөөнд ямар ашигтай юм, миний ажиллаж амьдарч байгаа орчин, эргэн тойронд ямар ашигтай юм, бүр томоор бодвол улс оронд ямар ашигтай юм гэсэн шалгуур тавих.
Одоо ингээд иргэн хүн Та эрхээ хадгалахын тулд ирж байгаа нэр дэвшигчээс дараах зүйлийг шаардмаар байна.
Нэг: Иргэн хүний хувьд мэдэх эрхээ шаардмаар байна. Мэдээлэлгүй бол эрхгүй. Эрхгүй бол чадамжгүй. Иймээс таны эрх бүрийн эхний эрх бол “Мэдэх эрх юм”.
-Иргэний мэдэх эрхийн хууль-ийг баталж хэрэгжүүлэх. Иргэд төрийн эрхтэн дархатнаа цаг тутам юу хийж явааг нь мэдэх эрхээр хангагдах хууль. Иргэд сонгогчдынхоо төлөө тэд яаж ажиллаж байгааг үргэлж мэдэж байх эрхээ эдэлнэ гэсэн үг. Манай төрийн эрхэм түшмэд өөрсдийгөө ард түмнийхээ төлөө “чөмгөө дундартал зүтгэж байгаа”-гаа ярьдаг. Гэтэл түүнийг нь яаж харах. Яаж мэдэх вэ? Одоо бол Монгол хүнд ийм боломж алга. Шууд санаагаа жишээгээр ойлгуулах гээд оролдъё.
Энэ бол их энгийн. Би ойрхноос Япон улсын Ерөнхий сайдаас жишээ авъя. Өмнөх өдөр хийсэн ажил нь цагтай, минуттайгаа дараа өдрийн өдөр тутмын сонинд гардаг. Албаных нь вэбсайтад тавигддаг. Энэ бол зөвхөн Японд ч биш иргэд нь эрхээ бодитоор эдэлдэг зарим тивийн орнуудад ч энгийн үзэгдэл юм билээ. Мэргэн ард өөрөө эс мэдэх биш. Жишээгээ бичилт, хуваарьт буулгаж харуулъя. Тухайлбал:
Манайд ийм мэдээлэл гарах байтугай, ойрхноор нь дээд 3 даргаа заримдаа бүтэн долоо хоног юу хийснийг Та мэдэхгүй өнгөрдөг. Ямар ч мэдээлэлгүй, гадаад оронд хүртэл зорчоод, хонож өнжөөд ирсэн байдаг. Хэдэн орой өдөр, хаана юу хийж явсан нь бүү мэд. Бүр хэнтэй уулзаж, юу ярьж, юу амжуулж яваа нь тас харанхуй. Хааяа нэг гарч ирж мэдэгдэл хийнэ. Хурал хуралдуулна. Айж цочмоор самраа үзүүлнэ. Эрх баригчид нуух дарах тусам, эрх чөлөөг сэргээн босгох үнэ цэнэ нэмэгдэж байдаг. Тиймээс тэдний ажлыг хуулиар ил болгож, иргэд тэднийг юу хийж явдгийг мэдэж байх цаг болсон. Иргэд ийм бүрэн эрхтэй.
1.Ийм мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга хуулинд заасны дагуу үнэн зөв гаргаж албаны вэбсайт, аль нэг гэрээт хэвлэлд өдөр тутам мэдээлж байх.
2. Ажлын өдрийг минутын нарийвчлалтай, амралтын өдрийнхийг цагийн нарийвчлалтай, ээлжийн амралтыг хоногийн нарийвчлалтай гаргаж байх.
3.Энэ хуулийг УИХ-ын болон Засгийн Газрын гишүүд улмаар, бүх шатны засаг дарга нарт мөрдүүлж хэвшүүлэх.
4.Хэрэв дээрхи хуулийг зөрчсөн бол, мэдээллийн бодит үнэн тогтоогдохгүй бол тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хуулинд заасан журам нөхцөлийн дагуу хэлэлцдэг байх.
5.Уг хуулийн хэрэгжилтэд иргэд сонгогчид, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага хяналт тавих, хууль зөрчсөн бол мэдээлэх, албан тушаалтнаас хариуцлага шаардах эрхтэй байх.
Ийм энгийн хуультай болбол Та эрх баригчдаа хянадаг, хардаг болно. Тэдний хаана, юу хийж явааг мэддэг болно. Бас тэднээр хэзээ, юу хийлгэхээ шаардах боломжтой болно. Ингэж гэмээ нь иргэн Та эрх мэдлээ эдэлнэ гэсэн үг. Та төрийнхөө эзэн болно гэсэн үг. Та мэдэх эрхээ хуулиар олж авч чадвал Та эрхэндээ эзэн байж чадна. Танд энэ эрхээ хэрэгжүүлэхэд бас сөрөг хүчин, олон нийт тусална. Тэд эзэн Танд эрх баригчдын буруу, хууль бус үйлдлийн талаар “алтан хошуу” өргөсөөр байх болно. Ингэж Таны мэдэх эрх амилна, ажиллана.
Та эрх баригчдыг юу хийж явааг цаг, өдөр тутам мэдэж байхгүй бол тэд Таны төлөө юу ч хийхгүй. Дээр нь Шилэн дансны хуульдаа нэмэлт оруулж иргэдийн хяналт оролцоо, мөн хариуцлага тооцох хэлбэрийг улам тодотгох хэрэгтэй. Сонсголын хуулийг төгөлдөржүүлж, жинхэнэ утгаар нь амилуулах шаардлагатай. Ингэвэл улс төрийг чадах нь сонгодог хийдэг, чадахгүй нь улс төрөөс хол байдаг болно.
Ардчилсан, ардчилаагүй ямар ч хэлбэрийн сонгуулийн дараа сонгогчид гэртээ үлдэж, сонгогдсон хүмүүс ордон руу очих нь хөдөлшгүй үнэн. Энэ тохиолдолд Та яаж төрийн эрхээ гартаа барьж үлдэх вэ? Сонгогч Та сонгогдсон хүмүүст, тэднийг сонгодог эрхээ яаж үргэлж мэдрүүлэх вэ! Сонгогдсон этгээдийг хэзээ, юу хийж байгааг Та мэддэг болох ёстой. Таны төлөө тэд ажилладаг болох ёстой. Тэгвэл сонгогч Танд Монгол төрийн эрх хадгалагдана. Мэдэх эрх л ард түмэнд төрийнхөө жинхэнэ эзэн байх боломжийг олгодог.
Хоёр: Дараагийн ам өчиг авах асуудлыг би ийм өргөн дэлгэр бичихээс түдгэлзье. Юу таны болон улс орны амьдралд хэрэгтэй болохыг Та өөрөө сайн мэдэж байгаа. Гэхдээ улс төрийн хүрээнд хуулиар өөрчлөх шаардлагатай зайлшгүй зарим нэг асуудал байна.
1.Улс төрийн нам. Намыг өөрчлөөгүй цагт Монголын улс төрийн дампуу байдал дуусахгүй. Улс төрийн нам хэм хэмжээ тогтоодог, дүрэм журмаа өөрөө баталдгийг юуны өмнө хуулиар хориглох хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн татвар хэд байхыг хуулиар тогтоодог. Харин татвараа хэрхэн төлөх дүрэм журмыг Засгийн газар шийддэг. Гарын авлагыг Татварын агентлаг гаргадаг. Үүнтэй адил намын хуулийг УИХ, дүрэм журмыг нь Сонгуулийн Ерөнхий Хороо баталж мөрдүүлдэг байх хэрэгтэй. Тэгвэл улс төрийн нам онцгой, ноёрхогч суудлаасаа бууна. “Бүх байгууллага ижил эрхтэй, улс төрийн нам илүү эрхтэй” байдгийг зогсоож, засах хэрэгтэй. Улс төрийн намын зохион байгуулалт, шийдвэр гаргалт, хурал зөвлөгөөн, хариуцлага хяналт, татвар шимтгэл, гишүүнчлэл сонгууль… гээд бусад бүх асуудлыг нь гишүүдийнх нь оролцоотойгоор, дижитал аргаар, ил тод шилэн байдлаар шийддэг болж болно. Харин Улс төрийн намын тухай хуулинд УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойшхи эхний жилийн дотор л өөрчлөлт, нэмэлт хийдэг, бусад хугацаанд тэр хуулиар оролдохгүй байх зарчмыг хатуу мөрдөх хэрэгтэй. Энэ байдал манай улс төрийн салбарыг зөв, тодорхой, мэргэжлийн болоход эерэг нөлөө үзүүлнэ.
2.Иргэний улс төрийн эрх гэдэг ойлголт өргөн утгаараа Монголд хуулиар байхгүй, хэрэгжих, хэрэгжүүлэх арга механизмгүй явсаар ирлээ. Хуулийн төсөл нь бэлэн байгаа. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийг баталж мөрдөх явдал бол иргэний бусад бүх эрхийг хэрэгжүүлэх үүд хаалгыг бүрэн утгаар нь нээнэ гэсэн үг.
3.Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хууль Монголд хэрэгтэй. Энд албан тушаалтанд хориглох зүйлүүд болон түүнээс үүдэх үр дагаврыг тооцсон хариуцлагыг улам тодруулах асуудал бий. Хамгийн гол нь иргэд, олон нийтийн эрх оролцоо, хяналтыг бодитоор заавал бий болгох ёстой.
Наад зах нь улс төрийн түвшинд дээрхи гурван асуудлыг эхлээд шийдэж чадвал манай сонгууль иргэн хүний хувьд “сонго – уйл” байхаас ангижирч, Монгол түмний ардчилсан сонголт утга агуулгатай болно.
Сонгууль дууссаны дараа хэн ялагч байх вэ? Ард түмэн ялагч байх уу? Нэр дэвшигч ялагч байх уу? Сонгогч Та эрхээ хуулиар эргүүлж авч чадахгүй бол, наад зах нь нэр дэвшигчээс тийм амлалт авч үлдэж чадахгүй бол сонгуульд ард түмэн хэзээ ч ялахгүй. Засгийн эрх ард түмний мэдэлд биш, албан тушаалтны мэдэлд байсаар байх болно. Сонгууль бол сонгогч эрхээ бусдад алдахын нэр биш. Эрхээ эргүүлж олж авахын нэр.
Сонгогдох гэж байгаа хүн болон намаас ам өчиг авах дараагийн чухал ажил бас байна. Энэ бол улс төрөөс гадна иргэн Таны ойр тойрныхоо асуудлыг шийдэх төсөв мөнгөний эрхийн тухай юм. Хэрэв Та ийм эрхгүй бол зүгээр, хоосон ярьдаг бухимддаг хүн хэвээр хоцорно. Албан тушаалтнууд Таны төлж хуримтлуулсан мөнгө төсвийг хуваадаг, хяналтгүй, дураараа дургидаг байдал үргэлжилсээр байх болно.
1.Орон нутгийн хөгжлийн сан. Газар нутгийн алслал, иргэдийн тоог харгалзан санд мөнгө төвлөрдөг. Түүнийг юунд яаж зарцуулах эрхийг Та эдэлдэг. Тийм эрхгүй бол эрхэм сонгогч Таны эрх агуулгагүй болно. Уг нь сонгогч Та энэ эрхээ эдлээд, хэрэгжүүлээд үзсэн. Түүнийг улам боловсронгуй болгож, байгаа суугаа газартаа өнгөтэй өөдтэй, ажилтай орлоготой, эрхтэй оролцоотой амьдрах боломж иргэн Танд байгаа.
2.Монгол улс улс гэрээ өөд нь татъя, төрийн үрэлгэн данхар байдлыг цэглэе гэвэл төсвөө алдагдалгүй батлах ёстой. Төсөв алдагдалтай гарвал Сангийн сайд улмаар Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг болох ёстой.
3.Монгол улсын зээлжих зэрэглэл буурвал Монгол банктай, Засгийн газартай хариуцлага ярьдаг, өсвөл улам итгэл хүлээлгэдэг байх хэрэгтэй. Ингэвэл Монголд эдийн засаг, бизнес, аж ахуйн нэгжүүд нар харна. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Эдийн засгийн бие даасан байдал бэхжинэ.
4. Манайд иргэн хүний “өмчийн эрх”-ийн байдал хүйтэн дайны үеэс дээрдсэн юм алга. Ийм байвал иргэний өмч хөрөнгөтэй байх, улс үндэснийхээ хөгжил дэвшлийг тодорхойлогч байх утга учир алдагдаж, нийгмийн харилцаанд хууль ёсоор оролцох эрхийн доройтол нь үргэлжилсээр байна. Иргэндээ, хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжих гэвэл Өмчийн эрхийн хууль, зохицуулалт Монгол улсад зайлшгүй хэрэгтэй.
5. Монгол улс ардчилсан сонгуулийнхаа явцад гарсан эмгэнэлт үйл явдлаас авах сургамжаа авсан. Хууль тогтоомжоо 2 зүйл дээр өөрчилсөн. 1. Бэлэн мөнгөнд тулгуурласан амлалтыг хуулиар хориглосон. Улс орны эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогод нөлөөлөх амлалтыг хязгаарлаж, босго, шалгууртай болгож Аудит хянадаг, шалгадаг байхаар хуульчилсан. 2. Сонгуулийн санал өгөх, санал авах, тоолох системийг шинэчилсэн. Гашуун сургамждаа суурилсан энэхүү ахиц дэвшлээсээ бид ухрах ёсгүй. Харин хууль тогтоомжоо улам сайжруулж, хөндлөнгийн нөлөөлөл орсон байж болзошгүй, хуучирч хоцрогдсон техникийн шийдлээ боловсронгуй, хяналттай болгох асуудал зайлшгүй гарч ирж байна.
6. Монгол улсын эдийн засгийн чадавхыг тэлэх нэмэгдүүлэх боломж бололцоог тодорхой санаа зорилгоор тасалдуулах, бусдад давуу байдал бий болгох, улс орны нийтлэг, хөгжлийн эрх ашигт хохирол учруулсан үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоодог, хариуцлага тооцдог, үндэсний эрх ашгаа хамгаалж чаддаг эрх зүйн чадамжтай улс орон болох хэрэгтэй. Монгол улсад хууль эрх зүйн ийм зохицуулалт үгүйлэгдсээр байна.
7.Техникийн дэвшил, дижиталчлал, Монгол хүний шинийг бүтээх боломж чадварыг улс орны хөгжил дэвшлийн үндсэн эх сурвалж гэж үзвэл зохино. Дижиталчлалын асуудал хариуцсан бүтэц бий болгож, Монгол улс “Digital Nation” – Дижитал Үндэстэн Эвсэлд нэгдэн орох хэрэгтэй.
8. Давхар бүртгэлийн хуультай болох. Иргэн бүрдээ нэг газраа байнга оршин суух, гурав хүртэл засаг захиргааны нэгжид давхар бүртгэлтэй байх эрхийг нээж өгөх. Энэ харилцааг хуульчилж, тодорхой төлөвлөлт зохицуулалтыг хийх. Монгол улс дэлхийн бусад улс орнуудаас нэг боломжоороо онцгойрдог. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд толгой цохидог. Нэг үгээр хэлбэл Монгол хүн л хамгийн том газар нутагт сэлгэж амьдрах боломжоор бусдаас илүү гэсэн үг. Нөгөө талаас нь хэлбэл манай сум, баг бүр байнга оршин суугч нэг иргэнийхээ ард гурав хүртэл хүний давхар бүртгэлтэй байж болно гэсэн үг. Энэ хүмүүс шаардлага гарвал түр боловч очоод суух хаягтай, газартай, нэгжтэй болно. Мөн бүртгэлтэй газар орондоо тусалдаг дэмждэг, тал талын тустай байж болно. Аюулгүй, баталгаатай амьдрал юу юунаас чухал болж байгааг иргэддээ ойлгуулж, Монгол улс давуу байдлаа хүндээ тустай маягаар зохион байгуулах цаг болжээ.
Ардчилал бол ард түмэн эрхээ алдахын нэр биш юм. Харин тэр эрхээ хадгалах, хэрэгжүүлэх тухай тогтолцоо юм. Сонгууль бол төрийн эрхийг ард түмэн хадгалж, хэрэгжүүлж байгааг илэрхийлэх бодит үйл явц юм. Харин манай сонгууль энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ? Энэ асуултад бид хариулж чадахгүй бол бидний ардчилсан гэх сонгууль утгаа алдсан гэсэн үг. Учир нь утгагүй ийм сонгуулийн үр дүн, сонгууль явагдахаас өмнө тодорхой болдогт оршдог. Сонгууль хийснээр ард түмэн эрхээ алдана. Сонгогдсон этгээдүүд дуртайгаа хийх эрхтэй болно. Бидний үнэн дүр төрх ийм л болчихоод байна.
Гэтэл эрх гэдэг бол хуулиар баталгаажсан тодорхой харилцаа юм. Манайд иргэний сонгох, сонгогдох эрх хуулиар баталгаажсан боловч, иргэний бараг бусад бүх эрх хуулиар бүрэн баталгаажаагүй хэвээр байна. Улс төрчид өөрсдийн эрхээ эдлэхэд уургын морь адил байж, харин иргэний эрхийг эдлүүлэхэд хашин хойрго явж ирсэн нь нууц биш. Иргэний мэдэх эрх, өмчийн эрх, улс төрийн эрх, аюулгүй амьдрах эрх, албан тушаалтнаас хариуцлага нэхэх эрх гээд эдгээр суурь эрхийн тухай бие даасан хууль байтугай нэгдмэл ойлголт ч одоо болтол манай нийгэмд алга байна.
Энэ хүртэл би сонгогчид болон иргэдийн өмнөөс бичлээ. Одоо сонгуульд оролцох гэж байгаа нам эвсэл, нэр дэвшигчдэд хандаж нэг юм хэлье. Сонгуулийн амлалтдаа миний дээр бичсэнээс оруулах эс оруулах нь Та бүхний асуудал. Чи үүнийг хийхгүй бол хэн нэг хийх хүн гарч ирж таараа. Харин “Төр татвар дарамт нэмэхгүй. Ёс зүй, хариуцлага шаардаж, хуулийг тэгш хэрэгжүүлж ил тод, нээлттэй, хяналттай ажиллана. Төрийн эрхийг танаж, хүний эрхийг баталгаажуулна. Хүндрэл, асуудал их гарна. Бүгдээрээ их ажиллах, зүтгэх хэрэгтэй болно” гэж хэлэхээ битгий мартаарай.
Бид одоогийн байдлаар ард түмэн нь айдаг, эрх баригчид нь харагддаг төдий л улс болж хувирлаа. Сонгуулиар эрх авдаг биш. Сонгуулиар эрхээ бусдад алддаг улс боллоо. Сонгууль ч сонгууль биш болох тийшээ орлоо. Одоо яах вэ? Иргэн хүн эрхийнхээ хойноос явах, түүнийгээ баталгаажуулах, уг ажлыг тасралтгүй хийх л гарц байна. Миний дээр хэлсэн шаардах, хэрэгжүүлэх, зайлшгүй ам авах ажлууд бол шилжилтийн шинжтэй, цаг нь болсон зүйлүүд. Харин дижитал эриний улс төр, иргэний эрх, сонгууль бол шал ондоо зүйл.
2020 оны 4 дүгээр сар
Ц.Элбэгдорж