Доржпаламын Эрдэнэцогт: ЗӨВ ХҮН
Зөв хүн гэж ерөнхийдөө зүрх нь хүмүүнлэг нэгнийг хэлэх бөгөөд дээрээс нь тархи нь оюунлаг тахим нь булчинлаг үг нь цэцэн үйлс нь ариун болвоос ёстой түүний есөн шинж нь бүрдлээ гэсэн үг. Зөв хүн арилжаа наймаа аз хийморь албан тушаал алдар цол гээд аар шаархан зүйлээ аргалуулах гэж явдаггүй тэртээ тэргүй Тэнгэр түүнийг мэдэж тэвэрч явдаг болохоор тэрээр харин өрх гэр ураг омог улс үндэстэнийхээ хувь заяаны төлөө газар тэнгэрийн хооронд зуучлагч зарим тохиолдолд золиос ч болж байдаг. Цагтаа Тэнгэр Бурхан Тэмүжин хүүгийн зүс царайг бус зүрх сэтгэлийг нь тольдон байж газар дээр гавьяа шагналыг олгож өрнө дорныг тэнцвэржүүлэх өөрийн агуу төлөвлөгөөг түүгээр гүйцэлдүүлж байв.
Зөв хүн гэдэг заавал үндэсний лидер өрлөг жанжин байх албагүй, өглөө эртлэн босоод та эхлээд улс үндэстэнээ удирдаж яваа төрийн гурван өндөрлөг, алс газар аян дайнд мордсон монгол цэрэг эрсийнхээ төлөө, цаашлаад улсын хил амгалан тайван, улс эх орон дайн дажин ган зуд гамшиг осолгүй байхын өлзийтэй ерөөлөөр цай сүүнийхээ дээжээс эхлээд чаддаг чаддаг юмандаа чадлынхаа хирээр сүсэглэн залбирваас та уже зөв хүн болжээ, нуур амгалан бол нугас амгалан гэгчээр улс орон амгалан бол айл гэр амар жимэр байхын учир начрыг ухаарчээ та.
Зөв хүн унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа уйлсан нэгнээ аргадаж уруудсан нэгнээ дугтарч ядарсан нэгнийг тэтгэж задарсан нэгнийг зандарч чаддаг нэгэн.
Зөв хүн баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах бөгөөд хайртай өстэй хүмүүсийн хандлага араншин яаж ч өөрчлөгдсөн байгаагаараа л байдаг, тэр өөрөө тэнгэрийн умдаг атгалаа ч цаг ямагт хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч хэвээрээ л байж чаддаг нэгэн.
Зөв хүнийг үг яриа үйл хэрэг үр жимсээр нь таньж мэдэх боломжтой бөгөөд удахгүй болох Улсын их хурлаас эхлээд Улаанбаатар хот, аймаг сум баг хорооны засаг төрдөө манан байна уу шинэн байна уу хамаагүй хамгийн гол нь зөв хүнээ олж сонгох нь таны ирээдүй хойч болон эх орон ард түмнийхээ хувь заяа хөгжил дэвшилд оруулах нэн тустай зөв үйлдэл болно.
Зөв хүн гээд таны сонгон их хуралдаа илгээх эрхэм хүмүүн маань дөрвөн жил эрх ямбанд умбах биш харин аймаг сумандаа амьдарч атан тэмээ агт морь ч хөлөглөн айл хунараар зогсолтгүй хэсүүчилж ард иргэдийнхээ аливаа тулгамдсан асуудлыг ардын ардчилсан гэж алагчилгүй шулуун шударга шуурхай шийдэж байх өдөр тутмын үндсэн үүрэгтэй төрийн үйлчлэгч түмний зарц гэдгээ хамгийн нэгдүгээрт гүнзгий ухамсарласан байх нь чухал.
Хоёрдугаарт, таныг их хуралд төлөөлөх зөв хүн маань нь авилга оффшорт хэзээч хутгалдаж байгаагүй ардаа ямар нэг бизнес арилжаа наймаа ашиг сонирхолын зөрчилгүй уул толгод ус голоо ухдаггүй хүндээ хүмүүнлэг байгальдаа ээлтэй мал хэл хил зэрэг гадаад дотоод амьдралыг гаргуун сайн мэддэг нэр мөр цэвэр эх оронч хүн байх нь чухал.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.