Судлаачдын үзэж буйгаар шинжлэх ухаан, технологийн салбар дахь жендэрийн ялгаа нь охидын суралцах онцлогтой холбоотой байх магадлалтай
Нэгэн шинэ судалгаагаар, STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгааг тэдний суралцах давуу талтай холбон үзсэн байна. Цөөн тооны охид л STEM салбарт карьераа хөгжүүлдэг нь тэд математикийн хичээлдээ хөвгүүдээс муу байгаадаа биш, харин унших хичээлдээ илүү чадвартай байгаатай холбоотой гэжээ.
Нийт 64 орны 300’000 гаруй 15 настай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хөвгүүд математикийн шалгалтандаа охидоос ялимгүй илүү байсан бол охидууд унших шалгалтанд хөвгүүдээс эрс дээгүүр байр эзэлдэг болохыг тогтоожээ.
Тухайлбал, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын (OECD) олон улсын сурагчдын үнэлгээний судалгаагаар охид, хөвгүүдийн математикийн дүнгийн зөрүү ердөө 10% -тай байсан бол унших шалгалтын зөрүү түүнээс хавь илүү гарсан байна. Энэ ялгаа нь охид илүү хүмүүнлэгтэй холбоотой сэдэв судлах сонирхолтой болж, математиктай холбогдох салбарт суралцах нь багасаж байгааг харуулж байгаа юм.
Судалгааны дүнгээс харахад сурагчдын ямар шийдвэр гаргахаас хамаарч өргөн хүрээний боловсролын зөрүү гарч байсан ба STEM салбарын судалгаанд гарсан жендэрийн зөрүү нь 80 хүртэлх хувьд хүрч магадгүй байна. Парисын Эдийн засгийн сургуулийн эдийн засагч Томас Бреда болон Парис-Дофины их сургуулийн Клотилде Напп нарын бичсэнээр "Математикийн чиглэлээр суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийн жендэрийн зөрүү 80 хувь байгаа ба энэ зөрүүг 15 настай сурагчдын математикийн болон унших чадварын ялгаа тайлбарлаж чадна" гэж бичжээ.
ЮНЕСКО-гийн гаргаснаар 2017 онд дээд боловсролын төвшний STEM оюутнуудын дөнгөж 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан байна.
Түүнчлэн энэхүү шинэ судалгаа нь охидын математикийн чадварын талаарх буруу ойлголтыг арилгахад туслахаас гадна, охидын STEM салбарт суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, тэдэнд ч мөн адил энэ салбарт ажиллах боломжтой гэдгийг ойлгуулах ач холбогдолтой гэж эдийн засагчид үзэж байна. Үүнтэй адилаар, хөвгүүдэд ч унших бичих салбарт суралцахад илүү дэмжлэг болно гэж үзэж байгаагаа хэлжээ.
Гэсэн хэдий ч, STEM салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байгаа нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэх хүмүүс, боловсролын дэмжлэг хомс зэрэг нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгааг онцлон хэлсэн билээ.
Эх сурвалж: UNESCO