Доржпаламын Эрдэнэцогт: УХААРАЛ
Ухаарал гэж аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох ялангуяа буруугаа ойлгох зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм. Ухаан суугаагүй мөлхөө тэнтэр тунтар байхад халуун зуух хярамцагтай тогоо будаа руу уначих вийдээ гэсэндээ аав ээж маань биднийг байнга хойш нь татаж чангааж санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй тавь жар хүрсэн зөнөг биднийг ч харж хандаж явдаг хувь заяа сүнс сүлд хийморь лундаа итгэл үнэмшлийн Тэнгэр нь гал ус гамшиг зовлонд орчих вий дээ гэж аав ээж лугаа адил араас үргэлж татаж чангааж харж хамгаалж явдгийг бид тэр бүр мэддэггүй.
Гурав дөрвөн нас хүрээд ухаан орчихсон бидэнд аав ээж итгэж найдаад Ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг шиг ухаарал суунгуут хэнбугайд ч газар тэнгэр дэхь хувь заяагаа цааш нь өөрөө зураад өөд нь татаад аваад явах бүрэн эрх дарх нь нээлттэй болж эхэлдэг.
Заримдаа гуч дөч хүрсэн ч тэрхүү Тэнгэр заяа нь хүнийг өдөр тутмын идэх талх татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий дээ гэж хайрлаж хамгаалж болгоомжлосондоо тэр. Өөрөөр хэлбэл хүн өнөөдрийн зүрх сэтгэлийн гүнээс урган гарах бодол санаа, хэлээрээ хэлсэн үг, биеэрээ үйлдсэн үйлдлээрээ өөрийнхөө төдийгүй үр хүүхдүүдийнхээ маргаашийнхаа хувь заяаг, удирдагч хүн улс үндэстэнийхээ ирээдүйн хувь заяаг газар тэнгэрт дархалж байдаг.
Цагтаа ядруухан байсан ч хэрвээ бурзайх юм бол тэгж ингэж буяны үйлсэд баруун солгойгүй цацна гэсэн гэгээлэг мөрөөдөлд автагдсан оюутан ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг өнөөдөр дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум $ хөрөнгийнхөө 99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулан тэрхүү гэгээлэг мөрөөдлөө чулуу болгож байгаа нь үүний нэг жишээ.
Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг гаднаас нь алсын зайнаас хараад аав ээжүүд сайн мэдэж байдгийн адил Хүн гэдэг тавхан мэдэрхүйтэй зөнөг амьтны ганцаараа харанхуй өрөөндөө ч гаднах зургаан мөчөөрөө сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил ухаарал гэрэлтүүлж байна уу хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний тэр Тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэдэж байдаг.
Миний авга ах Завханы Алдархааны Чигэстэйн гол Алагын дөрөөлжөөр нутагтай Намсрайжав Наагаагийнх Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой ажилсаг гэгээлэг сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй хортой шартай архи дарс арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв. Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана, хамгийн бага ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатараа эрх чөлөөтэй дураар нь дургуйлна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр.
Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл эд хөрөнгө атгуулахын бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, Тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор үхэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үгүй үрэн таран хийн, бас хэрэг төвөгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн бараа явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд, хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав.
Төд их удалгүй төрсөн эцэг нь тэнгэрт хальсан ч алдаагаа гэмшиж амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал авто машин айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн Тэнгэрийн бороо мэт асгарч байна. Хүн ер нь манай энэ Зоригоо дүү шиг ухаарлыг заавал духаараа цөм цохиж байж ойлгох бус харин Үнэн үг өвгөдийн сургаал аавын захиас ардын ухаанаар үнэ төлбөргүй өлгөөд авах бүрэн боломжтой бөгөөд ухааралд хүн уулын оргил ололт амжилт одон медалийн төлөө үхэн хатан зүтгэх биш өглөө эртлэн босоод өөхөн зовлогоо шуухаас эхлээд нар салхи нойр хоол зан харилцаа ёс зүй гээд өдөр тутмын амьдралын өчүүхэн зөв зүйлээс эхлэхэд л ухаарлын үр жимс аяндаа таны дээрээс аадар бороо шиг асгараад ирэх болно.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт