Доржпаламын Эрдэнэцогт: СОНГУУЛИЙН ӨНГӨ МӨНГӨ
2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын залуучуудын холбооноос Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өрнүүлж хар цагаан жагсаалт гаргахад Цагаан жагсаалтанд орсон Занданшатар Жавхлан нарын гарын таван хуруунд багтахаар өнөөдрийн гайгүй хэдэн л сонгогдож бусад нь будаа болж харин хар жагсаалтанд орсон эрхмүүдээс эсрэгээрээ тавиад нь сонгогдсон нь өнөөгийн энэ яриад байгаа сонгуулийн өнгө мөнгөтэй л холбоотой болов уу.
Тиймээс сонгуульд мөнгөөр нэр дэвшдэг асуудлыг таслан зогсоохгүй бол ирээдүйд их гүрнүүд их хуралд өөрсдийн гар хөл төлөөний хүнээ өрсөлдөж мөнгөөр зодож дэвшүүлсээр байгаад эх орон тусгаар тогтнолыг минь үгүй хийх ч аюултай. Иймэрхүү аюултай үзэгдэл ардын хувьсгалаас өмнөхөн автономит монгол төрөө мөнгөөр устгаж байсан түүхэн баримт үндэсний архивт одоо ч гэсэн хадгалаастай бий.
1919 онд монголын автономит төрийг устгаж Дундад Иргэн Улсад нэгтгэсний төлөө Ерөнхий сайд Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр монголын толгой 138 ноёд, том лам, хутагт нарт нийт 354 мянган лан мөнгө олгохоор заажээ.
Үүнд дургүйцсэн ард түмэн ямартаа Богц богц мөнгөөрөө Богдыгоо худалдсан сайдууд гуай! Уут уут мөнгөөрөө Улсаа худалдсан сайдууд гуай! Дэнс дэнс мөнгөөрөө Дэлхийгээ худалдсан сайдууд гуай! хэмээн ардын дуу зохион дуулсаар гашуун түүхийг нь өнөөг хүртэл бидэнд сануулсаар иржээ.
Сонгууль нь хуулинд заасан иргэдийн сайн дурын хандиваар явагдаж үр дүн нь сонгогчдын итгэл дээр суурилахаас биш өнгө мөнгө өс хонзон өчүүхэн бичиг баримтын зөрчил дутагдлаас болж эрх чөлөөт иргэний сонгогдох сонгох эрхийг хааж боох хориотойг Даян дэлхийн хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч заасан байдаг.
Тиймээс сонгуулийн өдөр сул чөлөөтэй гадуур явж байгаа хэнбугай нь ч банкинд өртэй байсан ч бага залуудаа алдаж онож байсан ч дөрвөн жилд ганцхан өдөр Үндсэн хуулиар олгогддог үндсэн эрх болох сонгох сонгогдох эрхээ иргэн бүр Энхбаяраас эхлээд эдлэх ёстой.
Сонгогдсон УИХ-ын гишүүн нь дөрвөн жил эрх ямбанд умбах биш харин аймаг сумандаа амьдарч атан тэмээ агт морь ч хөлөглөн айл хунараар зогсолтгүй хэсүүчилж ард иргэдийнхээ аливаа тулгамдсан асуудлыг ардын ардчилсан гэж алагчилгүй шулуун шударга шуурхай шийдэж байх өдөр тутмын үндсэн үүрэгтэй төрийн үйлчлэгч түмний зарц гэдгээ хамгийн нэгдүгээрт гүнзгий ухамсарласан байх ёстой.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн нь авилга оффшорт хэзээч хутгалдаж байгаагүй ардаа ямар нэг бизнес арилжаа наймаа ашиг сонирхолын зөрчилгүй уул толгод ус голоо ухдаггүй хүндээ хүмүүнлэг байгальдаа ээлтэй мал хэл хил зэрэг гадаад дотоод амьдралыг гаргуун сайн мэддэг нэр мөр цэвэр эх оронч зөв хүн байх нь зүйтэй.
Зөв хүн гэж ерөнхийдөө зүрх нь хүмүүнлэг нэгнийг хэлэх бөгөөд дээрээс нь тархи нь оюунлаг тахим нь булчинлаг үг нь цэцэн үйлс нь ариун болвоос ёстой түүний есөн шинж нь бүрдлээ гэсэн үг. Зөв хүн албан тушаал алдар цол арилжаа наймаа аз хийморь гээд аар шаархан зүйлээ аргалах гэж амьдардаггүй, тэртээ тэргүй Тэнгэр түүнийг мэдэж тэвэрч явдаг болохоор тэрээр харин өрх гэр ураг омог улс үндэстэнийхээ хувь заяаны төлөө газар тэнгэрийн хооронд зуучлагч зарим тохиолдолд золиос ч болж байдаг. Цагтаа Тэнгэр Бурхан Тэмүжин хүүгийн зүс царайг бус зүрх сэтгэлийг нь тольдон байж газар дээр гавьяа шагналыг олгож өрнө дорныг тэнцвэржүүлэх өөрийн агуу төлөвлөгөөг түүгээр гүйцэлдүүлж байв.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт