"Covid-19" цар тахлын дараах дэлхийн шинэ дэг журам
2019 оны арванхоёрдугаар сарын эхээр Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод эхэлсэн коронавирусээс гаралтай амьсгалын замын хам шинж өвчний дэгдэлт дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч, 1.8 сая хүн халдвар авч, нэгдүгээр сарын 22-нд 17 хүн нас барж байсан бол түүнээс хойш гурван сар хүрэхгүй хугацаанд 110 мянган хүн амь насаа алдаж хүн төрөлхтөн асар өндөр үнэ төлж байна.
Дэлхийн 213 улс орон (НҮБ-ын гишүүн 193 улсын 189, ажиглагч Гэгээн ширээт улс, Палестинд бүртгэгдэж, одоогоор Тажикистан, Туркменистан, Лесото, Хойд Солонгост албан ёсоор бүртгэгдээгүй байна), нутаг дэвсгэрийг хамарч, дэлхийн нийт хүн амын тал илүү хувь нь хөл хорионы дэглэмд оров.
ДЭМБ COVID-19 цар тахалтай дайн зарлаж байгаа боловч энэхүү өвчний дэгдэлт хэзээ нэг мөр зогсох тухайд тоймтой хариулж чадахгүй байна. Хүн төрөлхтөн дижитал оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд алхаж орсон боловч, коронавирусын өмнө хүчин мөхөсдсөөр байна. 2020 оны 1 дүгээр сарын 12-нд коронавирусын генийн дарааллыг уншиж тайлсан боловч эмчилгээний найдвартай вакцин гаргаж авах ажил доод тал нь нэг жилээс наашгүй гэж үзэж буй ажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутереш коронавирусын цар тахал дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал боллоо гэж дүгнэжээ. 2020 оны гуравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 188 орны санаачилгаар “Коронавирусын цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө” А74/L52 тоот тогтоолын төслийг батлав. Түүнд: Мянганы хөгжлийн зорилтод төсөөлж байгаагүй сорилт тулгарч байна. Ялгаварлан гадуурхах үзлийг таягдан хаях, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг шинэчлэх, галын шугам дээр ажиллаж буй эмнэлгийн болон онцгой байдлын ажилчдын хөдөлмөрийг үнэлэх, ДЭМБ-ыг чадавхижуулах, хэзээ, хэзээнээс илүү эв нэгдэлтэй байхын чухлыг тэмдэглэв.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус улс гүрнүүд эв нэгдлээ бэхжүүлэх, асуудлыг улс төржүүлэхгүй байхыг уриалж, хөл хорионы арга хэмжээнүүдээ эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүйг анхааруулав.
Тийнхүү харилцан хамааралтай дэлхий нийтийн хэмжээнд хөдөлгөөн зогсонги байдалд орлоо. Хэвийн явагдаж байсан 87.2 их наяд ам. долларын ДНБ огцом буурч, эхний ээлжинд таван их наяд ам.долларын хохирол учрах төлөвтэй байгааг Bloomberg L.P. мэдээлэв.
ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева 1930 оны их хямралаас хойшхи хамгийн том хямралтай нүүр тулж байна, цар тахал зогсоход дэлхийн 7.8 тэрбум хүн амын тэн хагас нь ядуу ангилалд орсон байх магадлалтай гэдгийг анхааруулж, доройтсон эдийн засгийг сэргээхэд олон жил шаардагдахаар байна гэжээ. НҮБ-ын өнгөрсөн долоо хоногийн эхээр гаргасан судалгааны тайланд дурдсанаар дэлхийн нийт ажиллах хүч болох 3.3 тэрбум хүний 81 хувь нь коронавирусын дэгдэлтээс болж ажлын байраа бүрэн болон хэсэгчлэн алдах эрсдэлтэй тулгарч байна. АНУ-д л гэхэд өнгөрсөн долоо хоногт 6.6 сая хүн ажилгүй болсноор сүүлийн нэг сарын хугацаанд нийт 16 сая америкчууд ажлын байраа алджээ. Covid-19 цар тахал дэлхийн хөрөнгийн зах зээлд учруулсан хохирлын улмаас нийт 267 хүн тэрбумтны жагсаалтаас хасагдсан тухай Форбс сэтгүүлийн саяхан гаргасан тайланд тэмдэглэжээ.
АНУ-ын хүн амын 51 хувь буюу 180 сая хүн гэрийн хорионд орж, 24 цагийн дотор 2100 гаруй нас барав. Зөвхөн Нью-Йорк муж улсын халдварын тоо Итали, Испанийг нийлүүлснээс давж байна. АНУ-ын Конгресс онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийг орлогыг хадгалах үүднээс Bretton Woods-ийн систем тогтносоос хойш анх удаа хоёр их наяд ам. долларын санхүүжилт баталсан нь ОХУ-ын нэг жилийн ДНБ-ээс давсан үзүүлэлт юм.
“Америк нэгдүгээрт” лозунг ганхаж, Хятад мөрөөдөл, БНХАУ-ын үсрэнгүй хөгжлийн тухай үзэл баримтлалд ч засвар оруулах шаардлагатай болов.
Тийнхүү өнөөгийн дэлхийн дэг журмын дүр төрх өөрчлөгдөж, гүн гүнзгий хямралд орлоо. АНУ-ын нэрт олон улсын харилцаа судлаач 97 настай Хенри Киссинжер Wall Street Journal-д нийтлүүлсэн өгүүлэлдээ: “Нэгэнт тогтсон дэлхийн дэг журамд эргэлт буцалтгүй өөрчлөлт орж байна” гэжээ.
Хамгийн хүчирхэг батлан хамгаалах хүчин чадавхитай улс гүрэн ч өөрийнхөө аюулгүй байдлыг дангаараа хангах боломжгүйг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага харуулсан бөгөөд тийнхүү АНУ-ын тэргүүлэх оройлолтой олон улсын харилцааны нэг туйлт (unipolarity) дэг журам төгсгөл болох үе шат эхэлсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн хийгээд хамгийн хүчирхэг эдийн засгийн чадавхитай улс гүрэн ч өөрийн хөгжил дэвшлийг дангаар хөтлөн авч явах бололцоогүйг моргейжийн зээлээс үүдэлтэй 2008 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал харуулж, дурьдсан асуудлыг хэлэлцэхээр 2009 онд Их 20-ийн анхны дээд түвшний уулзалт Вашингтон хотноо зохион байгуулагдаж байсан юм. Их 20-ийн дээд түвшний ээлжит бус уулзалт Саудын Арабын Рияд хотоос анх удаа цахимаар явагдав.
COVID-19 цар тахал ЕХ-ны хувьд маш хүнд тусч байна. “European Union: Global Security Actor or Paper Tiger?” хэмээх асуудлыг сөхөн тавьж, ЗХУ-ын задралын дараах том сорилт тулгарч байна гэж үзэх болов. Хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээтэй гэж тооцогдож байсан улс орнуудад нас баралт хэдэн зуугаараа бүртгэгдэж байна.
Цар тахлын дараа анх удаагаа авч хэрэгжүүлж буй хорио цээр (quarantine), хөл хорио (lockdown), тусгаарлалт, хилээ хаах, онц байдал зарлах зэрэг дэлхий нийтийг хамарсан арга хэмжээнүүд нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлс болсон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааг ноцтой хөндөж эхлэв. Үйл явдлын сорилт боловсролын салбарын чанарыг шалгаж, улс гүрнүүд технологид суурилсан боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Hyber-globalization түүний илрэл эдийн засаг, соёл, улс төрийн даяаршлаас татгалзах тухай онцлох болов. Хорио цээрийн дэглэмийн улмаас хүмүүс анх удаагаа гэр бүлээрээ удаан хугацаанд нэг дор байх боломжтой болсон байна. Консерватив, неолиберализм болон бусад үеэ өнгөрөөсөн уламжлал, тухайлбал, гар барьж мэндлэх ёсыг мартаж цаашид үүнээс татгалзах тухай мэргэжилтнүүд тэмдэглэх болжээ.
Цар тахал улс орнуудын улс төрийн бодлогыг шалгаж байна. Популист хандлага, үндэсний амиа хичээх үзэл газар авч, эрх мэдэл төвлөрөх хандлага ажиглагдаж байна. Төлөвлөгдөж байсан олон улсын олон арга хэмжээ, зуны Олимпийн XXXII тоглолт ч жилээр хойшлогдов.
COVID-19 цар тахлын улмаас ӨАБНУ, Тунис, Нигери, Зимбабви, Замби, Кени, Канадын хот, дүүргийн сонгууль, Аргентин, Колумби, Бразил, Боливийн орон нутаг, Чилийн Үндсэн хуулийн санал асуулга, Уругвай, Парагвай, Мексикийн орон нутгийн сонгууль, АНУ-ын 15 муж улсын сонгууль, Энэтхэг, Пакистан, Мальдив, Киргиз, Индонези, Австри, Франц, Чех, Германы Испани, Латви, Их Британи, Серб, Кипр, Румын, Австрали, Соломоны арал, Швейцарийн орон нутгийн, Этиоп, Сири, Шри-Ланка, Хойд Македоны парламентын сонгууль, Фолклэнд арлын санал асуулга, Арменийн Үндсэн хуулийн шүүхийн өөрчлөлтийн санал асуулга, ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал асуулга тус тус хойшлогдсон болон хойшлогдох төлөвтэй байна.
Дэлхийн дэг журам хэмээх категори нь улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа, геополитикийн үндсэн ухагдахуунуудын нэг юм. Энэхүү нэр томъёоны үүсэл гарал нь 1776 онд хийгдсэн АНУ-ын Төрийн Их тамганы дардас дээр латин хэлээр «ANNUIT COEPTIS: NOVUS ORDO SECLORUM» буюу “Эрин үеийн шинэ дэг журмыг Тунхаглан зарлах нь” гэж бичснээс үүдэлтэй. 1935 онд анх гүйлгээнд гарсан АНУ-ын нэг долларын шинэ дэвсгэртийн ар талын нүүрэнд дээрх Тамгын дардас хэвлэгдэн гарснаас хойш үргэлжлэн хэвлэгдсээр өнөөг хүрч иржээ.
ХХ зууны түүхийн огцом өөрчлөлтүүд, түүнтэй гүн гүнзгий холбоотой улс төрийн сэтгэлгээ болон орчин үеийн үеийн олон улсын харилцааны онолын хөгжилтэй уялдан “дэлхийн дэг журам” хэмээх нэр томъёо олон улсын харилцааны үзэл баримтлалын шинжтэй цогц ойлголт болон гарч иржээ. Дурьдсан ухагдахууны мөн чанар нь эмх замраагүй, хуваагдмал, олон янз, үндэсний явцуу үзэл баримтлал, үзэл сурталд суурилсан хуучин олон улсын харилцааг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засаг, олон улсын эрхзүйн хэм хэмжээнд тулгуурлан илүү зохистой засаглалаар илбэн тохинуулах замаар өнөөгийн дэлхий ертөнцийг өөрчлөн байгуулах тухай асуудал юм. Тиймээс дэлхий ертөнц ямар байна гэхээсээ илүүтэй ямар байвал зохистой вэ? гэдэгт илүү анхаарч “Одоогийн бодит байдал гэдэг нь цорын ганц боломжит байдал биш” гэж үзэх болжээ.
Эдүгээ нэгд, Харилцан шалтгаалцал, даяаршлын үйл явц нийгмийн бүхий л хүрээг хамарч, гадаад, дотоод бодлогын зааг ялгаа багасч, орон зай, орчин маш хурдан өөрчлөгдөж, тиймээс ойрх ирээдүйн төлөв байдлыг ч урьдчилан төсөөлөх боломж тун бүрхэг байгаа нь өнөөгийн олон улсын харилцааны үндсэн шинж болов.
Хоёрт, Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц тогтвортой нөхцөл байдлыг урт хугацаанд хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна.
Гуравт, Хүчний тэнцвэрийг барихаас гадна ашиг сонирхлын тэнцвэрийг барих гэдэг маш чухал болов. Тэнцвэрийн хүчийг олно гэдэг нь өөрөө ухаалаг хүч юм.
Дөрөвт, Төв рүү тэмүүлэх, төвөөс зугтаах хүчний аль аль нь үйлчилж буй даяаршлын эрин үед олон улсын харилцааны шинэ дэг журам төлөвших үйл явцын төгсгөлийг төсөөлөх боломж тун бүрхэг байгаа зэрэг санал, дүгнэлтүүд юм.
Арабын хавар, Сирийн иргэний дайн, ОХУ Крымийн хойгийг Киевын оролцоогүй өөртөө нэгтгэсэн үйл явц, үүнээс улбаатай эдийн засгийн хориг, АНУ-ын ерөнхийлөгчийн гадаад, дотоод бодлогын шинэ параметр, Brexit, Европын интеграцийн сорилт, ШХАБ-ын өргөжилт, ЕврАзийн эдийн засгийн холбооны тэлэлт, Хятад-Америкийн худалдааны дайн, “Нэг бүслүүр, нэг зам” санаачилга, Хойд Солонгос, Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, тэгээд СOVID-19 цар тахал үүний тод илрэл юм.
Тавд, Хувьсан өөрчлөгдсөөр буй аюул, сорилтод шийдвэртэй, тогтвортой хариу барих арга барилаа олох, өөрчлөлтөд бэлэн байх, дасан зохицох төдийгүй, цохилт даах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гаргах, шинэчлэл хийх чадавхитай байх явдал шийдвэрлэгч нөлөөтэй.
Зургаад, Социализм нуран унаснаас хойш АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад ОХУ, лалын ертөнц ихээхэн эгдүүцэж, дээрхийг Хятад зэрэг гүрэн ганцаараа жанжлах гэсэн эрмэлзлэл гэж ч шүүмжилж эхэлсэн. Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилалыг сэргээн баталгаажуулах, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх тухай зааж сургаж байв.
ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхижсэн нь хүйтэн дайн дууссанаас хойш тогтсоор ирсэн олон улсын дэг журам, аюулгүй байдлын системд ноцтой нөлөө үзүүлж эхэлсэн хэмээн судлаачид үзсээр байгаа юм. Дээрхтэй холбоотойгоор хүчний шилжилт хөдөлгөөн эрчимжиж, дахин хуваарилалт явагдаж байна. Тиймээс хүйтэн дайн дууссаны дараах үе төгсгөл болж, шинэ хүйтэн дайны үе эхэллээ хэмээн тэмдэглэж байсан. Тэгвэл дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлыг дэлхийн III дайнтай зүйрлэх болжээ.
Үндэсний аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх үйл явц мөн бөгөөд үүн лүгээ үндэсний аюулгүй байдлын судалгаа, дүн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ ч тасралтгүй хийгдэж байх учиртай ажгуу. Аюулгүй байдлын онол, үзэл баримтлал, аргазүйд томоохон өөрчлөлт гарч, аюулгүй байдлыг хангах үндсэн үйл ажиллагаа бол аюулгүй байдалд нөлөөлж буй аюулын чиг хандлагын судалгаа, дүн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийгээд төр, иргэн, хувийн хэвшилийн түншлэл, хамтын ажиллагаа юм. Корнонавирусын цар тахал бол уламжлалт бус аюул мөн. Олон улсын харилцаанд түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж нийт хүн төрөлхтөнд нийтлэг нүүрлэж буй даяар асуудал, аюул, сорилт, өөрчлөлтүүдийг шийдвэрлэх, даван туулахад оролцоогоо илүү идэвхжүүлэж, тэнцвэртэй, тогтвортой, хүртээмжтэй, нээлттэй, инновацитай, харилцан ашигтай, харилцан суралцахуй чухал болов.
Хүн төрөлхтөн нэг удаа time out авах шаардлагатай болжээ. Зөрчил маргаанаа зогсоож, нүсэр үйлдвэрлэл, хэт хэрэглээгээ бууруулах, эцэс төгсгөлгүй ажлаа түр зогсоож, халуун ам бүлээрээ сууж, хүрээлэн буй байгаль дэлхийгээ ухаарах, үүний тухайд тунгаан бодох боломжийг бид бүхэнд тийнхүү олгож байгаа бололтой. Цар тахал дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг байгаль эхийн хариу үйлдэл байж магадгүй гэж үзэх болжээ.
Хүн төрөлхтөн өөрсдөө зохиомлоор буй болгосон асар их ачааллаа хөнгөлж, ажлын дөрвөн өдөрт шилжих, гэр бүл, эрүүл мэнддээ анхаарал тавьж, өөрийгөө хөгжүүлэхэд илүү их цаг зав гаргах шаардлагатай болов.
Хөгжлийн төлөө цэргийн зардлыг үлэмж хэмжээгээр хорогдуулж, чөлөөлөдсөн их хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд зарцуулах, худалдааны дайныг зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах, сайн засаглалыг бэхжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, хувь хүний аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Олон улсын харилцааны гол тулгуур аппаратур болсон хүчний тэнцвэрт суурилсан дэлхийн дэг журамд update хийх үндсэн дээр эв нэгдэлд суурилсан илүү аюулгүй дэлхийн шинэ дэг тогтолцоог цогцлоох нь хойшлуулшгүй зорилт мөн.
Олон талт хамтын ажиллагаанд шинэчлэл хийх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийг өргөжүүлэх, ДЭМБ-ын үүрэг, чадавхийг хүчирхэгжүүлэхийн зайлшгүйг болж буй үйл явдал харуулж байна.
Богино хугацаанд хуримтлагдсан сургамж бол улс гүрнүүд НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын суурь хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахыг анхааруулав. Байгаль дэлхий онгон төрхөмдөө бууж, уул ус цэвэршиж, амьтад хөдөлгөөнд орж, Энэтхэгт хөл хорио тогтоосны дараа агаарын бохирдол огцом буурч, үүнтэй холбоотойгоор Пунжаб мужийн оршин суугчдад 160 гаруй километрийн тэртээд орших Хималайн нуруу тод харагдаж эхэлжээ.
Эцэст нь, өнөөгийн олон улсын харилцааны бодит хэрэгцээ нь нэгд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа (preventive diplomacy), хоёрт, онцгой байдал, хямралын үеийн бэлэн байдал, шуурхай удирдлага, оновчтой шийдвэр, гуравт, аюулгүйжуулах бодлого явуулах арга барилыг чадварлаг эзэмшиж, үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна.
Монгол Улс ороо бусгай цаг дор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө өөрийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж, нэр хүнд, байр сууриа нэр төртэйгөөр өргөж явааг онцлон тэмдэглэмээр байна.
Доктор, профессор, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.УЛАМБАЯР