Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ болон Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, хянагдаж буй 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ.
Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна.
Харин хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Тиймээс хяналтад байгаа хоногууд маш чухал юм. Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс өөрийгөө тусгаарлаж, тэвчээртэй байж онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэй гэдгийг энэ жишээ харуулж байна. Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан нь ийм учиртай.
Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМЯ Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг хэлье" гэсэн мэдээллийг өглөө.