Аавын үгүйд...
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрж арванхэдэн настайдаа атан тэмээдийн эрэлд мордохдоо эзгүй хээр эрлийн тэмээгээ олж баралгүй санааширч эрхэс тэнгэрийн оддыг тоолж нэг баралгүй шантарч эмээлээ дэрлэн дугжирч явсан аавын хүү нь өнөөдөр эр цэргийн ёсоор Эх орон тусгаар тогтнол энх тайван аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр дотоод гадаадад дөчин жил зүтгэж явна, ахиад хэдэн жил шанс байвал ард түмнийхээ төлөө ч зүтгэе.
Далаад оны сүүлээр аавыг маань өнгөрсөний дараа гэрийн гадаах бүх ажил дунд сургуулийн жаалхаан хүү миний толгой дээр ёстой буудаг юм билээ. Сургуулийн захирал, ангийн багшаасаа арав хоногийн чөлөө аван, хоёрзуу гаруй км газар замын машинд дайгдан Цагаанчулуутын хаваржаандаа ирж, ээж дүү хоёртойгоо нэгдэл нийгмийн эр эм нийлсэн зуу гаруй ямаагаа самнаж дуусаад сургуульдаа яаран буцан, хоёр гурван сар эрдэм номдоо шамдан, бүх шалгалт шүүлгээ онцсайн дүнтэй өгөөд эргээд л ард хоцорсон ээж дүүдээ яаран, Хүнгүйн голын зусландаа ирж, гурванзуу гаруй хурга ишиг, арваад бяруу, хоёр гурван шүдлэн үрээ, нэг тайлаг тэмээ аавын зааж өгсөн арга, ёс журмаар хөнгөлөн засч билээ.
Хэд хоногийн дараа нэг зассан бяруу үнээ рүү харайгаад байхаар нь бариад үзсэн чинь харин би өрөөсөн засаалыг нь сандраад авалгүй мартаж орхисных байж. Тэгээд тэр бяруу надаар хоёр удаа засуулж билээ. За тэгээд л аавын хийж байсан унаа солих, эмнэг сургах, хонь үхэр төхөөрөх, хазаар чөдөр зангидах, арьс шир бордож сур элдэх, дээс томох, тэмээ хомнох, гэр буулгаж барих, отор нүүдэл хийх, хадлан тэжээл авах гээд хийх ажил юу эс мундахав. Тэдний дотроос хамгийн хэцүү нь тэмээний эрэл л байв. Бусдыг нь бол аавын байхад ч өлхөн хийдэг байлаа. Манайх үргэлж тэмээгээр нүүдэг, зургаа долоон сайхан атан тэмээтэй айл байв.
Аав минь нүүхдээ биднийг “Линг” гэдэг хамгийн номхон бор тэмээндээ хоёр сэгс тэгнэн нэхий дэвсэн үстэй дээлэнд сайтар ороон боорцог ааруул өвөрт хийж өгөн жингийн тэмээний хамгийн эхэнд өөрийн гараар хөтлөн нүүдэг байлаа. Мөн өвөл сургуулийн амралтаар мөн л энэ маягаар сумын сургуулиас гуч гаруй км тэмээгээр өдөржингөө аялан үдэш орой Аргалын харын өвөлжөөндөө ирдэг байсан нь тэмээ гэдэг амьтан бидний тэр үеийн хамгийн чухал тээврийн хэрэгслэл байв.
Аав минь архинд нэг их дурлаад байдаггүй хүн байсан. Гэхдээ нүүдэл суудал хийх үед харгана дотор хааяа нэг тал шил юм тавьчихаад тэмээ хомнох ачаа татах зуураа хааяа хааяа балгаж харагддаг байсан. Одоо бодоход тэр нь дулаацуулах, хүч тамир тэнхээ өгөх зэрэгтэй л холбоотой байсан болов уу. Аав минь хүүхдүүдээ мэдлэг боловсролтой хөдөлмөрч болгох үүднээс бидэнд оёдлын машин гармон хөгжим хичээлийн стол-ширээ авч өгөн тэднийгээ тэмээн дээрээ ч ачаад нүүдэг байлаа.
Зуны гурван сар бид сургуулийн амралтаараа гэртээ ирэхдээ зэрэгцүүлэн аав маань тэмээгээ ноослон харсан зүгт зуны гурван сар сул тавиад явуулчихдаг байв. Энэ хугацаанд говь нутгийн таананы ам нь цангасан тэмээ баруун зүгт салхи сөрөн, ганц ганцаараа салан дээд тал нь хоёрзуугаад км явдаг гэж аав маань хэлдэг байж билээ. Тиймээс ч манай тэмээнүүд баруун тийш яваад яваад Дааган дэл, Бүрчигтэй, Увс аймгийн Завхан сумын нутаг Жороогийн цагаан түнгэ ордог л доо. Энэ нь манай зуслангаас бараг зуугаад км гэсэн үг.
Аавыг өнгөрсөн жилийн тэр зун ээж биднийгээ аваад бүх мал идээгээ туугаад өөрийн төрсөн нутаг зэргэлдээ Сантмаргаз сум руу нүүхийм болоод явчихав. Тэгээд намайг найман сарын ид халуунаар За миний хүү яваад хэдэн тэмээгээ олоод ир гэдэг юм байна. Би ч ухасхийн хөтөлгөө морьтой өглөө үүрээр таван литр хар цай, хэдэн боорцог ааруул богцолж аваад л эгц урагшаа дөчөөд км аавынхаа Аргалын харын өвөлжөө хүрээд баруун тийш морьдынхоо жолоо залан хөдөө сээрээр самнан, эзгүй хээрээр эмээлээ дэрлэж хоноглосоор Дааган дэл хүрч тэмээгээ ихэнхийг цуглуулсаар эзэнгүй айлын өвөлжөө өвсний хашаа бараадуулж бөөгнүүлсээр ганц олоогүй Хар тэмээгээ гурав хоног хайж хайж бүр аргаа ядан орхиод олсон таван тэмээгээ бөөгнөрүүлж аваад гэрийн зүг жолоо эргүүлж билээ.
Бусах замдаа шөнө хээр мөн л эмээлээ дэрлээд тохмоо дэвсээд одон орон судлалын багш Маабазар багшын хичээл, тэнгэрийн тоо томшгүй олон одыг харж хэвтэхдээ дэлхий ертөнцийн тухай шохоорхон бодож, орчлон ертөнц амьдрал ахуйн учир начрын тухай толгойгоо гашилган бодон хэвтээд зүүрмэглэх шиг болоход хэн нэгэн чихэнд Хүү минь ямар ч юманд санаа зовних хэрэггүй, бүх юм маш энгийн бөгөөд гурван юмны нэгдэлд оршдог юм гэж шивнэх шиг болж билээ. Өглөө босоод хартал дэвсээд унтсан төхөм байдаггүй.
Эргэн тойронд хартал үүд хоймрын чинээ газар харганы ёроолд эмээлийн тохом хэвтэж байх юм. Салхинд хийсээд л явж дээ гэж бодоод морьдоо эмээллэж мордоод замдаа Загиржав Адиагийнхаар буугаад амны цангаагаа гарган хүйтэн хярам залгилах зуураа юу болсон тухайгаа өгүүлтэл Адиа Манай нутагт газрын гүүц гэж тийм юм байдаг юм, хээр дэвсээд унтаж байгаа хүний тохом энэ тэрийг аваад шидчихдэг юм зүгээрээ зүгээр гэж тайтгаруулж билээ. Газрын гүүц нь байсан уу, Тэнгэр элч нь байсан уу ямар ч гэсэн надад нэг тийм юм тохиолдох нь тохиолдсон юм.
Тэгээд гэртээ таван тэмээгээ туусаар ирэхэд манай нутгийн Цэрэндорж ах манай ээж, дүү хоёрыг нүүлгэхгүй байх талаар ихэд нухацтай зөвлөн цай ууж ёстой л нэг үглэн зөвлөн сууж байв. Манай нутгийнхан түүнийг Үглээ Цэрэндорж гэж авгайлдаг ч Цэрэндорж ах их сайн хүн байсан, тиймдээ бэлэвсэрч хоцорсон ээж бидэнд тэгэхэд аавын ёсоор ахын ёсоор чин сэтгэлийн зөвлөгөө өгч байж. Цэрэндорж ах Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Зуны зун амралтаараа нутагтаа ирмээр байдаг, чамайг гээд Сантруу явах болдог. Ийм л байна. Битгий нүү гэж ятгасаны дээр Хар тэмээгээ миний хүү олсонгүй ирлээ. Яаж нүүхэв гэж ээж хэлээд бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг нутагтаа сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ тэнгэрт халиж билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт