ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?
Манж Чин гүрний улстөрчид, Хятадын улстөрчид, Хаант Оросын улстөрчид, дипломатуудын зориг, хүслийн дагуу зохиомжлогдож, найруулагдаж, тоглогдсоор ирсэн “жүжгүүд” бол Монголын, монголчуудын жинхэнэ, бодит түүх биш юм. Энэний цаана, энэний ард монголчуудын жинхэнэ эх түүх Монголын оюунлаг иргэдийн ухаанаар, үйл ажиллагаагаар бүтсээр, бүтээгдсээр иржээ. Үл тасарсан, цагийн уртад үл замхарсан мөнхүү ухамсарт үйл явцыг бид сэргээн судалж, таньж, учир аацааг нь тайлж байж л түүхээ бичих ёстой.
х х х
Оросын хаант засгийн элчин, төлөөлөгчид (Их Оросын үндсэрхэг үзэлтнүүд болохынхоо хувьд) Монголын Чингисийн удмын хан, ван, тайж нарыг цаанаа үзэн яддаг, хорлох, устгахыг үүргээ хэмээн ойлгогсод байжээ. Иймээс тэд 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн “манлайлагч” нь төвд лам Богд гэгээн байх нь алс хэтдээ Оросын ашиг, сонирхолд нийцнэ гэж үзээд “юмны эзэн, сумны занги” бол Богд гэгээн мөн гэж үзүүлэхийг тактикаа болгожээ. Оросоос тусламж гуйх үйл хэргийг тэд Богдтой холбож, Богдын бичиг, тамгагүйгээр зорьсон хэрэг бүтэхгүй гэж зөвлөж, Богдыг түших, Богдтой хамтарч ажиллахыг болзол болгон тавьж, шаардаж байв.
Оросын консулд ажиллаж байсан түшмэлүүд ХХ зууны эхэн үеийн (1900-1911 он) Монголын нийгмийн уг шинж, эмзэг талыг үнэнхүү сайн олж харсан хүмүүс байжээ. Монголчуудын оюун санааны амьдрал тэр цагт Хүрээ, хөдөөгүй ламын шашны сурталд гүнзгий автсан, мухар сүсэг, сохор бишрэлд хөтлөгдсөн байлаа.
Ламын шашны өлгийд нь манцуйлан, боомилон чадсан тэр хүч л монголчуудыг боолууд мэтээр захирч, хөтөлж, мөлжиж ч болох байжээ. Ингээд тэдэнд Богд гэгээнийг л тордох, тодруулах бодол төржээ. Тэмээг хөтөлдөг бурантаг мэтээр Богдыг ашиглахыг хичээжээ. “Хаадыг титэмд нь боож чадваас тэд боол буюу, Харц ардыг шашинд нь боож чадваас тэд мал буюу” гэх үгний далд санааг тэд тун сайн ойлгосон хүмүүс байв. Тэд Оросын хааны төлөөний хүмүүс болохын хувьд тэр үеийн Монголын төр, шашны тэргүүнтэй л харьцах, Да хүрээний эзэнтэй холбогдох заавар, заалттай ч байжээ. Бас нэг гол зорилго нь Монгол даяар өрнөж болох Нармай Монголын төлөө үзэл санаа, хөдөлгөөнөөс болгоомжлох явдал юм. 1903, 1905 оны үеэс (XIII Далай лам Монголд дайжиж ирэх үеэс) энд тэнд толгой өндийлгөж эхэлсэн эх орончид, тэмцэгчдийн өсөж, тэлж болох нөлөөний хэтийн үр дагаврыг ч оросууд (дипломатууд) урьдчилан олж харж чаджээ. Харин Зөвлөлт Оросын улстөрчид дээрхийн эсрэг хувилбарыг сонгохоос өөр аргагүй байв. Тэд большевизмыг хүлээн авч чадах давхрааныханд, гэнэн, доргио (ноён нуруу суугаагүй) хүмүүс, залууст хандаж хэргээ бүтээсэн билээ.
Нармай Монголын гэх үзэл санаа, тэмцлийг Богд гэгээн НЭГДҮГЭЭРТ, мах цуснаасаа татагдан ойлгох чадавхгүй, ХОЁРДУГААРТ, XIII Далай лам болон Өвөр Монголд тодорсон хутагт, гэгээнтэн нартай далдуур өрсөлдөж ирсэн, ГУРАВДУГААРТ, Богд болон бусад хутагтууд удаж төдөлгүй том ноёдтой эв эвдэрнэ гэдгийг харийнхан ойлгож байсан зэрэг нь Богдыг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч, санаачлагч” болгон тодруулах санаархлын шалтгаан болжээ. Богдын идэвх, санаачилгагүй байдал, гаднаас авсан зээлийн нэг хэсгийг шашны хэрэгт зориулан зарцуулсан цагаа олоогүй үрэлгэн зан, зүүн монголчууд, баргын эх орончдын тэмцэлд туслахыг (чин сэтгэлээсээ) хүсээгүй байдал, улстөрийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхай өрнүүлэх, чанга тууштай бодлого явуулах чадавхгүй зан чанар зэрэг нь үнэхээр ч ноёд, түшмэдүүдэд гологдож эхэлжээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Чингисийн удмын ноёд удирдах аваас мөнхүү хөдөлгөөн нь алсдаа Халимаг, Тува, Буриадыг Оросын гараас алдуулах болно гэдэг нь Оросын төр засгийн хувьд яав ч үл зөвшөөрөх асуудал байлаа. Харин Богд гэгээн тэргүүнтэй Ар Монгол бол Оросын хувьд хэрэгтэй “Бамбай”, олз олох талбай болох байжээ. Иймэрдүү ашиг, сонирхлыг Монгол дахь Оросын түшмэдүүд баримталж, харин Монголын хан, ван нар “түүнийг нь дагуулан тонгорчээ”.
Энэ мэх зөв байсан, амжилт олсныг түүх гэрчилдэг. Богд гэгээн бол хоёр талын аль алины нь хувьд “утсан хүүхэлдэй” байв. Хэрэг явдлын цаашдын бүх гинжин явц чухамдаа тийм болохыг 1924 он хүртэл нотолсон билээ. 1924 оноос хойш Монголын төр засаг зөвхөн л Москвагийн дохио зангаагаар хэрхэн явсныг дэлхий дахинаараа мэддэг дээ...
х х х
Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн нэг зуу илүү жилийн туршид эрч хүчээ авсаар 1911 онд логик төгсгөлдөө хүрч хэврэгхэн, хагас дутуу ч гэлээ амжилт олжээ. Түүний хөдлөх хүч нь монголчууд, удирдагч нар нь үе үеийн ноёд, лам нар, оюунлаг иргэд, эх орончид байжээ. 200 гаруй жилийн туршид дарлагдаж, мөлжигдөж, доромжлогдож ирсэн монголчууд дээр, дооргүй л шүд зууж, зүүн гараараа баруун гараа барьсаар, боломжтой цаг ирэхийг тэвчин хүлээсээр байсан нь үнэн билээ.
Манж нар Хятадад уусаж, Манжийн төр доройтож, түүний эрхшээлд байсан үндэстнүүд босох, тэмцэх болсноор “хүлээсэн цаг ба нөхцөл” бүрдэж Монголын ноёд, лам нар “туурга тусгаарлах” тэмцэлд эрслэн орцгоожээ. Зөвхөн “ийм нөхцөл бүрдэж, ийм цаг ирэх” аваас л цэрэг, зэвсэггүй цөөхөн монголчуудын тэмцэл амжилт олж болох байлаа. Гэтэл монголчуудын энэхүү тэмцлийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэсэн харь орны оролцоо, явуулга дорхноо идэвхийжжээ. Ил, далд ийм оролдлогын нэг нь Богд ламыг өмнөө барьж, хүчлэн “тодруулж”, “томруулж”, “монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч” болгон харуулж, шарын шашинд нэвтэрхий автсан монголчуудын тэмцлийг мөн уг шашныг ашиглан аажмаар унтраах, Ар Монголыг Хятадын эзэн эрхэнд нь үлдээж үнэтэй бүхнийг нь тонон авч, урт удаан хугацаанд мөлжиж, ашиглаж, хямд төсөр материал, түүхий эд олох “гэнэхэн, тэнэгхэн хүн ард, нутаг газар болгох” гэсэн Хаант Оросын дипломатуудын хорон санаархал байжээ. Тэд санаснаа, сэдсэнээ Хятадын болон Японы удирдлагатай нууцаар хийсэн гэрээ, хэлэлцээрүүдийнхээ үндсэн дээр бараг л 100 хувь хэрэгжүүлчих шахсан юм шүү... Гэвч ХХ зууны эхэн үеийн түүхэн үйл явдлууд Ар Монголын хувь заяаг “яагаад ч юм ивээлдээ авч, гайхамшгийг бүтээж, биднийг дэмжиж, тэтгэжээ”. Энэ нь нэг талаас түүхийн ивээл, нөгөө талаас монголчуудын аз ёндоо, оюунлаг хөвгүүдийн нь ухаан, сэхээ байлаа.
х х х
Манж Чин гүрэнд хааны засаглал доройтож мөхсөн түүхэн үйл явцтай зэрэгцээд Орос дахь хааны засаглал гүнзгий хямралд автаж мөхсөн нь Орос, Хятад, Монголд “өөр өөр өндгөн эсний” ихэр хувьсгалуудыг төрүүлсэн гэж дүрслэн хэлж болох юм. Тус тусд нь авч үзвэл их ч сонин үзэгдлүүд дээ. Гэвч бид өөр зүйл ярих зорилготой байгаа билээ.
Монголд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл хаа сайгүй өрнөж Үндэсний Хувьсгалд тулж ирээд байх үед Оросод ч, бас Хятадад ч Богд гэгээн л (төвд лам, шашны зүтгэлтэн) хэрэгтэй, ашигтай байв. Харин үндэсний дарлал, нийгмийн дарлалын эсрэг хөдөлгөөн гадны идэвхтэй оролцооны улмаас шинж, байдлаа өөрчилж “Ардын ардчиллын төлөө” хөдөлгөөн болон хувьсаж ирэх үед Зөвлөлт Оросын төр засагт ард малчин гаралтай хүмүүсийг тодруулж “үндэсний удирдагч” болгох нь онцгой чухалчлагдах болжээ. Зөвлөлт засагт ашигтай, Коминтернд хэрэгтэй хүмүүс бол Чингисийн удмын ноёд, тайж, тойн нар биш, Богд гэгээн ч биш байв. Чингэж намыг ч, төрийг ч, цэргийг ч “оройлон удирдаж” байсан гэгдэх удаах хүнийг “бодлогоор” тодруулжээ. Улстөрийн зорилгодоо захируулж цааш цаашдаа төлөөний хүнээ олон дахин сольжээ.
Эзэн орнуудын хаад, улстөрчид “бодлогоор тодруулж, титэмжүүлсэн” хүмүүсээрээ гар, хөл хийж Монголын олон зуу, олон мянган шударга эх орончдыг гурван арван жил (1910-1940 он) дамнуулан хөнөөжээ. Тэдгээр эх орончид цаг цагтаа монголчуулынхаа ашиг, сонирхлыг хамгаалж, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний соёл, уламжлалынхаа төлөө л тэмцэцгээж байжээ. Тэдний “гэм буруу” зөвхөн л энэ юм.
Хор өгч, осолд өртүүлж, гүтгэж, дайсны тагнуул, туршуул, хорлон сүйтгэгч болгож, цөлж, хүчээр хэрэг хүлээлгэж эсэргүү, урвагч хэмээн цоллож алсан, цаазалсан хүний тоо хожуу үеийн мэдээ, хэмжээнээс хэд дахин олон байх магадлал өндөр болно.
1911 оны тэмцэл, хөдөлгөөнийг санаачлан удирдсан, зохион байгуулсан хүмүүсийг, мөн 1920-21 оны тэмцэл, хөдөлгөөний гол хүмүүс, халуун эх орончдыг алж, хөнөөж дуусгасан хэдий ч эзэн орнуудын удирдлагын хүсэл, төлөвлөгөө ар араасаа нуран унасаар байлаа. Энэний үнэ цэнэ, төлбөр, золиос болсон цаг цагийн оюунлаг хүмүүс, сэхээтнүүд, халуун эх орончдод өнөөдрийн шинэ Монголын иргэд бид хөшөө дурсгал босгож, тэднийхээ алдар, гавъяаг мөнхжүүлэх учиртай, өртэй, үүрэгтэй.
х х х
Хаант Оросын дипломатууд, түшмэдүүдийн “бодлогоор” зохиомжлон, гардан шахам дэглэсэн улстөрийн жүжигт итгэгсдийн тоо өнөө ч өссөөр байна. Мөн залгуулаад Зөвлөлт Оросын дипломатууд, Коминтерний төлөөлөгчдийн “бодлогоор” зохиомжилж, найруулан тавьсан улстөрийн жүжгийг Монголын хувьсгалчдын бүтээл болгож улираан үлдээхийг оролдогсдын идэвх ч бас сэргэж эхэллээ. ХХ зууны эхэн ба дунд үеийн түүх түүхийрчихсэн байсан бол одоо нэмээд 1990 оноос 2020 оны хоорондох түүх ч түүхийрэх төлөвтэй болчихоод байна. Ардчилсан хувьсгалын алтан хараацайнууд хэмээн өөрсдийгөө дөвийлгөн өргөмжилсөн хүмүүсийн зарим нь түүхийг түүхийрүүлэх хэрэгт манлайлан оролцох болов. Болоод өнгөрсөн хэрэг явдлын ил, далд шалтгаан, үнэн учрыг ухаж ойлгох, судалж таних чадавх тэдний олонхид алга байгаа нь түүх түүхийрэх үндсэн, гол хөрс болох нь ч тодорхой юм. Түүхэн үнэний илтэд гуйвуулагдсан, нөлөөтэй толинд туссан худал дүрс, гоёхон зэрэглээг л өнөөдрийн болон хойчийн залуус харж, хууртаж амьдрах гэж үү? Түүхэн үнэн түүхийрэхийн балаг, хор уршгийг миний үеийнхэн, биднээс ахмад үеийнхэн мөн ч их амссан даа!
х х х
Харийн хүчний зохиосон, найруулсан улстөрийн жүжигт, мөнхүү жүжгийн гол рольд тоглосон (хүчээр шахам тоглуулсан гэх нь зөв болов уу), амьдрал, хувь заяа нь “утсан хүүхэлдэй” лугаа төгссөн хүмүүсийг бид зөвөөр ойлгох, тэдэнд хүмүүн ёсоор хандах учиртай. Тэдний эзэлж байсан суудалд тэд өөрсдөө хүсэж суугаагүйг бас тооцох ёстой. Гэхдээ монголчууд бид ХХ зууны түүхээ бичихдээ өмнө дурдагдсан нөхцөл байдал, хүчин зүйлүүдийг ойлгож, тооцож, түүхээ түүхэн үнэнд ойртуулж, үнэний зөв тусгал болгож бичих учиртай. Хятадын болон Оросын дипломатууд, улстөрчдийн угсруулан, лавлуулан тавьсаар ирсэн жүжгүүд, улстөрийн адал балмад оролдлогууд бол жүжиг гэсэн жинхэнэ нэрээрээ л үлдэх ёстой. Энэ бол монголчуудын өөрсдийн нь оюун ухаан, үйл ажиллагаагаар хэрэгжсэн түүх биш болно. Эх түүх маань монгол хүмүүсийн л хүсэл, эрмэлзэл, үйл ажиллагаа, амьдрал ба үхэлд тулгуурлаж, тэдгээрт төвлөж, тэдгээрээс эх аван үргэлжилсэн үйл явц болон бичигдэх ёстой. Түүхүүд ингэж л мөрөө гаргаж, биесээ бүтээж, ойлгогдож, бичигдэж иржээ. Энэ түгээмэл зүй тогтлоос хазайх, зайлсхийх эрх жинхэнэ судлаач хүнд байхгүй. Эрх ба үүргийн солбицол дээр л судлаач, түүхч хүн мөнхөд зогсож байх ёстой билээ.
х х х
Товчхон, шуудхан хэлэх аваас төвд лам Богд гэгээнтний нэр, нөлөөг ашиглаж, тэмцэж эхэлсэн ноёд, лам нарын үйл хэргийг Богд гэгээнтэй ил, далд холбож, шахалт дарамт үзүүлсээр Оросын консулынхан Ар Монголд өрнөсөн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч, манлайлагч нь Богд гэгээн мөн мэт болгож чаджээ. Энэ нь цаанаа том зүйлийг, их аюулыг нуух, холтгох гэсэн далд хорон санааг агуулж байв. Чингисийн удмын ноёд энэ хэргийг манлайлах аваас тэмцэл дорхноо л Ар Монгол, Өвөр Монгол, Буриад, Барга, Тува, Халимаг, Шинжааныг хамран өрнөж Хятад, Орос хоёр Нармай Монголын төлөө хөдөлгөөнтэй халз учрах байлаа. Нармай Монголын төлөө үзэл санаа, хөдөлгөөнийг задлах, хуваах, хооронд нь яс хаяж хүчийг нь сулруулах, хэмжээ хүрээг нь хумих, энэ хэрэгт монголчуудын урд өмнөх хагарал, бутрал, өш хонзонг сэргээн ашиглахыг Манж, Хятад, Оросын улстөрчид урьтал болгож далдуур сүлбээлдэж эхэлжээ.
1920, 21 он гэхэд Монгол дахь харийнхны ашиг сонирхлын субъектууд нь өөрчлөгдсөн боловч Орос ба Хятадын зорилго, колончлох бодлого хэвээрээ үлджээ. Оросын хаант засгийн талынхан, цагаантнууд урьдын адил Богд гэгээнийг ашиглах бодлогоо үргэлжлүүлж харин Зөвлөлт Оросын дипломатууд, улстөрчид Сүхбаатар, Чойбалсан мэтийн хүмүүсийг өөртөө татах, ашиглах замыг сонгон авчээ.
Өмнө өгүүлсэн бүхэн бол нэгэнт болоод өнгөрсөн түүхтэй холбоотой асуудлууд юм. Энэ нь харин орчин үеийн Орос, Хятад, Монголын харилцаа, хоёр хөршийн маань XXI зууны үеийн удирдагчидтай ямар нэгэн холбоогүй, холбогдож болох түүхэн нөхцөл, шалтгаан нь эдүгээ үгүй болчихсон хэрэг явдал болно.
Цагаан Орос Богдыг, Улаан Орос Сүхбаатар, Чойбалсанг хэрхэн, яаж, ямар зорилгоор “тодруулж, ашиглаж, бас түлхэж холдуулсан” үйлдэл, жүжгийг нээн харуулж чадах баримт, материал бэлхнээ буй юм шүү. Хөшигний цаадах үнэн, худлыг илчилж эс чадсан түүх бол хагас түүх, “хөөрхийлөлтэй түүх” юм. Иймэрдүү түүх, түүхчдийнхээр бол Монгол дахь бүхий л тэмцэл, хөдөлгөөний санаачлагч, удирдагч, манлайлагчид нь төвд лам, Оросын большевикууд, Барон Унгерн, япончууд (Манж Го) болчихоод байна. Яахлаараа энэ билээ? Монголын эх орончид, хувьсгалчид арын албыг л залгуулж, алив бүхнийг харийнхнаар заалгуулж, хөглөж, дөрлүүлж, хөтлүүлж явсан гэж үү?...
ХХ зууны Монголын түүхийг Манж, Хятад, Оросын улстөрчдийн “бодлогоор” найруулж тавьсан жүжгүүдээс, мөн хожуу цагийн “харалган, гэнэхэн, хөлсний түүхчдийн” үлгэр, домгоос чөлөөлөх, улмаар далд байсан үнэнийг ил гаргах, худал сурталчилгаа, санаатай гуйвуулгыг няцаах хэмжээний мэдлэг, мэдээлэл, чадавхтай залуу түүхчдийг бэлтгэх, урд өмнө нь хэвлэгдэж тараагдсан түүхийн сурах бичгүүд, монографиуд, хамтын бүтээлүүдийг эргэж нягтлах, шүүмж бичих, онол-аргазүйн семинар, маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх хэрэгтэй байна. Маргаан, мэтгэлцээн дундаас л үнэн төрдөг гэдэг дээ! Иймэрдүү бэлтгэл ажил, туршилт, сорилго, бүтээлч санал солилцолт гэх мэтийн түүхэн үнэнд ойртуулж чадах томоохон арга хэмжээнүүд бараг зохиогдохгүй байна. Хувь судлаачид маш гэнэн, тун ч явцуу, зөвхөн өөрийн “дур, зориг” болсон шахуу байр, сууринаас ном, товхимол бичиж олныг төөрөгдүүлэх нь элбэгшлээ. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, их дээд сургуулиудын түүхийн тэнхмүүд “шинжлэх ухаанчаар тэргүүлэх, хөтлөх үүргээ” мартсан, эсвээс тийм чадавх үгүй болсон мэт байдал буй болчихлоо...
х х х
ХХ зууны түүх одоохондоо түүх болж чадаагүй байна. Учир нь бүдэг, учир битүүлэг бүхэн тодроогүй, холбогдох баримт материал нь ил болоогүй, түүхч нэг бүр зөвхөн өөрт нь төрсөн санаагаа л үнэнд, зөвд тооцон бичсээр ирлээ.
Нууц бүхнийг нээх, баримтуудыг зэрэгцүүлэн тавьж шинжлэх, зөв гаргалгаа, дүгнэлт хийх, худал хуурмагаас салах, өнгөц гоомой сэтгэгчдийн буруу, зөрүүг илчлэх, зөв онол-аргазүй, аргачлалыг мөрдлөг болгох, томоохон судлаачдын олонхийн нь санал, баримтлал юу болохыг таньж тогтоох, шүүн хэлэлцэх зэрэг ажил хийгдэж дуусаагүй байна. Одоохондоо ХХ зууны түүх бичигдэх бэлтгэл ажил л явагдсаар байна. Бэлтгэл хангагдаагүй хэвээрээ байна. Энэ учрыг судлаач бүхэн ойлгож, тооцож, өөрийнхөө бичсэн, хийсэндээ ч гэсэн эргэлзэж, эргэж нягталж, бусдыг сонсож, буруугаа залруулж байх хэрэгтэй. Судлаач хүний, эрдэмтэн хүний ёс зүй ийм байх учиртай билээ.
х х х
Ар Монголыг маань автономит муж болгоод Хятадын эзэн эрхшээлд, Богд гэгээнтний захиргаанд орхичихсон бол энэ XXI зууны эхэн гэхэд Монгол орон минь Төвдөөс ч илүү их хоцрогдсон, ламын шашны мухар сүсэгт улам их гүнзгий автсан, 300.000 ч хүрэхгүй хүн амтай, өрөвдөлтэй ядуу хязгаар нутаг болж хувирах байлаа.
Хятад ба Оросын хаад Ар Монголыг хоёр дахь Төвд болгох л сонирхолтой байжээ...
Зөвлөлт Орос, Коминтерн хоёрын сайн ба муу нөлөө, ил ба далд хатуу зааварчилгааны үрээр л Ар Монгол 1990 оны нүүр царайгаа олсон нь бас нэгэн үнэн болно. Өнгөрсөн дэх гашуун үнэн, гаслант хувь тавиланг чухамхүү Монголын ноёд хоорондын зөрчил, салан тусгаарлалт, хааны сэнтийн төлөө тэмцэл л ард түмэндээ “бэлэглэжээ”. Одоо 30 гаруй намуудын өрсөлдөөн, популизм, олигархиудын тэмцэл бидэнд чухам юуг “бэлэглэх” бол оо? Ажилгүйдэл, ядуурал, хорт хавдар, сүрьеэ, бэлгийн замын халдварууд, эх нялхсын эндэгдэл, эдийн засгийн уналт, архидалт, хар тамхи мэтийн аюул бүгд л хаяанд, газар аван “цэцэглэхэд”, хөнөөх хүч болон хувирахад бэлэн л байгаа шүү дээ...
Судлаач, профессор Д.Чулуунжав