Американ ковбой...
Эр хүний үнэр гэж байдаг бол ёстой хажууд нь суухад л ханхлах шиг болдог монгол адуучин эр, американ үхэрчин ковбой залуу, Донын казак тариачин мужик гуравт эрх чөлөө эрэмгий зориг хүн чанар гээд нийтлэг төстэй олон сайхан шинж чанарууд дархлаастай байдаг бөгөөд харамсалтай нь тэд хаана ч ялгаагүй гүндүүгүй сайхан сэтгэлээсээ болоод хорон муу санаатнуудад Цахиур Төмөр шиг түгжилдүүлэх хулхидуулах сэгсрүүлэх явдал нилээд түгээмэл байдаг.
Аристократ ихэмсэг яравгар англичуудыг бодоход америкууд өнөөдөр ч гэсэн ковбой сэтгэхүйгээсээ тэгтлээ салаагүй нь тэдний халбага сэрээг ч нэг их авч үздэггүй, хээ шаагүй бүдүүн баргын зан байдал, ус их уудаг соёлоос ажиглаж болно. Энэ нь гурван зуугаад жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг хоолны газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм ковбой сэтгэхүйтэй холбоотой.
Өлөгчин чоно хөхөж өссөн өнчин хоёр хүүхдээс үүссэн Ромын эзэнт гүрнээс залгаад англо-саксон мэтийн арван хаанчлал европт дахиад үүссэн ч дэлхийд нөлөөгөө хадгалсан хэвээр байсан шашин төрийг хослуулан баригч Ромын хамба тухайн үед дэлхийн газар нутгийг тив тивээр нь өөрийн үнэнч дуулгавартай шавь болох католик португаличуудад өмнөд америкийн зүүн хэсгийг, испаничуудад баруун хэсгийг нь төв америктай нь, француудад хойд америкийг гэх мэтээр хувьцаа хишиг болгон бэлэглээд харин үргэлж урдаас нь өрвөлзөж эсэргүүцэж байдаг протестант англо-саксоны нөхдүүдэд юу ч хүртээлгүй орхисонд тэд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг яг тэдний тэг дундуур нь дайрч ороод одоогийн америк гэж гүрнийг бор зүрхээрээ байгуулсан түүхтэй.
Эрх чөлөөг эрэлхийлж очсон тэд эхэндээ адуу мал ан гөрөө алт мөнгөөр амиа аргацаасан, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн хэсэг эрчүүд байсан бол яван явсаар сүүлдээ ковбой хэмээх нийгмийн цоо шинэ давхаргыг үүсгэн үзэл бодлоороо нэгдэн нийлж хүрээгээ тэлсээр улмаар бослого хувьсгал гарган тусгаар тогтноход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
Шинэ тулгар Америк цэцэглэн хөгжих тусам дэлхийн өнцөг булан бүрээс эрх чөлөө олз омог шинэ амьдралыг хайх цагаачид үй олноороо америкт ирэх болсны дотор итали сицили гаралтай сайн эрчүүд олноор очиж өөрсдийн үндэсний соёл мафийн сэтгэхүйг америкийн эрх чөлөөт нийгэмд тулгах, улмаар улс төр эдийн засгийг нь атган мафийн зохион байгуулалтанд оруулахыг завдсанаар гучаад онд Америк гүнзгий хямралд өртсөн байдаг.
Засгийн газраас согтууруулах ундаа мөрийтэй тоглоом биеэ үнэлэх зэрэг мафи гэмт хэргийн үүр уурхай болсон бүх зүйлийг хатуу хориглох болсноор эрүүгийн ертөнц ил биш далд бүр газар доогуур нууц байдалд орж улам гаарсан юм. Ялангуяа эрх чөлөө хатуу дарс мөрийтэй тоглоом сайхан бүсгүйд нугасгүй өссөн ковбой эрчүүдийн бие сэтгэлийн жаргалыг нэг дор цогцоор нь эдлүүлэх ганц газар нь гангестеруудын байгуулсан газар доорхи нууц хотууд байлаа.
Нууцсаад байх юу байхав дээ, бүх эрх мэдэлтнийг худалдаад авчихсан эрүүгийн ертөнц ноёрхож байсан гучаад оны тэр үед ямартаа боол хятадуудаа алдчихгүйн тулд хот дотор хятад хүн чөлөөтэй явах нь бүү хэл газар дороос траншейны нүхнээс хоншоороо цухуйлгах л юм бол нам буудах захирамжийг хотын амбан захирагчаар гаргуулж хэрэгжүүлж байсан үе бөгөөд тэдний нэг нь одоогийн
Орегон мужийн Пендлетон хотод нэгэнт музей болон хувирчээ
Иймэрхүү бүх хууль бус үйлдлийн цогц үйлчилгээ үзүүлэх гангестеруудын газар доорхи нууц хот нь цайлган сэтгэлт ковбой нарын хөлс хөдөлмөрөө урсгаж олсон мөнгийг богц богцоор нь ганц сэгсэрдэг газар нь байв. Ууланд ан гөрөө хийж адуу үхэртэй ноцолдсон харшаагаа тайлах гэж тэд үе үе уулнаас бууж хамгийн хүндтэй зочноор нууц хотын шузганд дээр буухад тэднийг харуул буюу одоогийнхоор бол секьюрити нөхдүүд уриалгаханаар хүлээн авч газарчлаад морь малыг нь харж хандах, долоо хоногоор ч тэднийг өвслөх услах үүрэг хүлээхээс гадна дотогш нь гадна дотны хамаагүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, газар дор нууц хотыг өдрөөс өдөрт өргөжүүлэн барих боол хятадууд траншейны нүхээр оргон зугтахаар цухуйх юм бол духанд нь сум зоож нам буудах үүргийг давхар хүлээнэ.
Газар доош буусан ковбойг ресепшэн хатагтай хүлээн авч халуун усанд оруулж сахал үсийг засч янзлан хиртэй хувцас хунарыг угааж цэвэрлэн индүүдэн үнэртэй ус цацуулан цаад өрөөнд оруулахад хуурай хуулиар хориотой байдаг хатуу дарс виски төрөл төрлөөрөө өрөөтэй байна. Дуртай юмаа шимэх зуураа мөрийтэй тоглоомд азаа үзэн мэргэжлийн тоглогч хүнд гарын гангестеруудад ядах юмгүй сэгсрүүлнэ.
Тэгээд тэндээ аль болдоггүй юмаар туйлсаар байгаад туйлдсан ковбой тас үсрэн унах, агсан согтуу тавих үед секьюрити нөхдүүд манайхаар бол эрүүлжүүлэх маягийн өрөөнд оруулаад цоожилчихно. Өглөө босоод амны цангаа шараа тайлах төдийгүй ханаж цадаагүй бие сэтгэлийн цангаагаа долоо хоногоор ч үргэлжлүүлэн гаргана. Мөнгө төгрөг нь дууссан ч баар буудлын эзэгтэйгээс дараа сардаа авчирч өгөхөөр тохирч хүүтэй зээлдэн дахин хэд хонон хамаг хүч хэрэгслэлээ баран арайхийж нэг юм ранчо зуслангийн бараа харсан ч ахиад бурзайж бурзайж байгаад сардаа шахам эргэдэг зарим ковбойн иймэрхүү амьдрал засгийн газраас бүх зүйлийг буцаагаад эрх чөлөөтэй болгох хүртэл үргэлжлэсэн гэдэг.
https://www.tripadvisor.com/
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт