Аав минь...
Аав минь намайг сургууль суулгах л зорилгоор мориор хөтлөн анх удаа сумын төв оруулж байшин гэдэг юмны бараа харуулж байсан есөн сарын нэгний тэр өдрөөс хойш тавиад жил өнгөрчээ. Найман нас хүртлээ сумын төв ч орж үзээгүй миний бие аавын гэрийн дөрвөн улирлын буурийг сэлгэн тэмээгээр нүүж ууланд явганаар хонь хариулж Хүнгүйн голдоо хааяа мордьдоо усалж байснаас өөр хаашаа ч явж юм үзэж нүд тайлж байсангүй.
Нэг удаа Хөтөл усны Ногоон өндрийн ууланд хонио хариулж яваад өвлийн өдрийн бүлээн наранд хадны энгэрт унтаж байгаад арав гаран нэгдлийн хонь чононд өгөхдөө, аавдаа загнуулж алуулах болов уу гэж ихэд айж байсан ч аав минь За яахав миний хүү Идсэн чоно сайн муу хоёр амтай байдаг юм гэнэ лээ Сайн нь л байх болтугай гээд намайг яасан ч үгүй аминыхаа хэдэн хониноос нөхөн төлж билээ.
Тэгээд манайх өвөлжөөнөөсөө Цагаанчулуутын хаваржаандаа буусны дараа аав минь өглөө болгон нөгөө чоныг дурандахад Борхирийн элснээс шөнөөр гарсан тэрээр талдаа дөчөөд км үүр шөнөөр шогшин нөгөө барьсан идэшнээсээ зооглон буцаад өглөө нарнаар манай зүүн талын хотосоор элс рүүгээ шогшиж байхыг надад дурангаар харуулж Хүн ч гэсэн ийм талын хөх чоно шиг шазруун уйгагүй тэмцэгч байж нохойн шогшоогоор хөдөлмөрлөвөөс ноён суудлаар хоолоо иддэг жамтайг зааж сургаж байсан нь надад насан туршийн сургамж дархлаа миний амьдралын нэг зарчим болсон юм.
Аав минь бидний хаалга алдлах, тотгоноос дүүжлэх, авдрын ам хайчны ам ангархай орхих, гэрт исгэрэх орондоо уйлах дуулах зэргийг нэг нүдээр үзэж чаддаггүй бөгөөд хүнд хамгийн хэцүү юм бол мунхагийн зовлон, хамгийн хэрэгтэй зүйл бол мэргэн ухаан хэмээн зааж сургадаг байв.
Аав ээж хоёр маань нэгдлийн өмчийг нэгдүгээрт тавьдаг, улсын захиалга үйлдвэрлэлийн даалгавраа гүйцээж барахгүй бол аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хамгийн түрүүнд хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж.
Найман нас хүртлээ сумын төвийн тухай аав ээж ах эгч нараас чихээр л сонсож байхдаа Сургуульд хурдхан орж сумын төвийг очиж үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Тэгээд тэр өдөр ирж нэгдүгээр ангид сурахаар аавтайгаа сумын төв орж байшин гэдэг юманд анх орж үзэхэд их л цуурайтсан юм санагдаж байсан бөгөөд аав минь намайг “төөрнө” хэмээн сургуулийн байр танхим сумын дэлгүүр худалдаа анги клуб эмнэлэг нэгдлийн захиргаа номын сан зэрэг бараг бүх газруудаар дагуулан явж биечлэн үзүүлж тайлбарлаж байсныг би хожим цэргийн дарга болчихоод шинэ цэргүүдээ мөн дагуулан цэргийн ангийн бүх объектоор дагуулан явж нэг бүрчлэн тайлбарлан, аюулгүйн зааварчилгаа өгдөг үедээ сэтгэлдээ байнга дурсдаг байв.
Миний ротын цэргүүд ч намайг цонхоор ирж явааг харангуут “Аав ирж байна” хэмээн бужигналддаг байсан гэдэг.
Аав минь нүүхдээ биднийг “Линг” гэдэг хамгийн номхон бор тэмээндээ хоёр сэгс тэгнэн нэхий дэвсэн үстэй дээлэнд сайтар ороон боорцог ааруул өвөрт хийж өгөн жингийн тэмээний хамгийн эхэнд өөрийн гараар хөтлөн нүүдэг байлаа. Мөн өвөл сургуулийн амралтаар мөн л энэ маягаар сумын сургуулиас гуч гаруй км тэмээгээр өдөржингөө аялан үдэш орой Аргалын харын өвөлжөөндөө сургуулийн хүүхэд биднийгээ уур савсуулан авчирч ирдэг байсан нь санаанаас огт гардаггүй юм.
Аав минь архинд нэг их дурлаад байдаггүй хүн байсан. Гэхдээ нүүдэл суудал хийх үед харгана дотор хааяа нэг тал шил юм тавьчихаад тэмээ хомнох ачаа татах зуураа хааяа хааяа балгаж харагддаг байсан. Одоо бодоход тэр нь дулаацуулах, хүч тамир тэнхээ өгөх зэрэгтэй л холбоотой байсан болов уу. Аав минь хүүхдүүдээ мэдлэг боловсролтой хөдөлмөрч болгох үүднээс бидэнд оёдлын машин гармон хөгжим хичээлийн стол-ширээ авч өгөн тэднийгээ тэмээн дээрээ ч ачаад нүүдэг байлаа.
Өвөлд сум нэгдлийн мал нядалгаан дээр өдөрт зуун хонины бөөрийг гаргаж, зунд нь хоршооны зуун эр хонины ноосыг өдөрт нь төвөггүйхэн хяргачихдаг байснаараа аав минь ёстой ажлын машин байсан бөгөөд цэвэр хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө олон жил банкинд жилийн зургаан хувийн хүүтэй хадгалж хадгалж байгаад далаад оны эхээр сумын худалдаа ангид анх удаа Царцаа ногоон онгоцоор хоёр ширхэг цэнхэр Иж Планет-2 мотоцикль ирэхэд нэгийг нь авч унаж байв /зураг дээр/.
Тэгээд ажил хөдөлмөрөө сайн хийж байгаа арваад хүүхэдээсээ хамгийн сайн гэсэн нэгийг нь шагналын журмаар цэн цэн дуутай цэнхэр мотоциклийнхоо ардаа суулган Цэнхэрлэн харагдах уулс гээд ганц мэддэг сүлд дуугаа дуулан зуны сардаа хааяа нэг сумын төв рүү чихэр боовонд давхихад хэрвээ миний ээлж таарваас надад хамгийн сайхан мөч нь байв. Аавын минь тухай яруу найрагч Доржпаламын Сумъяа эгчийн маань зохиосон Нутаг амьтай аав минь дууг сонсохоор миний аав ээж, бага нас, нутаг орондоо зуны амралтаараа очиж байсан зэрэг идэр насны амьдрал маань тэр чигээрээ л багтдаг.
Манай Ургамал Завханмандал хоёр сумын яг зааг дээр орших Шар хадны хонгилд Гумаажав Гумаа ах гэх сэтгэцийн жаахан өвчтэй ганц бие бадарчин эр насаараа амьдардаг байлаа. Би хонио хариулаад хонгилынх нь урдуур өнгөрөхөд хонгилдоо марсайтал инээгээд сууж байдаг, хааяа яваад очихоор чихэр өгнө. Гумаа ахын хонгил манай хаваржаа намаржаанаас холгүй тул манайхаар их ирнээ, заримдаа хоноод ч явдаг.
Далан зургаан оны хавар Гумаа ах манайд ирж аавд «Доржпаламаа, Нас нилээн явж байна. Нэг л өдөр Шар хадны хонгилд өнгөрснөөс түмэн олны ойролцоо газар бараадаж нэг хатгуур ч гэсэн барья, нүүх уналга ачаа өгөөч» гэснээр аав ч дуртайяа зөвшөөрч гурав дөрвөн тэмээ уналга татлага гарган нүүлгэлцэж сумын төвөөс зүүн хойх нь орших Хар довон дотор буулгаж овоохой босголцож өгсөн юм. Түүнээс хойш Гумаа ах нэг их удалгүй гурав дөрвөн жил болоод хавар нялх ногооноор овоохойныхоо гадаа суугаараа өнгөрсөн байсныг нутгийн олон мэдэж ажил явдлыг нь гүйцээсэн юм гэсэн.
Аав минь Гумаа ах гэлтгүй ямарч хүн юм хэлэхэд үгүй гэдэггүй ялангуяа нам засгийн даалгаварыг юуны түрүүнд за гээд оёгүй хийдэг гүндүүгүй монгол эр байсан. Манай нутагт эмэгтэй хүн бөгтийгөөд сууж байгаа аятай Авгай хар гээд уулын энгэр, эргэн тойронд эрт дээр үеэс бидний үед хүртэл дандаа эмэгтэй авгай хүнийг ил задгай хөдөөлүүлдэг байсан бөгөөд тус газрыг нэгдлээс бэлчээр болгох зорилгоор сумын намын хорооноос цэвэрлэх үүргийг аавд оногдуулснаар аав тэмээнд хоёр сэгс тэгнэн ганцаараа бүх шарил яс үсыг цэвэрлэн нэгдсэн оршуулгын газар Титэмд аваачиж тавьснаар Авгай хар уулын ар өврөөр айл амьтан айж ичих явдалгүй амар тайван хаваржиж намаржих болсон билээ. Тухайн үед ээж санаа нь зовон нутгийн мэрэг төлөгч хүнээс асуухад аавыг харин ч их буянтай үйлс хийсэн хүн байна үр хүүхдүүд нь сайн явнаа гэж хэлсэн гэдэг.
Аав минь Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай үлдээгээд Хөөрхийс даарч хөрсөн ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ жижиг гэрээрээ нүүдэг байсан аавынхаа тэр сайхан сэтгэлийн хувийг бид үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа.
Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү /зураг дээр/ үнэмлэхийг харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалийн үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүний хувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт