Ирээдүй Энхбаярын гарт бий...
Ирэх УИХ-ын 2020 оны сонгууль төдийгүй ирээдүй Н.Энхбаярын гарт бий.
Учир нь түүний дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч болчих дөхсөн "Босоо" С.Ганбаатар тэргүүтэй бодлогын маш хүчтэй багийн боловсруулж бэлэн болгосон үндэслэл тооцоо сайтай үндэсний хөтөлбөрүүд бий. Тэд өнгөрсөн дөрвөн жил хөдөө гадаагүй явж хөтөлбөр бодлогоо танилцуулж дийлэнхи олонхийн дэмжлэгийг аваад байгаа.
Үүнд хамгийн түрүүнд Үндсэн хуулийн шинэчлэл, Оюу толгой, орон сууц, оюутны төлбөрөөс өгсүүлээд ашигт малтмалыг ард түмнийх болгох арга ухаан гээд олон оновчтой зөв шийдвэрлэж болох асуудлууд орсон. Н.Энхбаярын багт идэж уух хуучгүй эрдэмтэн докторууд голдуу нэг ч оффшор дансгүй нэр мөр цэвэр хүмүүс бий. Дээрээс нь Н.Энхбаяр өөрөө хал үзэж халуун чулуу долоосон бодь сэтгэл нь болд гянт болсон лидер.
Харин нөгөө талд Чингис бонд, "Хадгаламж" банк, казино, ЖДҮ, 60 тэрбум, албан тушаалын алалцаан, авилга, оффшор оймс, бандааш зэрэг ой гутам хэргүүдтэй Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгойг талцаж хуваасан хувалзнуудын МАНАН дунд манаргасан найдваргүй найман жилийн дүр зураг харагдаж байгаа. Ийм нөхцөлд ард түмэн хэнээр ч юугаа ч заалгахгүй яахаа өөрөө мэднэ.
Гэхдээ мөнгө эрх мэдэл мэдээлэл сүлжээг атгасан арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг МАНАН маргаашийн сонгуулийн ч маанийг унших чадалтай. "Босоо" С.Ганбаатарт болсон явдал шиг шөнө дундаас хойш сонгуулийн дүнг яаж ч идлээ гэхэд яг тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгууль шиг гурван гол нам тус бүр гуч гуч хувь хүрэхтэй үгүйтэй үүр цайлгаж өглөө болгоно. Энэ нь ахиад л эвслийн засаг нэртэй нэг нэгнээ татаж унагаасан өөр нэгэн дөрвөн жилийн үргэлжлэл болно гэсэн үг.
Харин түүний оронд өнгөрсөн ирээдүйн өс хонзонг огоорч алсыг харж МАН, Ардчилсан Нам гэлтгүй аль түрүүлж Н.Энхбаяртай хадаг сүү зөрүүлж харилцан ойлголцох хамтран ажиллах санамж бичиг зуруулж эвсэл болж эвлэлдэн нэгдэн УИХ-ын 2020 оны сонгуульд орж чадваас ирээдүй тэдний гарт орно. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ийнхүү эвлэлдэн нэгдэх нь эх оронч эр цэрэг миний хүсэл төдийгүй нийт Монголын ард түмэн цаашлаад мөнх тэнгэрийн хүсэл.
Ингэснээр Н.Энхбаярын зөв бодлого хэрэгжиж хөндлөн гулд барьсан мянганы авто төмөр замаар хөгжил даган ирж хориннэгдүгээр зуунд хоёрдахь нийслэлээ цогцлоож ард түмэн жаргалын найман хотдоо жаргаж азтай төрсөн Монгол хүмүүн бүр ашигт малтмалаасаа ашиг орлого хүртэж Арабын шейх шиг амьдарч авилга хээл хахууль ядуурлаас үүрд ангижрах боломжтой. Харин нөгөө авилга оффшорт орооцолдож аавын хаалга татах ёстой нөхдүүдийн аз нь шовойж муу хүний заяа завагт гэгчээр эв нэгдлийн ивээл дор тэгсхийгээд тэнсэн харгалзах аваад л өнгөрөх биз ээ.
Гэхдээ цаашдаа хэн нэг нь дангаар ноёрхоод даргын зөөлөн суудал мөрөөдөж байгаа бол ёстой түүн шиг худлаа юм байхгүй шүү!
Дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантан боссоо өргөмжилдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж албан хаагчдынх нь ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн халааснаасаа гаргаж байдгийн хувьд тэднээс гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт