“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж дэмий ч нэг хэлээгүй байх аа
2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр шинэ коронавирус БНХАУ-ын Хэбэй мужид илэрч тэр үеэс хойш дэлхийн өнцөг булан бүрт тархаад байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 24 улсад шинээр илэрчихлээ. Нийтдээ дэлхийн 50 гаруй улсад тархаж, гурван мянгаад хүн энэ өвчнөөр нас барлаа. Манай улсын хамгийн их холбоотой байдаг Япон, БНСУ-д дэгдээд байгаа нь биднийг түгшээж байна.
Шинэ коронавирусийн халдвар дэгдэхэд хамгийн өндөр эрсдэлтэй орон нь Монгол болохыг дэлхий даяар хэлж байсан юм. Энэ үг үнэний ортой. Учир нь манай улс тахлын голомт болсон БНХАУ-тай мөнхийн хөрш. Бид урд хөршөөсөө эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог. Хоёр улсын иргэд визгүй зорчдог нь ч таамгийг бататгахад нөлөө үзүүлсэн нь мэдээж. Мөн БНХАУ-ын 14 улстай хиллэдгээс манай улстай хамгийн урт буюу 4700 гаруй км-ийн хуурай замаар хиллэдэг юм. Эдгээр нь биднийг тахлын өндөр эрсдэлтэй орны тоонд оруулахад хангалттай хүчин зүйлс мөн. Хэдий өнөөдөр манай улсад коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр хэвээр, аюул биднийг отсоор байгаа нь үнэн юм.
Энэ бүх эрсдэлийг тооцож Засгийн газрын зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Коронавирусийн эсрэг хамгийн анхны арга хэмжээгээ нэгдүгээр сарын 24-нд авч хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Улмаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, Ухань хотоос иргэдээ авч ирэв. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдэж, Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоосон юм. Мөн Улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол, Япон, БНСУ-ын нислэлгийг түр зогсоон, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. Мөн өвчний халдвар илэрсэн тохиолдолд шаардлагатай эмнэлгүүдийг суллаж, ор гаргах асуудлыг шийдвэрлэсэн юм. Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдсэн. Мөн өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж Эрүүл мэндийн яам эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ авсан юм.
Ийнхүү бид төдийгөөс өдий хүртэл чадах ядахаараа хичээж байна. Хэдийгээр манай хошин шогчид Уханьд долоо хоногт нэг эмнэлэг барилаа, бид 50 ор бэлтгэж чадлаа гэж шоолж байгаа ч энэ чамлах зүйл биш юм. Бид зохих арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авсны хүчинд тэсэж суугаа байх гэж найдаж байгаа. Хориг арга хэмжээ авч байх хугацаанд хамгийн эрсдэлтэй үе нь Сар шинийн баяр тохиосон явдал байлаа.
Энэ үед л Монголд коронавирус дэгдэнэ гэж дэлхий нийт харж байв. Одоо ч чих тавьж байгаа нь мэдээж. Бид энэ хүртэл хичээж болсон юм чинь цаашдаа ч хичээх хэрэгтэй. Сар гаруй хугацаанд эрвийх дэрвийхээрээ хичээж, бүхий л арга хэмжээг идэвхтэй явуулж чадсан шүү дээ. Ард түмэн ч дэглэмээ хэр чинээгээрээ л сайн сахиж байна. Монголчууд бид “Үхрийн сүүлэн дээр хутгаа хугаллаа” гэлцдэг. Одоо л хэнэггүйтэж, дэглэмээ орхигдуулвал ёстой л сүүлэн дээр нь хутга байтугайгаа хугалах болно. Төдийгөөс өдий хүртэл бидний хичээж ирсэн бүхэн маань утга учиргүй хийрхэл болж хувирна. Бид одоо цаашдаа хэрхэн, яаж сахиж ирэв яг түүн шигээ л энэ дэглэмээ авч явах хэрэгтэй байна.
БНХАУ-д оргил үе нь өнгөрсөн гэж дуулдаж байгаа ч дэлхийн бусад орнуудад ид тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн аюулын эрсдэлийн түвшинг маш өндөр болгон шинэчилж байна гэдгээ ч мэдэгдсэн. Тийм учраас санаа амарч, уужрах цаг болоогүй. Бид өөрсдийгөө онцгой, мундаг гэж магтахад ч эрт байна. Гагцхүү энэ хэмнэлээрээ хичээх нь чухал, хэнэггүйтэж огтоос болохгүй. Хэнэггүй хандвал хэн ч энэ өвчнийг тусаж болдгийг Ираны дэд ерөнхийлөгчийн коронавирус туссан гэх мэдээллээс харж болохоор байна. Дээдүүл нь тусахгүй, доройчууд нь л тусна гэсэн зүйл байхгүй, хэнийг ч ялгахгүй бололтой юм. Тиймдээ ч манай улс коронавирусийн голомтод айлчилсан Ерөнхийлөгчөө 14 хоногийн тусгай дэглэмд оруулж, дэглэмийг биелүүлэхгүй их зан гаргасан нарийн бичгийн даргаа МАН халлаа. Эдгээр арга хэмжээ зөв байж, бусдад ч сануулга болов бололтой. Хяналтын дүнд дотоодод нөхцөл байдал тун боломжийн болчихлоо гэж найдаж байна. Харин одоо хилээр орж, гарч буй хүмүүсээ л сайн хянах нь аминд тулсан асуудал болсон гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ Засгийн газар зарим арга хэмжээнүүдийг хэтрүүлээд байна уу даа ч гэж ярих хүмүүс байна. Коронавирус гараагүй байхад хот хоорондох замаа хаасан нь арай сүржин шийдвэр болчихов уу гэдгийг хэлж байгаа юм. Мэдээж коронавирус дэгдчихсэн үед хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөнөөс мөн л дөө. Гагцхүү нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, бүх зүйлийнхээ тунг нь тааруулж, хэмжээ дамжааг нь баримаар байна. Хэтрүүлэхгүй, хэнэггүйтэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Нэг их сүржигнэж давхилдаж “муу эр дайнд хөөрлөө” гэдгийн үлгэрийг харуулаад ч яахав. Гэхдээ нөгөө монголчуудын алдарт “яагуузай л гэж” гэдгээ үзүүлж муйхарлан өвчин тахлын хөлд үй олноороо үхэж үрэгдээд ч яахав. Бидэнд ямар тэгж үй олноороо үрэгдээд байх ч олон монгол байх биш. Нэг ороод ирвэл энэ улсын чинь тал нь байхгүй болно шүү гэж бодож байх хэрэгтэй.
Энэ тахлын дэгдэлт болбол тун аюултай. Хорин мянган хүн хэвтэхэд бүгдэд нь хүрч эмчлэх эмч, эм, тангийн боломж манай улсад байхгүй шахуу. Бид бодохдоо хорин мянган хүн бүрд дусал залгаад л сувилагч эргэж гүйгээд байх юм төсөөлөөд байна. Ийм дусал, систем байгаа бил үү. Байгаа ч тэр бүгдийг шавхаад гаргах бил үү. Өвчлөгсдийг зүгээр л тусгаарлаад бусдад халдаахгүйг л бодохоос өөр юм хийх бараг боломжгүй шахуу. Тиймээс нэг газар хоригдож байгаад л үхэхээс өөр зам байхгүй гэж бодох хэрэгтэй. Ингэж бодож ингэж төсөөлж байж та энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдлээ өндөржүүлж, ухаалаг, болгоомжтой амьдрах хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэрийг ягштал биелүүлж байна гэдэг нь та өөрийгөө хамгаалж байгаагаас гадна элэг нэгтэн монгол ах дүү нараа аюулт тахлаас хамгаалж байна гэсэн үг шүү.
Үүний төлөө ч бүгдээрээ хичээе. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх зүйр үг бий. Энэ үгийг дэмий ч нэг хэлээгүй байх аа өвөг дээдэс минь. Энэ олон мянган жил дайн тулаан өвчин тахал дунд тэсч тэмцэж ирсэн хүмүүсийн амьдралаас гарсан сургаал юм энэ. Та хичээвэл таны заяа тавилан чинь хичээнэ гэсэн үг гэдгийг эрхбиш бүгдээрээ ойлгож байгаа. Иймээс хүн болгон дор бүрнээ чадах чинээгээрээ л хичээе. Магад тун удахгүй сайн сайхан үр дүнг нь үзэх болно гэсэн итгэл найдвар бид бүхэнд байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин"