Ө.Ганзориг: Төгс бус төгс төгөлдөр эсвэл дундаж төгс төгөлдөр
Үнэн хэрэгтээ төгс зүйл байх боломжгүй, учир нь төгс зүйлийн тухай ойлголтыг нийгэм өөрөө өөртөө бий болгож байдаг. Нийгэм өөрөө маш олон төрлийн, эсрэг төрлийн хүмүүсийн бүлгүүдээс бүрддэг тул төгс зүйлийн тухайд нэгдсэн ойлголтод хүрэх боломжгүй. Мөн нийгмийн төгс зүйлийн тухай, төгс амьдралын тухай хэм хэмжүүр байнга өөрчлөгдөж байдаг. Ийм учраас төгс биш төгс зүйлийн тухай ойлголт гарч ирнэ. Гэхдээ төгс биш төгс зүйлийг аль ч цаг хугацааны үед хүчинтэй байхаар тодорхойлох гэж оролдоё.
- Хүнээр өөрөөр нь жишээ татаж үзвэл хамгийн сонирхолтой байх болно.
- Тухайлбал эмэгтэй хүн өөрт тохирох залуугаа сонгож байна гэж үзье.
Тухайн эмэгтэйн хувьд төгс эрэгтэй хүн гэдэг нь өндөр, царайлаг, ухаантай, хүчтэй гэх мэт шинж чанаруудаар төсөөлөгддөг гэж үзье. Гэтэл олон зуун жилийн турш генетикийн хуулийн дагуу эдгээр бүх шинж чанарууд зэрэг бүрдэлгүй аль нэг нь давамгайлсаар ирж. Өөрөөр хэлбэл бие махбодын хөгжил давамгайлсан тохиолдолд тархины хувьд төдийлөн сайн байхгүй гэх мэт. Ингэснээр нийгэмд он удаан жилийн ажиглалтын туршлага үүссэн байна. Жишээлбэл царайлаг, булчинлаг залууг нийгэм хэзээ ч ухаантай гэж хүлээж авдаггүй байна. Ингэхээр төгс хүний тухай нийгмийн ойлголт нь өөрөө эсрэгээр төгс хүнийг үгүйсгэдэг байх нь.
Манай тохиолдолд дээрх эмэгтэй маань өөрийн бүх шалгуурт таарсан залуугаа олсон гэж үзье. Энэ тохиолдолд хэдийгээр мань залуу царайлаг, хөгжил сайтай биетэйн дээр ухаантай байсан ч гэсэн нийгэм түүнийг хүлээж авахгүй. Нийгмийн ойлголтоор тийм залуу ухаантай байж таарахгүй нь.
Төгс амьдралын хувьд хүртэл авч үзвэл 1920иод оны үед Т загварын Форд машин унаж амралтынхаа өдрүүдэд улс төр ярьж... гэх мэт ойлголтууд нь төгсөөд тооцогдох байсан бол орчин үед бидэнд тэр үеийн Т модел нь эртний эд гэж санагдах билээ. Тэгэхээр төгс биш төгс нь дундаж байдлаар тодорхойлогдож байна. Тухайн цаг үетэй эсвэл хэмжүүртэй нь харьцангуй авч үзэхэд дундажад тооцогдох зүйл нь харьцангуй утгаараа төгс юм.
Хүний хувьд гэхэд дээр дурдсан жишээгээ эргэж харах юм бол аль ч талаасаа нийгмийн хувьд төгс хүн нь дундаж хүн байх нь. Тухайлбал булчинлаг залуу маань ухаантай гэж үзэгдэхгүй учраас бизнесийн салбарт, эсвэл оюун ухааны салбарт хүндэтгэл хүлээж амжилт олохгүй нь. Эсвэл биеийн хөгжил дорой мөртлөө их ухаантай байвал оюун ухааны салбарт амжилт олох боловч эсрэг хүйстний анхаарал татах байдал, түүнээс улбаатай өөртөө итгэх итгэл зэрэг маш олон талбарт амжилтгүй болох болно.
2007.09.29нд
Ө.Ганзориг