Өрнөдийн хэмжүүртэй мөр зэрэгцэж алхах ёстой юм уу?
Маргарет Корт хэмээх дал нэлээн давсан настай австрали эмэгтэй бий. Залуудаа газрын теннисний Их Дуулгын ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлсэн хосгүй аварга эмэгтэй л дээ. Католик шашныг үнэн сэтгэлээсээ бишрэн шүтдэг уг эмээ олон жил ижил хүйстнүүд хоорондоо гэрлэж хүүхэд үрчилж авахыг тууштай эсэргүүцэж байгаа, түүнээсээ шалтгаалан сүүлийн үед Европ, Америкийн одуудын зүгээс байнгын шүүмжлэлд “зодуулах” болсон. Хүний эрхийн асуудлыг боомиллоо, хэн гээч хэндээ сэтгэл алдуурах нь түүнд хамаагүй гээд л.
Америкийн кино урлагийн шилдэг продюсер Харви Вайнштейныг буруутгасан олон жүжигчид дотроос нэгэн эмэгтэй түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа мөрийг нь илсэн гэж мэдүүлж байлаа. Нөгөө албан тушаалаа ашигласан бэлгийн дарамт гэдэг зүйл анги юм уу. Зарим Өрнөдийн улсуудад хүүхэдтэй гэр бүлээсээ илүү тэжээвэр нохойтой айл нь илүү их болчихсон мэт харагддаг. Шинэ Зеландад хүүхдүүд тусдаа өрөөнд унтахгүй бол эцэг, эхийг нь шийтгэдэг хуультай гэв. Хотоо хоёр банхараараа мануулчихаад эсгий гэртээ таван хүүхэдтэйгээ чихцэлдээд нүгэл, буянаа хослуулан тооноороо од тоолон хэвтэх жаргал тэдний нутагт тэр чигтээ гэмт хэрэгт тооцогдох юм байна. Бид тэдний тийм соёл, харьцааны хэмжээс рүү тэмүүлж хөгжих ёстой юу.
Д.БАТ-ЭРДЭНЭ