Баабар: Камю, Кафка, Батчулуун
Би үзэж харсан, сонсож мэдсэн зүйлийнхээ дөнгөж хагасыг нь л ярьсан шүү.
(Марко Поло)
Албэрт Камю бол ХХ зууны хамгийн сод зохиолч, философичдын нэг. Хэдийгээр өөрийгөө философич гэдгийг зөвшөөрдөггүй боловч тэрээр яах аргагүй экзистэнциал философийн урсгалын том төлөөлөгч мөн. Түүний Сизифийн домог, Босогч гэсэн хоёр эсээ нь дайны дараах шинэ сэтгэлгээний ертөнцийг доргиосон. Дөнгөж дөч гаруйхан насандаа Нобелийн утга зохиолын шагнал хүртсэнээр хамгийн залуу шагналтан болж байв. Камюгийн 1942 онд бичсэн Хөндлөнгийн хүн тууж нь сод бүтээл.
Зохиолын баатар бол ердөө байдаг л нэг эр. Нэгэн компанид ажилладаг, ганц бие залуу. Тэрээр нэгэн тохиолдолд хүн буудаад алчихсан. Санаандгүй ч юм шиг, цочир уурандаа ч юм шиг, сандарсандаа ч байж магадгүй, эсвэл ерөөсөө биеэ хамгаалсан байх. Цаад хүн нь хутга гаргасан болохоор аргагүй хамгаалалт гэж зүйлчилж болмоор. Мэдээж баривлагдлаа, шоронд суулаа, мөрдөн байцаах ажиллагаа явагдав. Мань хүн огт худлаа хэлдэггүй нэгэн, гэхдээ их хэгжүүн. Байцаагчтай муудалцсан, учир нь цаадах нь түүнийг аль болох хүнд хэрэг рүү чихэх гээд байгаа нь ойлгомжтой. Өмгөөлөгчтэйгээ хэл амаа ололцсонгүй, түүнийг өмгөөлөхдөө ямар нэг хуурмаг цагаатгал зориуд буй болгох гэж оролдоод буй хэрэг. Нэг үгээр хэлэхэд шүүхийг аргалан хуурч өмгөөлүүлэгчээ авч гарах гэж махраад буй. Мөрдөгч мань эрийг хэт харлуулах, өмгөөлөгч хэт цайруулах тал руугаа. Шударга хүний хувьд алинтай нь тэрээр санал нийлэхгүй. Мөрдлөгийн явцад саяхан асрамжийн газар нас барсан төрсөн эхийнхээ оршуулгад оролцохдоо уйлж бариагүй нь илэрлээ. Бас гэрчийн мэдүүлэг өгсөн хөрш нь хүүхэн худалддаг сүтинэр болох нь мэдэгдэв. Мань сүтинэр эхнэртэйгээ муудалцан зодоо цохион хийхэд нь манай баатар эвлэрүүлэх гэж оролдсон юм байна. Үүнд нь талархсан цаадах нь өөрийгөө сайн найз чинь болсон гэж мэдэгдсэн удаатай. Ингээд нийгмийн шаарын дотно найз болчих нь тэр.
Шүүх хурал дээр эцгийгээхөнөөсөн нэг алуурчин түүнтэй хамт шүүгдэх тохиолдол таарчих нь тэр. Энэ нь сонин сэтгүүлийнхний анхаарлыг татаж бөөн шуугиан үүсгэлээ. Аймшигтай хоёр алуурчин! Шүүгч мань эрээс яагаад эхийнхээ оршуулгад уйлаагүйг асуун үүнд гол анхаарлаа хандуулав. Асрамжийн газрын дарга болон бусад хамт амьдарч байсан хөгшчүүлийн гэрчээр дуудан удтал нарийвчлан асуух аж. Мөн гэрчээр орсон мөнөөх найз гэгч мань эрийг зай завсаргүй өмөөрөх боловч түүний сүтинэр болох асуудал шүүх ажиллагааны нэлээд гол асуудал болж босч ирлээ. Хүн буудаж хөнөөсөн асуудал бараг л хөндөгдсөнгүй, гол нь уйлаагүй, нийгмийн шаартай дотно найз гэсэн асуудлыг ярьсаар өнгөрөв. Мэдээллийн хэрэгслэлийн нотолж буйгаар хүн чанаргүй тэрээр эцгийгээ хөнөөсөн алуурчнаас ч дор амьтан болж дууслаа. Ингээд түүнд цаазын ял өгчихдөг байгаа.
Тухайн үедээ төдийлөн анзаарагдаагүй боловч хожим нь зүй ёсоор ХХ зууны шинэ утга зохиолыг бараг л үндэслэгч гэж тооцогддог Кафкагийн Шүүх явц гэх тууж Камюгийнхтэй төстэй. Энэ алдарт зохиолын уг герман нэр нь Der Process гэх ба оросоор ч Процесс гэх.
Монголоор «шүүх ажиллагаа» гээд орчуулчихсан нь учир дутагдалтай мэт, учир нь зохиолд танхимд болж ял өгдөг шүүх ажиллагааны тухай гардаггүй, чухам шүүх ажиллагаа болдоггүй нь энэ зохиолын гол санаа. Шүүхээр оруулахгүй мөртөө бүтэн жил мөрдөж дуудаж шаналгана гэдэг тухайн үеийн Австри-Унгарын эзэнт улсад онц гажиг явдал байсан байх л даа. Харин манайд энэ байтугай тамалдаг нь бүр социализмаас уламжлалтай, ер нь тийм байх ёстой нь социалист хууль ёсны дүрэм байх. Сэжиглэж байна гэдэг үндэслэлээр сар жилээр хорино, дараа нь нотолгоо олдоогүй ч шүүхээр оруулахгүй, хэргийг нь шийдэхгүй нийгмээс тусгаарлан мөнхийн сэжиг бүхий этгээд болгоно. Одоо бол үүнийгээ мэдээллийн хэрэгслэл, нийтийн хардлага, нийгмийн сүлжээ, элдэв гүтгэлэгээс дэмжлэг аван олон жилээр, аягүй бол насан туршид нь тамлан зовооно. Жорж Орвэлийн үзэн ядах цуглааныг орчин үеийн хэлбэрээр техник технологийн дэвшил, хамрах хүрээний чадавхийг ашиглан үүндээ нийтийг бүрэн оролцуулж чаддаг болжээ.
Ёзэф гэх банкны ажилтныг цагдаа нар баривчилдаг. Яагаад баривчилж байгаа, ямар хэрэг тарьсан гэж үзэж буйгаа тэд хэлдэггүй. Ёзэф мэдээж эсэргүүцэж сүйд болно. Удахгүй мөрдөн байцаахад дуудана тэгснээ явуулчихана. Мань хүн ямар хэрэгт холбогдоод байгаа нь уншигчид битгий хэл өөрт нь огт ойлгомжгүй явсаар зохиол дуусдаг. Хөршүүд болон танилууд нь хаширыг хэрэгт орсныг мэдээд байгаа юм шиг, өрөвдөөд, туслах гэж оролдоод. Бараг бүтэн жил мөрдөх шүүхийн явц үргэлжлэнэ. Гэхдээ шоронд биш гадуур. Сүүлдээ Ёзэф өөрийгөө гэмт хэрэгтэн гэж үнэмшиж эхлэнэ. Гэхдээ ямар хэрэг тарьснаа мэдэхгүй. Араас нь мөрдөнгийнхөн сэм, тэгснээ ил дагах боллоо. Нэг шөнө түүнийг баривчлана. Тэр огт эсэргүүцээгүйгээр барахгүй үүнийг зүй ёсны зүйл гэж үзэн хүлцэнгүй байсан төдийгүй тэднийг дагаад биш дагуулаад алхав. Мөнөөх мөрдөгчид ч юм уу, гүйцэтгэгч ч юм уу сюртюк, бортгон малгайтай ёслолын хувцас бүхий баривчлагч хоёр Ёзэфийн зүрхэнд хутгалан хөнөөж буй нь шүүхийн шийдвэрийг албан ёсоор гүйцэтгэж байгаа ч юм шиг?
Дээрх хоёр сонгодог зохиол аль алин нь гүн утга агуулсан сюрреалист бүтээл. Юутай ч бодит амьдарлын хуулбар биш. Гэвч үүнтэй маш төстэй явдал Монголд дандаа биш юм гэхэд үе үе тохиолддог нь дээрх зохиолуудыг эрхгүй санагдуулдаг юм. Үүний тод жишээ болж парламентийн гишүүн, Хууль зүйн сайд асан Батчулуунд тохиосон эмгэнэлт явдал бодогддог.
1998 онд УИХ-аар казино Монголд байгуулах хууль орж ирэн 80 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан юм. Санахаас гишүүн Бат-Үүл, Болдхэт нар үүнийг хүчтэй эсэргүүцэж байсан, үүнээ цаг нь болоогүй, гэмт хэрэг нэмэгдэнэ зэргээр тайлбарлаж байв. Хууль санаачлагчид Солонгос жишгийг дуурайн казинод монгол хүн нэвтрүүлэхгүй гэх заалт оруулсан ч гишүүд үүнд маш их эгдүүцэж, монгол хүнийгээ гадуурхах нь хэмээн сүрэглэн дайрсан. Монголд казино байгуулах саналаа хоёр ч газраас ирүүлсэн учир төдөлгүй шалгаруулалт хийх комисс Хууль зүйн сайд Батчулуунаар ахлуулан байгуулагдав. Тэр үед тэндэрийн хууль гараагүй байсан тул томилогдсон комисс хүсэлт гаргасан хоёр компанийг дэнслээд Макаогийнхыг сонгосон. Ингээд л комиссынхныг хахууль авсан талаар яриа хөөрөө ундарч эхэлсэн дээ. Мэдээж мөнөөх ялагдсан этгээдийн зүгээс. Тэднийг Монгол руу урьж авчирсан зуучлагч нь Уламжлалын намын дарга кисалтаа хэмээх Батболд, УИХ дахь гол лобби нь гишүүн Хулан байжээ.
Удалгүй Зориг гишүүн алагдлаа. Юунаас болж хэн үүнийг үйлдсэн нь бараг маргаашаас нь тодорхой болов. Зориг мөнөөх байгуулагдсан казинод их ордог, энэ нь орой болгон шахам зурагтуудын мэдээгээр гарна.
Элбэгдорж, Ганболд, Энхбаатар, Дашзэгвэ нарын казинотой дүрс ч бас үзэгдэнэ. Иймээс аллагын цаад шалтгаан бол казино гэсэн оюун дүгнэлт рүү мэдээллийн хэрэгслэл шургуу шахаж эхэлсэн хэрэг. Цуст хэргийг мөрдөгчөөр Алтангэрэл хурандаагэгч тэтгэвэрийн хүн дуудагдан ирж томилогдоо. Хамт олон нь монгол Шэрлок Холмс гэж үнэлдэг гэнэ. Тэгээд гол жоор нөөцөө гэрээс нь дуудаж авчирсан нь энэ аж. Хэдэн зуун хүн байцааж байсан ерөнхий төрхийг харахад Зориг казиногоос болж алагдсан гэдгийг л цагдаагийнхан батлах ганц зорилготой мэт.
Гэтэл гэнэт нэг мундаг гэрч гараад ирлээ. Сум Дашзэгвэ гэгч юутай ч сумтай ч нумтай ч эр. Тэрээр халзан Ганболдын өрөөгөөр санаандгүй ортол Энхбаатар тэр хоёр чемодан дүүрэн доллар дэлгэчихсэн тоолоод сууж байсан гэнэ. Дашзэгвэд банкны бүтэн боодол зуутын доллар өгөөд цааш нь хүнд битгий хүнд хэлээрэй гэж гуйсан гэнэ. Гэртээ очоод тоолсон чинь хоёр мянган доллар байхаар нь нэг мянгаар гонжоом худалдаж аваад үлдсэнийг нь архинд өгсөн гэнэ. Үүнийгээ бүр Тагнуулын газар, Цагдаагийн газарт сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн байдаг. За тэр хэлээгүй юу, Зориг казиногоос болж алагдсаан! Энэ бол хөдөлшгүй баталгаа. Боодол зуут 10 мянга байх ёстой атал мань хүн нийт хоёр мянга байсан, гарцаагүй бүгд зуутын дэвсгэрт байсан гээд байдаг, тэгснээ гонжоом авахдаа эндүүрээд худалдагчид 9 мянгыг өгчихсөн юм болов уу ч гэх шиг.
Энэ утгагүй эргүү яриа Шэрлэк Холмсийн итгэл үнэмшлийг мохоосонгүй, харин ч бадраав.. Хэргийг гялс илрүүлэх хэрэгтэй, сумын ярьсан бол гарцаагүй баталгаа, тэгэхээр юун түрүүн казиногийн шалгаруултад ялагдсан бүлгийнхний шаардаж тулгаж байгаагийн дагуу хэдхэн сарын өмнө баталсан Казино байгуулсан хуулийг үтэр түргэн цуцлуулах хэрэгтэй.
Ингээд УИХ-д Хулангаар толгойлуулсан томоохон тоглолт боллоо. Казиног тойроод дээрэм, хулгай, амиа хорлолт замаа алддаг гэнэ. Гол нь янханчлал гээч юм их хөгждөг аж. Би тэгэхэд ийм монгол үг анх удаа сонссон. Дашрамд дурдахад тун удалгүй Шаравдорж, Ганди нарын санаачлагаар мөнөөх «янханчлал» гэгчийг хуулиар хорьж эрүүгийн хэрэгт бүртгэж авсан. Цагдаа нар л их хожсон доо, хожим нь. Хулангийн дэмжигчид Зориг агсны бүлэг гээчид багтаж байсан дотныхоос ч илүү дотно найз нь байсан гэнэ. Энэ бол Зоригтой ойр байсан бидний хувьд огт дуулж мэдээгүй факт шүү дээ. Чухам энэ бүлгийнхэн л ямар мундаг тэмцэгчид байсныг казиногийн хуультай холбож яриад байгаа нь хачирхалтай ч ойлгомжтой
.Ардчилсан намаас салж өөрсдийгөө «хөдөөний фракц» гээд нэрэлчихсэн элсний 13-чууд казиногийн хуулийг бушуухан цуцлахыг хоолой нийлүүлэн шаардаж байв. Хоёр гурван сарын өмнө 80 хувиар сайшаагдан батлагдсан хууль мөнөөх дэмжиж лоббидон, Бат-Үүл, Болдхэт нарыг казино гээч сайхан юмныг эсэргүүцлээ гэж хэрэлдэн мохоож байсан гишүүдийн заналхийллээс болж мөн л 80 хувийн саналаар цуцлагдлаа.
Одоо Монголд хэзээ ч «янханчлал» гарахгүй! Элсний 13 гэдэг нь Засгийн газраас Малайзтай Эгийн голд усан цахилгаан станц бариулахаар гэрээнд бэлдэж байсныг цуцлуулаад, Чехийн Техноарт хэмээх барилга засварын бичил компаниар усан цахилгаан станц бариулахаар хөөцөлдөж байсан хэд л дээ. Цаадуул нь энэ саналыг хэрэгжүүлбэл хүн болгонд нь нэг сая доллар бэлнээр өгнө гэж амалсан юм билээ. Үнэндээ тэнэгүүдэд зориулсан энэ тоглоомын ард оросууд байсан нь хожим мэдэгдсэн.
Одоо Алтангэрэл хурандаагийн «Шэрлок» бүлгийн мөрдөх ажиллагаа (Дээр өгүүлснээр Кафкагийн «Der Process») шуурхайллаа. Казиногийн хуулийг санаачилж өргөн барьсан Энхбаатар, шалгаруулах комисст багтсан Батчулуун, Баттулга нар Зоригийг алсан, эсвэл алуулсан, үгүйдээ захиалсан, бүр үгүй юм гэхэд хэн хөнөөснийг сайн мэдэж байгаа. Энэ бол батлагдсан үнэн. Гэвч эхлээд бүрэн батлагдахаас нь өмнө алуурчдыг өөр хэрэгт буруутган гишүүнээс нь түтгэлзүүлээд шоронд хатаах хэрэгтэй. Тэдний өгсөн мэдүүлэг ердөө маргааш нь л сонин хэвлэл дээр гарч байлаа. Казино ашиглалт оруулсан будаалгад тэд үзэг, суран тэлээ бэлгэнд авснаа хүлээжээ. Авдар мөнгийг суран тэлээнд боогоод авч байгаашог зураг зураад «Би ердөө л суран тэлээ авсан» гэсэн тайлбартайгаар олон сонинд дамжуулж хэвэлсэн нь ард түмний хөх инээдийг хүргэж байсан. Зургийн захиалагч нь ч тодорхой байсан. Кисалдаа Батболдын мэдүүлэгт Батчулуун хахуульд гурван өрөө байр, гар утас, автомашин авсан гэснийг ч сонинууд шуурхай тарааж байлаа.
Ийм сайхан опперацийн үр дүнд Зоригийг хөнөөсөн явдал нь казинотой нягт холбоотой, тэрний цаад учиг нь энэ гуравт байгаа гэж нийт ард түмэн бат итгэн хариуг нь гарахыг тэсэн ядан хүлээцгээж байлаа. Бүр догдолчихсон, ярьдаг нь энэ гурвын тухай.
Сонгууль ч дөгсөн байсныг хэлэх үү, цагдаагийн дарга Мөрөн, хуульч Сугар нар «эд өөрснөө биенээ алсан, засгаас эднийг бушуухан салгахгүй бол хэрэг илрэхгүй» гэж зурагтаар улаан цагаангүй мэдэгдэж байв. Сонгууль ч бат л даа. Энэ нь ч нотлогдож эд өөрснөө дээд сэнтийд заларсан. Үхснээ хийх гэсэн юм бол, цагдаагаа л хийнэ биз?
УИХ шөнийн гурван цаг хүртэл хуралдаж мань гурвыг гишүүнээс нь түдгэлзүүлж, баривчлан шоронд хийхийг Алтангэрэл хурандаад зөвшөөрлөө. МАХН-ынхан, Зоригийн бүлэг гэж өөрсдийгөө нэрлэгсэд, мөнөөх элсний 13-ын хөдөөчүүдийн саналаар ингэж шийдсэн хэрэг. Бас цөмөөрөө их хүний мөстэй гээч, «зүгээр зүгээр гэмгүй, шалгуулчихаад л цагаадаад эргээд ирээрэй» гэж нүнжиг гарган хошуу цорвойж ам амандаа энхрийлцгээнэ. Чехийн барилга засварын жижиг компаниар тус бүр сая доллар амлуулагсад, нэр нь муудаж дордсон намаа нулимж байж дараагийн сонгуулиар дахин цухуйх гэсэн горьдогсод, эмчилгээндээ мөнгө нэхээд олж чадаагүйдээ хорссон нэгэн, удахгүй болох сонгуулиар дахин засгийн мэдэл авах гэсэн яарагсад, гай болж казиногийн гэх хэрэгт нэр нь холбогдоод сандарч яваа сөрөг хүчний толгойлогч нар Шэрлок ажиллагааг зөнгөөрөө дэвэргэж байлаа. Наад гурваа бушуухан аваад яв! Тэдэнд шалтаг ч байсан, шалтгаан ч байсан.
Ачаад явлаа, өнөө гурвыг. Чонын амнаас гараад барын аманд гэгчээр тэд ажлаа амжилттай гүйцэтгэсэн Шэрлок Холмсын амнаас гараад Галдаа гэгч прокурорын хурц араа шүд рүү орох нь тэр.
Хурандаагийн бүлэг тэднийг Зоригийг хөнөөсөн асуудалтай холбосон баримт олж чадаагүй учир юу ч гэсэн хахуулийн хэрэгт нь хүлж ороогоод прокурорт тушаачихсан хэрэг. Ямар «Зоригийг хөнөөсөн хэрэгтэй эд холбогдсон баримт олдсонгүй» гээд суллалтай нь биш. Галдаа их сонин товарищ, сонин хэвлэлд ярилцлага өгөх их дуртай. Одоо ч хэдийнээ тэтгэвэрт гарсан мөртөө элдэв хэрэг явдал сонсуутаа холбогдогч этгээдийг юу юугүй шууд буруутган бараг л даруй цаазлахыг шаардах шахна. Угаасаа ингээд төрчихсөн юм уу, эсвэл хообий нь юм юмуу, бүү мэд. Шүүх ажиллагааг Пүрэвдорж гэгч удирдаж байсан санагдана. Прокурор болохоор мань гурвыг буруутай ч, буруугүй ч байсан ямар ч гэсэн шоронд хийхийг уйгагүй шаардаж байлаа. Олон нийтэд үзүүлэх хүмүүжлийн арга хэмжээ бололтой. Хэрвээ энэ гурвыг шоронгоор шийтгэхгүй өнгөрөөх юм бол цаашид Монгол улсад авилга хээл хахууль ихэд дэлгэрч сүйд болно гэсэн таамаглал нотолгоогоор ялын төлөвлөгөөгөө баталж байв. Мань гурав хэргээ хүлээгээгүй боловч тулгаж таслан шоронд илгээгээд ард түмнийхээ догдолсон сэтгэлийг түр ч болов амраах нь тэрээ.
Хэдэн жилийн дараа тэд ялаа эдлээд суллагдсан. Батчулуун элэгний хатууралтай байсан нь үнэн. Гэхдээ элэгний өвчний даамжралт сэтгэл санаанаас их хамааралтай. Батчулуун маань алиа хошин зантай, цайлган нэгэн боловч сэтгэлийн тэнхээ муутай, дороо сэтгэлээр унадаг, тэгэхээрээ юу юугүй уйлчихдаг нэгэн байсан юм даа. Нэгдүгээр сарын хүйтэнд гудамжинд явж байхтай нь таарсан. Малгайгүй, хоёр чихээ алгаараа дарчихсан үрчээд алхаж явна. «Малгай өмсөхгүй яасан юм?». «Хөгшин чинь аавынд очихдоо гэртээ үлдээсэн чихтэй малгайгаа эрээд олдоггүй ээ». Хөөрхий дөө хэдэн найз нь дэлгүүрт дагуулж ороод малгай худалдаж авч өгсөн. Нас барсны дараа нь гэрт нь очиход тэднийд гурван өрөө байр ч байсангүй, унах машин ч байсангүй. Эхнэрийнх нь ажлын газар «Говь» комбинатаас аль социализмын үед хуваарилж өгсөн ганц өрөө байранд амьдардаг аж. Гэрчийн мэдүүлгийн дагуу мөрдөн болон шүүхээс тэдний байр машиныг огт шалгаагүй байгаа юм даа. Хахууль авсан л байж таараа, энэ бол хөдөлшгүй нотолгоо, гэрч юу боллоо гэж худлаа хэлэв гэж!
Батчулууныг нас барахад гэрт нь хамгийн түрүүн очсрн хүний нэг нь түүний амьддаа сууж байсан сайдын сэнтийг эзэгнэсэн Нямдорж байлаа. Тэрээр эхнэрт нь дэмжлэг гэж сая төгрөг өгөөд, хөөрхийг гүтгэн буруутгах Der Process-т оролцоогүй төдийгүй өмөөрч явснаа нулимс дуслуулан ярьжээ. Мань хүн юу гэж дөвчигнөн бүлтэрч байсныг сайн санаж байгаа олон гэрч одоо ч амьд байгаа юмсан даа!
2020.2.8
Баабар