Хүүхдийн түргэний дуудлагын 62 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна
Хүйтний эрч эрс чангарч, ханиад томуугийн дэгдэлт нэмэгдсэн энэ үед нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын амралтыг 7 хоногийн хугацаатай сунгасан.
Энэ сарын 06-ны өдөр Засаг даргын орлогч Х.Анхбаяр дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг, дотор, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн тасгаар орж, өвчлөлийн нөхцөл байдалтай танилцаж, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжил дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлэн байдалд хяналт тавьж ажиллалаа.
2020 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар ЭМТ-ийн амбулаторийн нийт үзлэгийн 4,1%, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 62,1%-ийг томуу, томуу төст өвчний тохиолдол эзэлж, 0-5 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгаа ба цаашид нэмэгдэх хандлагатай байна гэдгийг эмнэлгийн удирдлагууд танилцуулж байсан юм.
Мөн Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн ирц 49%-тай байгаа аж.
Ханиад томуугийн дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулан өрхийн эмнэлэг, амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэгт нэмэлтээр эмч ажиллуулах тухай ЭМТ-ийн даргын тушаал гарган ажиллаж байна. Томуугийн идэвхжил дэгдэлтийн үед 50 ортой хүүхдийн эмнэлэгт нэмэгдлээр 15 , дотрын 1-р тасагт 30, дотрын 2-р тасагт 10 ор нийт 105 ор тус тус дэлгэхээр төлөвлөсний зэрэгцээ шаардлагатай эмнэлгийн эм хэрэгслийг нөөцөлж бэлэн байдлыг хангасан ба томуугийн дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган эмч, эмнэлгийн ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна.
Вирусны гаралтай томуугийн дэгдэлт өндөр байгаа энэ үед эмнэлгийн байгууллагаас амин дэм өндөр хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраас явахгүй байхыг зөвлөлөө.