Шинэ колоничлолын гинжинд тэлчилж буй Монгол орон
Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай
Бүгдийг хуу хулгайлахад ганцхан ҮЗЭЛ СУРТАЛ хангалттай!
Шинэ колоничлолын тулгуур баримтлалаас
Анзаарах, бодох зүйлс
2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бухимдалтайгаар дээрх эшлэлийг онцолж байлаа. Түүний хэлсэн үгийг сануулахад: – Би үүнийг ухаантайдаа яриад байгаа юм биш.
“Эдийн засгийн алуурчид” гэж энэ ном гадуур монгол хэл дээр хэвлэгдсэн гарсан байгаа. Үүнд уул уурхай гээд бидний баярлаад байгаа зүйлийг бүгдийг нь мөн чанараар нь биччихсэн байна.
Та нар дөрөвхөн мөр уншаад үзээрэй. “… тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж… Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн байна…
Үүнээс долоон жилийн дараа 2019 оны аравдугаар сарын 15-нд FATF Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага Монгол улсыг Саарал жагсаалтад оруулснаа зарлалаа. FATF-ын хуралд оролцогч орнуудаас гурав нь Монгол Улсын эсрэг санал өгөхөд Саарал жагсаалтад шууд оруулдаг гэх агаад санал өгсөн улсууд нь АНУ, Австрали, БНХАУ болж таарав.
Манай стратегийн түнш гэгдэх хоёр гүрэн, америкийг аялдан дагагч нэг улс ийнхүү Монголыг “шогложээ”. Яагаад, яах гэж, юуны тулд? …
Логик, бас дахин логик
Саарал жагсаалтад Монгол Улс орсон даруйд Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид, хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зөрчилтэй мэдэгдлүүдийг яаран хийж эхлэв. Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Саарал жагсаалт”-ын асуудал нь тус компанийн төслийн санхүүжилтэд нөлөөлөөгүй” гэж мэдэгдсэн.
Гэтэл австралийн afr.com сайт Монгол Улс Саарал жагсаалтад орсноор Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгаа талаар ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб ярьсныг мэдээллээ. Жефф Готтлиб “… Оюу толгой нь улсын макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Хэрвээ төсөл зогсохоор болвол … тооцоог дахин нягтлан авч үзэх шаардлагатай. Мөн төсөл зогсвол … бодлогын зөвлөмжөө дахин нэг эргэж харах хэрэгтэй болно” хэмээн ярьжээ.
Гайхах зүйл нь Саарал жагсаалт- ОУВС-ОТ төслийн санхүүжилт яагаад шууд л уялдаад явчихав?
Саарал жагсаалтаас болоод “Рио Тинто компани Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгааг” AFR агентлаг онцолсон нь логикийн хувьд ихээхэн зөрчилтэй. Учир нь FATF мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудалд л анхаардаг. Тэгэхээр “Рио Тинто”-гийн татах санхүүжилт бохир учраас гацах нь гэх логик энд үүснэ. Хэрэв цэвэр мөнгө байсан бол гацах ёсгүй биз дээ. Эсвэл тэд ердөө л монголчуудад шахалт үзүүлж, сүрдүүлж байна.
FATF байгууллагыг 1989 онд тухайн үед “Их долоо” гэгдэж байсан орнууд байгуулсан. Одоо тус байгууллагын Ерөнхийлөгч нь Хятад. Нарийн бичгийн дарга нарын зөвлөл нь Америк, Орос, Хятад, Англи, Австрали, Франц, Германы төлөөллөөс бүрддэг.
Монголыг саарал жагсаалтад оруулахдаа тулгасан дөрвөн зүйл “ялыг” жинхэнэ мөнгө угаагчид, терроризмаас санхүүжигчид нь сонсвол хөх инээд нь хүрч, татаад уначихмаар зүйлс ажээ. Тэгээд ч саарал жагсаалт руу “захиалгаар” оруулсан байж мэдэх буруутнууд ямар ч гэм шийтгэлгүй үлдээд, ажлаа хийж яваа нь гайхалтай.
FATF Нэгдүгээрт:
-Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгодог.
Хоёрдугаарт:
– Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэхгүй байна.
Гуравдугаарт:
– Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхээргүй болгох хэмжээний шийтгэл оноохгүй байна.
Дөрөвдүгээрт:
– Үй олноор устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх заалтыг зөрчиж байна. Хойд Солонгост тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг биелүүлэхгүй байна.
Сүүлийн шалтгааныг авч үзье. Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамандаа тушаадаг гэсэн мэдээллийг энд дурджээ. 300 ажилчин сарын хоёр сая төгрөгийн цалинтай гэж тооцъё. Үүнээс өндөр цалин авна гэвэл монгол компаниуд ажиллуулахгүй. Тэд жилдээ долоон тэрбум 200 сая төгрөгөөр Ким Жон Уны цөмийн хэнээрхлийг санхүүжүүлдэг болж таарах нь. Энэ нь гурван сая ам.доллар хүрэхгүй мөнгө болох бөгөөд ийм хэмжээний мөнгөөр цөмийн бөмбөг хийнэ гэвэл элэг доог болох нь тодорхой.
FATF 2013 онд Монголыг “Саарал жагсаалт”-д оруулахдаа ид гаарч байсан Хойд Солонгосын талаар огт дурдаагүй хирнээ хоёр дахь удаад гаргаж ирсэн нь шинэ шалтаг бодож олсных гэхээс өөр тайлбар байхгүй. Тийм л юм бол БНХАУ, ОХУ зэрэг НҮБ-ын хоригийг үл тоон Хойд Солонгосыг илэрхий дэмждэг, эдийн засгийн туслалцаа үзүүлдэг улсуудад хориг тавьж, хар жагсаалтдаа оруулахгүй яагаав?
Тусгаар улс мөн юм бол өөрийнхөөрөө шийддэг, өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг байх ёстой. Унгарын Ерөнхий сайд В.Орбан ОУВС-г эх орноосоо хөөн гаргаж, тэдний санал болгосон зээл, тусламжаас бүрэн татгалзаж, унгарын мөнгө, хөрөнгө оруулалтын бодлогыг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн бие дааж явуулах болсноор сүйрлийн ирмэгт ирсэн Унгар улсыг аварчээ. Өнөөдөр Унгарын эдийн засаг хөл дээрээ зогсож, бусдаас хамааралгүй болж байна. Тэд FATF зэрэг дээрэнгүй байгуулгыг зүгээр л нулимдаг. Алдсан зүйл алга.
Мөнгө угаахтай холбоотой хэргүүд шийдэгдэхгүй байгаа нь цэвэр Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд хариуцлага атал энэ хүн огт шийтгэлгүй үлдчихсэн сууж байгаа нь нягтлах ёстой сэжүүр юм. Нэг, хоёрдугаарт дурдагдсан шалтгааны хариуцах албан тушаалтан нь Сангийн сайд мөн атал түүнийг шийтгэл тойрч, Монгол банкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга хоёроор туг тахиад өнгөрсөн нь ч хачирхалтай.
“Саарал жагсаалт”-д орсныг “Сүртэй зүйл биш. Харин ч манайд ашигтай” гэх маягаар тайлбарлах нь бий. Шинэ колоничлолын багийг хуулах, Монголын Засгийн газар шинэ колоничлогчдын өмнө арчаагүйтэн бөхөлзөж байгааг тодруулсан ашиг байх шиг байна.
“Саарал жагсаалт”-д монголыг “чихэж” оруулсан гурван улс манай асуудалд бусдаас илүүтэй “зовниж” байгаа нь сонирхолтой. БНХАУ-ын төрийн Шинхуа агентлаг АХБ-ны Монгол дахь захирал Pavit Ramachandranthe УИХ-ын даргатай уулзаж, саарал жагсаалтаас даруй гарахад нь Монгол Улсад туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг мэдээлэв. АХБ-ны гол санхүүжүүлэгч нь БНХАУ билээ. Хятадууд Рио Тинтогийн талд орж, манайд шахалт үзүүлэхэд оролцож байгаагийн цаана олон салаа зорилго агуулагдаж байж болзошгүй юм. Нэгд, хятадын төрийн өмчит компаниуд “Рио Тинто”-гийн хувь эзэмшиж байгаа. Хоёрт, Монголын Засгийн газар Оюутолгой төсөл дээр шийдвэр гаргаж чадахгүй удах тусам хувьцааны үнэ унаж, хямдаар гартаа оруулах нөхцөл бүрднэ. Гуравт, Монгол Улс гуравдагч хөршүүдээс хөрөнгө оруулалттай байх нь хятадын ашиг сонирхолд нийцтэй зүйл биш. Хятадын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээтэй своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл гурван жилээр сунгах Монголын хүсэлтэд тэд таагүй хандаж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулах, шахаанд оруулах чиглэлд хийж байгаа түлхэлт байж болох юм.
АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли монголд яаран ирж “Юуны өмнө АНУ Монгол Улс болон Монгол Улсын ардчилал, бие даасан хараат бус байдлыг тууштай дэмждэг гэдгийг хэлмээр байна. “Монгол Улсыг аль болох богино хугацаанд Саарал жагсаалтаас гаргахыг АНУ хүсэж байгаа” хэмээн манжлав. Энгийн хэл рүү хөрвүүлбэл энэ нь дараах утгатай юм. “Рио Тинто”-гийн эрх ашгийг хөндөхгүй шиг бай, аясаар нь яв. Тэгвэл та нарт өлзийтэй”.
М.Билингсли монголчуудыг тайвшруулахаа ч бас мартсангүй. “Нийт 66 улс “Саарал жагсаалт”-д орж, бас гарсан байдаг. Монгол Улс өмнө нь нэг удаа “Саарал жагсаалт”-д ороод гарсан”
Тийм ээ, өмнө нь 2013 онд Монгол Улс “Саарал жагсаалт”-д анх тавтай морилсон бөгөөд Ч.Сайханбилэг “Рио Тинто”-д бууж өгч, Дубайн төлөвлөгөөнд шившигтэйгээр гарын үсэг зурснаар “өршөөгдөж” жагсаалтаас мултарч байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд бууж өгөхгүй сөрсөн тул Монгол Саарал жагсаалтад морилсон юм. Монгол Улсыг олон улсын шүүхэд ялагдуул гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шахаж байсан гэх ноцтой мэдээллийг ХЗЯ-ны Тамгын газрын дарга асан Э.Зоригт саяхан дэлгэсэн. Энэ бол шинэ колоничлогчид цагаандаа гарч байсны нэг л жишээ. Ч.Сайханбилэг Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурвал хууль зөрчсөн хэрэг болно гэсэн хууль зүйн газрынхаа зөвлөмжийг үл хэрэгсэн нисч, очин зурсан байдаг нь асар том сонирхлоор л өдөөгдөх хэрэг мөн билээ.
Маршалл Билингсли “Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан орнуудын нэг нь АНУ байсан” гэх сурвалжлагчийн асуултад ихэд эгдүүцэн ингэж хариулжээ. -Энэ тухайд үг сонгохдоо болгоомжтой байхыг хүсч байна. Яагаад гэвэл энэ бол буруутгах үйл явц биш, харилцан үнэлэх үйл ажиллагаа юм. Далд утга нь “юу гээд олон юм шалгаагаад, хардаад байдаг юм. Бид нар та нарыг учиргүй буруутгаагүй, зүгээр л “ухаарах боломж” өгч байхад чинь…”
“Рио Тинто” олон улсын байгууллагууд, их гүрнүүдээр дамжуулан шахалт үзүүлдэг нь өнгөрсөн хугацаанд ил болсон. 2017 онд Оюутолгой төслийн мөнгөн гүйлгээг Монгол банкаар явуулдаг болгох хуулийн төслийг УИХ идэвхтэй хэлэлцсэн билээ. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад энэ нь тустай гэх үзэл баримтлал Их хурлын танхимд газар авч байлаа. Гэтэл ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсооно хэмээн заналхийлж, хөтөлбөрийн хүрээнд зээл олохоор тохиролцсон байсан Дэлхийн банк, Японы Засгийн газар дуу дуугаа авалцан Монголд олгох санхүүжилт гацсан болохыг мэдэгдсэн байдаг. УИХ Оюутолгой төслийн мөнгөн гүйлгээг монголоос гадуур явуулдаг байдлыг хэвээр үлдээсний дараа л хөтөлбөр сэргэж байсныг монголчууд мартаагүй.
Одоо дархан мэхээ ахин хийж, Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх УИХ-ын тогтоол гармагц “Саарал жагсаалт”-ын асуудлыг хурцатган, хүндрүүлэх, монгол руу орж ирэх бүх санхүүжилтын сувгийг хаахаар зүтгүүлж байна.
“Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр, Хатанбаатар ван хоёрын хооронд болсон яриа бий. Баатар ван цагаантнуудтай хэлэлцээр хийхийн урд шөнө Төмөр адууг нь туугаад ирсэн байдаг.
Хатанбаатар: – Миний хэлэлцээр хийх гэж байгааг чи мэдсэн үү?
Төмөр: – Мэдсэн. Чингээд морьтой хүнтэй ярьж байснаас явган хүнтэй яривал үгэнд орох нь дээр байх гэж бодсон юм.
Яг ийм зүйл “Саарал жагсаалт”-ын эргэн тойронд өрнөж байна. Мөнгөгүй хүмүүстэй хэлэлцэхэд амар гэх логикоор шинэ колоничлогчид монгол руу мөнгө орох бүх нүх сүвийг өөрсдөөр нь хаалгаж, зөвхөн өөрсдөөс нь хамааралтай, өөрсдийнх нь дохиогоор хөдөлдөг болгохоор шахсаар… Монгол Улс ганцхан шинэ колоничлогчдоос өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй мөнгө авах нь цагаан, цэвэрхэн мөнгө болохюм байх.
Үүнд идэвхийлэн зүтгэж, FATF-д(Rio Tinto-д гэж ойлгох)таалагдахаар элдэв хуулийн төсөл барин гүйж яваа хүмүүсийн намтрыг уншигчид сөхөөд харчихад гэмгүй. Австралид, америк, канадад сурсан, мэргэжил дээшлүүлсэн, ажилласан гэх мэт зүйлс дурайж байгаа.
Монголд үйлдэгдэж буй “эдийн засгийн аллага”
2004 онд хэвлэгдэж, дэлхий даяарт түгсэн Confessions of an Economic Hit Мan хэмээх намтарчилсан номын зохиогч John Perkins-ийн илчилсэн, тайлбарласан үйл явдлууд яг одоо монголд бүрэн утгаараа хэрэгжиж байна. “Эдийн засгийн алуурчны наминчлал” номд үндэстэн дамнасан корпорациуд, ДХБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг нь ядуу улс орнуудад их гүрний ашиг сонирхлыг тулган хүлээлгэдэг хэрэгсэл болохыг баримтаар илчилсэн билээ.Түүнээс гадна “Zeitgiest” хөдөлгөөний удирдагч Peter Joseph “НҮБ, Европын холбоо, ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум” зэрэг байгуулгууд нь Үндэстэн дамнасан корпорациудын эрх ашигт үйлчлэхийн төлөө байгуулагдсан” гэжээ.
Үнэхээр ч Энэтхэг, Пакистан улсууд шинэ колоничлогчдын байнгын халамжид байдаг ч хэдэн зуун саяар тоологдох гуйлгачидтай, ард түмнийх нь амьдрал там болсон байдалтай байгаа. Эсрэгээр тэдэнд “үгүй” гэж хэлсэн Унгар улс сэргэн бослоо.
Шинэ колончилогчид эдийн засгийн аллагаа хэнээр хийлгэдэг вэ?
Нөлөөллийн агентууд. Өөрсдийн нөлөөлөлд оруулсан албан тушаалтнуудаар хууль, шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах замаар л хийчихдэг аж. Нэхэн санавал С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил гээд Оюутолгойн талд бат зогсдог, үхэн хамгаалдаг этгээдүүд бүгд америк, Австрали, Канадад суралцах, ажиллах нэрээр нөлөөллийн агент болсон хүмүүс юм. Эндээс ганцхан Ц.Нямдорж л хүү Н.Анхбаярыгаа Шинэ Зеландад Австралийн мөнгөөр сургаад, америкт консулаар ажиллуулж “дадлагажуулсан”. Одоо Австралид Элчин сайдаар суулгах гэж байгаа гэдгээс олон зүйл тодорхой болно. Ц.Нямдорж Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэх үед хамгийн чангаар эсэргүүцэн хашгичсаны цаад учир ийм бөлгөө.
ОХУ-ын эдийн засгийн доктор А.Е.Лебедев «Банкны ангуучлал» номдоо “Эхэн үеийн колоничлол нь цэргийн хүчээр явагдаж байсан бол, хоёрдугаар колоничлолыг – мөнгө санхүүгийн хүчээр хийсэн юм. Одоо явагдаж байгаа гуравдугаар – Шинэ колоничлол нь үндэсний элит, улс төрийн манлайлагчдыг урвуулан авах, тэднийг хөгжингүй орнуудын жанжлал, давамгайллыг биширдэг, даган баясдаг болгох замаар хэрэгжиж байгаа” гэжээ.
Шинэ колоничлогчдын дараагийн мэх нь улс орнуудын санхүүг хяналтдаа оруулахын тул Мөнгө угаахтай тэмцэх, Татвараас зайлсхийх, Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх нэрээр хөрөнгө оруулалтынх нь бүх боломжийг хааж, өөрсдөөс нь өөр сонголтгүй болгох замаар санхүүгийн далд дайныг өрнүүлэх байдаг.
Угтаа бол АНУ нь мафи, мөрийтэй тоглоом, хар тамхины наймаа, дайн дажин аллагаас олсон асар их бохир мөнгөөр боссон улс шүү дээ. АНУ-ын татваргүй бүс, мужуудад мөнгөө байршуулахыг тэд гэмт хэрэг гэж огт тооцдоггүй. Татварын диваажин гэгдэх Delaware муж улсад нь “Rio Tinto” бүртгэлтэй байх жишээний. Global Witness байгуулгын судалгаагаар америкийн нутаг дээр байдаг, тэдний хяналтад орсон оффшор бүсүүдэд нийт бохир мөнгөний 72 хувь байршиж байдаг ажээ.
Нийтлэлийн бүрэн хувилбар shuud.mn мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин