Хорт хавдрыг эрт илрүүлэхэд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна
Эрүүл мэндийн тухай хуульд өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд нэмэлт, өөрчлөлт оруулан, баталснаар хорт хавдрыг эрт илрүүлэх, үзлэг, оношилгоог насны бүлгээр зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй хүн хорт хавдраар нас барж, шинээр оношлогдсон нийт тохиолдлын 70-80 хувь нь хожуу шатанд буюу эдгэрэх боломжгүй үедээ эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь өвчнийг эрт үед илрүүлэх тогтолцоог эртнээс шаардсан гэсэн үг. Дээрх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтуудыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд эхний ээлжид элэг, уушги, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, бүдүүн, шулуун гэдэс гээд долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх нэгжийг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах аж.
Үүний дараа 40 ба түүнээс дээш насны, элэгний архаг үрэвсэл, хатууралтай, В, С вирустэй иргэнийг хавдар илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2, ходоод, улаан хоолойнх бол нэг удаа хамруулах гэнэ. Тэгвэл 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний өмөнг эрт илрүүлэх үзлэгт гурван жил тутамд, 50-иас дээш насныхныг уушги, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах болжээ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 гаруй тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгасан байна. Өвчнийг эрт үед илрүүлснээр 2030 он гэхэд манай улс элэг, ходоодны хавдраас үүдэлтэй нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломжтой аж.