Орос характер...
Оросууд бол орос офицер хромон гутал шигээ онцгой хүн чанартай хүмүүс, угаасаа тэд рекламдах дургүй ард түмэн болоод ч бидний багаасаа сайн мэдэх барааны саван баавгайтай чихрээс авхуулаад бүх бараа таваарт орос чанар нь чимээгүй шингээстэй байдаг.
Оросууд огород хэмээх зургаан сот газраасаа ургацаа хурааж жилийнхээ хэрэгцээг хангаж подвалдаа хадгалж нөөцөлдөг нь хорь гучин сая хүнээ алдан байж хоёр том дайныг өөрийн биеэр туулсантай холбоотой учраас жил жилийн хүнсний нөөцөө хэнээс ч хамааралгүй бэлдэж сурсан ард түмэн.
Дайны дараах жилүүдэд ч коммунальный хэмээх нийтийн байранд хөгшин хөвөө нийлсэн зургаа долоон гэр бүл хамтдаа амьдарч коммунизм хэмээх цоо шинэ нийгмийг цогцлоон байгуулах гэж зүтгэхдээ нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө зарчмыг яс махандаа шингээсэн хүн чанар хөршийн харилцааг эрхэмлэж сурсан ард түмэн.
Оросын бөглүү тосгонд үдэш орой цонхны цаанаас лаа асааж тавьсан бол хэнийг ч болов ороод ирээд цай идээ амсаад гараач гэсэн орос ардын үнэн сэтгэлийн үггүй урилгын зан заншил. Энэ тухай Эх орны дайны үеийн Огонёк хэмээх дуунд ч өгүүлдэг.
Оросууд бол жирийн тариачнаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэл зүрх сэтгэлд дэхь эмоци баяр хөөр уур уцаараа нууж хааж чаддаггүй, хэлсэн л бол хэлсэн, сайн бол сайн муу бол муу, түс тас ард түмэн. Халх голд биднийг хамгаална л гэсэн бол хамгаалдаг Арабын дайнд өнөөдөр Ассадыг аврана л гэсэн бол авардаг нялуун шулуун зангүй ард түмэн.
Оросууд бусдад таалагдсан л бол бугуйн цагаа ч тайлаад өгдөг уушийн газар орсон бол урдуур орж төлбөр тооцоо хийх гээд байдаг өнчин өрөөсөн бэлэвсэн ядарсан зүдэрсэн хүмүүст илүү өгөөмөр сэтгэлээр ханддаг ард түмэн.
Цагтаа Бат хааны барлаг явсан оросуудын дийлдэшгүй хүчирхэг нууц нь өнөөг хүртэл тэдний өгөөмөр нинжин сэтгэлдээ байдаг бөгөөд Бурханаас тэдэнд баруун зүүн сибири Берингийн хоолойг дамнуулан Калифорни хүртэлх асар том газар нутгийг өгсөн ч багтааж шингээж барахгүй болохоороо Алеска мэтийн мужуудаа америкуудад алтаар хүртэл панзалсан түүхтэй. Одоо ч гэсэн оросын тайга идээд барахааргүй их байгалийн хий нефть буга согоо бодон гахай мөөг жимсээр дүүрэн.
Оросууд Водка бол үндэсний бахархал үндэсний ундаа хэмээн улаан өндөгний баяраар ч унтлаа уудаг ч маргаашийн ажилдаа яс зогсож чаддаг ард түмэн. Араатан амьтнаас ч аливаа ард түмнээс ч авах гээх чанар асар их байдгийн адил оросын ард түмнээс ч олзлох сайн юм зөндөө бий. Тухайлбал, тайгын тэсгим хүйтэн жаварт тариачин орос эрийн тасхийм халуун саунаас уур савсуулан хунгар цас руу чармай нүцгэн үсрэн ордог нь тэдний эрүүл чийрэг тэсвэр хатуужилтай байхын нэг үндэс болдог.
Орос мужик эрийн бүрэн төлөөлөл болсон ерөнхийлөгч Ельцин ямартаа сайдад дэвшүүлж сонгосон нэгнээс асууж шалгаагаад байх юм байхгүй, тэртээ тэргүй боловсрол мэдлэг туршлага бүгд анкетан дээр бичээстэй байдаг тул гагцхүү орос мужик эрийн чанарыг нь л сорих зорилгоор шууд л зуун грамм татуулаад зуун градус шахсан халуун орос банядаа гурван удаа оруулаад гайгүй бол томилдог байсан гэдэг.
Ельцин ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд л өөрийн үе залгамжлагчаар орос орныг цаашид шинэ мянганд удирдах чадалтай залуу эх оронч сэтгэлтэй шударга нэгнийг янз бүрийн шугамаар олон жил хайхдаа Гайдар, Кириенко, Чубайс, Немцов, Касьянов зэрэг залуучуудыг хөдөө гадаанаас ч татан авчирч сайд, орлогч, ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр албан тушаалуудад туршилтын журмаар сэлгэн ажиллуулж ажиглаж байсан ч орос орныг ирээдүйд аваад явчихаар аавын хүү энэ мөн гээд сэтгэлд нь шивнэчих зүйлтэй огтхон ч тааралдсангүй.
Мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын үзлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр дахин цэнэглэж байв. Хөдөлмөрийн фронтод эх оронч фанат охид хөвгүүд эрдэмтэн мэргэд эмч багш офицер цэрэггүй их гүрнийхээ боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд цэрэг армийнхаа ноён нурууг авч үлдэхийн төлөө цалинтай цалингүй тулалдаж байв.
Яг ийм хүнд үеийн оргил буюу 1996 онд Ельцин эзэндээ үнэнч эх оронч шударга орос офицерийн өндөр ёс зүйтэй хуучин КГБ-ын хурандаа нэгэн эрхэм Петербургийн мэр Собчакын дэргэд шадарлаж байгааг ил далд шугамаар олж мэдээд шууд дуудан ирүүлж Тамгын газрынхаа орлогчоор тавин удаж төдөлгүй ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга, ФСБ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг чухал чухал местэнд жил хүрэхтэй үгүйтэй хугацаатай ажиллуулахдаа хайж байсан хүн нь мөн болохыг олж хараад дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хугацаанаасаа өмнө ч хамаагүй түүнд сайн дураараа шилжүүлэн өгөх эгзэгтэй мөчийг хэнд ч хэлэлгүй дотроо хүсэн хүлээж байв.
Нас ч ахиж архинд ч нилээн орж эрүүл мэнд ч базаахгүй шатандаа орсон Ельцинд ерөнхийлөгчийн сандал ширээтэй зууралдах нь сонин биш харин Орос орны шинэ мянганы шинэ удирдагчийг олж замыг нь засч өгөх нь түүний өдрийн бодол шөнийн зүүд байв. Эс тэгвээс 2000 оны эхээр болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилал нэрийн дор явагдсан болоод л Березовский мэтийн аль нэг олигархи гарч Орос орныг улам сүйрүүлэх аюул нь түүнийг түгшээж байв.
Гадаад дотоодын дайснуудын сөрөг үйлдлээс болгоомжилсондоо тэрээр өөрийн энэхүү санаа бодлоо хэнд ч хэлэлгүй, эхнэртэй ч хэлэлгүй 1999 оны 12 сарын 31-тэй золгов. Тэр шөнө унтахгүй эргэж хөрвөөн ямар нэгэн зүйлд санаа нь зовсон байдалтай байгаа нөхрөө өглөө эрт үүр цүүрээр эртлэн босохыг ажигласан хань Наина Ельцина түүнээс хүний л хань юм болохоор сэтгэл нь түгшсэн байдалтай учир начрыг лавлахад арга буюу хэнд ч задлаагүй өөрийнхөө нууцаас цухуйлган Би өнөөдөр огцорно, учир явдлыг чи орой зурагтаар харах бизээ хэмээн олон таван үггүй гарч одов.
Тэгээд өрөөндөө Ерөнхий сайд Путин, Онцгой байдлын сайд генерал Шойгу, ҮАБЗ-ын нбд хурандаа генерал Иванов, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Квашнин зэрэг Оросын хамгийн дээд тушаалын офицер голдуу найман хүнийг дуудан авчирч учир байдлыг ойлгуулаад Орос гүрний аюулгүй байдлын баталгаа болдог Цөмийн чемодан, Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурдаг Орос гүрний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг тэмдэг болсон ПАРКЕР үзэг хоёрыг шилжүүлэн өгөөд оройн нь зурагтаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байснаа гэнэт огцорч байгаагаа пал хийтэл нь зарлаж орхих нь тэр.
Ельцины мэндчилгээг шууд үргэлжлүүлэн он гарахаас хэдхэн минутын өмнө шинэ төрийн тэргүүн Путин 10 орчим минут мэндчилгээ дэвшүүлснээрээ хоёр толгойтой бүргэдэн сүлд шигээ хоёр мянганы зааг дээр хоёр Ерөнхийлөгч зэрэг мэндчилгээ дэвшүүлсэн үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд ганцхан тохиолдсон юм.
Өөрийн бүрэн эрхээ хугацаанаас өмнө сайн дураараа өгдөг ямар ч тэнэг төрийн тэргүүн энэ дэлхийд байхгүй мэт бодогдох боловч энэ нь Орос орны ирээдүйн төлөө Орос орныг шинэ залуу үе удирдан шинэ мянганд дахин хүчирхэг гүрэн болгохын төлөө хийсэн өөрийгөө гаргуунд нь хаясан жинхэнэ лидер хүний орос эх орончийн ухаалаг асар их зүрх зориг шаардсан орос хүн чанарыг харуулсан улс төрийн зөв шийдвэр байсан юм. Оросын агуу яруу найрагч Фёдор Тютчевын Орос орныг ухаанаар ойлгох боломжгүй буюу Умом Россию не понять хэмээн хэлсэнчлэн иймэрхүү зүйл зөвхөн Орос оронд л тохиолддог.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт