Хүн шинэ жилийн баяраар хэдэн ширхэг мандарин идэх ёстой вэ?
Мандарин буюу бэрсүүт жүрж хүйтний улиралд хамгийн ихээр хэрэглэгддэг цитрусын төрлийн жимс юм. Ялангуяа шинэ жилийг мандарингүйгээр төсөөлшгүй гээд хол зөрөхгүй болов уу.
Бэрсүүт жүрж бол олон төрлийн витамин, фолийн хүчил, калий, магни, фосфор зэрэг минерал агуулдаг гэдэг утгаараа чухал ач холбогдолтой хүнс. Түүнд агуулагддаг С, В аминдэмүүд, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй бодисууд нь хүний бие организмд тустай.
Сайхан амттай, тааламжтай үнэртэй, хүчил багатай учраас энэ жимсийг хатуу хязгаар тавилгүйгээр идэж болдог онцлогтой. Гэхдээ хэрэглэхэд зохистой хэмжээ гэж бий. Бас хориглох заалт ч байдаг.
Нэгдүгээрт, харшилтай хүмүүс идэхэд тааламжтай биш. Ер нь цитрусын төрлийн бүх л жимс харшлыг их бага хэмжээгээр сэдрээдэг. Бэрсүүт жүрж ч ижил. Тиймээс харшилтай хүн ихээр хэрэглэхгүй байсан нь дээр. Харшил нь хурц хэлбэрээр илэрдэг хүн бол бага хэмжээгээр хэрэглэх ч дэмий. Харшлын мэдрэг чанараасаа болоод хүн бүрийн хэрэглэж чадах мандарины хэмжээ өөр, өөр. Хэтэрвэл арьсан дээгүүр тууралт өгөх байдлаар илэрнэ. Мөн бусад харшил сэдэрнэ.
Эмч нарын зөвлөж байгаагаар бол, насанд хүрсэн эрүүл хүн нэг удаадаа дээд тал нь 5-7 ширхэг мандарин идэхэд хэвийн гэнэ. Гэсэн ч дахин идмээр байвал дор хаяж цаг хагас завсарлаж байх ёстой ажээ.