Уурагт хүнс их хэрэглэх нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлнө
Миний хоёр алганд байгаа зүйл бол бөөрний чулуу юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсад бөөрний чулуу өвчин ихсэх болсон талаар МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн профессор манай нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж, дээрхи чулуунуудыг үзүүлж байсан юм. Ард иргэдийн дунд бөөрний чулууг давсны хэт хэрэглээтэй шууд холбон ойлгох нь бий. Энэ нь учир дутагдалтай юм.
Бөөрний чулууны бүтэц найрлагаас нь хамаарч оксалатын чулуу, фосфатын чулуу, уратын чулуу, карбонатын чулуу гэж ангилдаг. Дийлэнх тохиолдох нь оксалатын чулуу юм. Оксалатын чулуу нь уурагт хүнс ихээр хэрэглэх үед хүний биед дотоод хүчилшилт орчин үүсч, оксалат кальци хэмээх хурц талст бүхий бүтэцтэй чулуу үүсдэг байна. Миний зүүн гарт байгаа нь оксалатын чулуу юм. Харин фосфатын чулуу нь шүлтлэг орчны нөлөөгөөр үүсдэг цагаа саарал өнгө, мөлгөр бүтэцтэй фосфат кальциас тогтсон чулуу юм. Миний баруун гарт байгаа чулуу юм.
Дээрхи олон төрлийн чулуу үүсэхэд өдөрт уух шингэний хэмжээ бага байх (өдөрт 8 аягаас бага шингэн уух), кальци ихээр хэрэглэх, оксалат ихээр агуулсан уурагт хүнс ихээр хэрэглэх (мах, бууцай...гэх мэт), давс ихээр хэрэглэх, шээс хөөх үйлдэлтэй хүнс ихээр хэрэглэх (архи согтууруулах ундаа, кофе, цай...) зэрэг нь нөлөөлдөг байна. Мөн бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан, бөөрний дотоод орчны тэнцвэржүүлэх үйл ажиллагаа хямарсан, үрэвсэлтэй байх зэрэг нь давхар нөлөөлнө.
Иймд бөөрөө хамгаалах, бөөрний эмгэгээ бүрэн илааршуулах, ус сайн уух, зуны улиралд махаа багасгах, согтууруулах ундаа, кофе хэрэглэсэн үедээ шингэнээ сайтар нөхөж байх, ургамлын хандаар бөөрний үйл ажиллагаагаа дэмжиж хамгаалж байх (аньс, аньсны навч, нарийн навчит цахилдаг бөөрөнд сайн) хэрэгтэй юм. Дээрхи эрсдэлт хүчин зүйлийг арилгаагүй цагт бөөрний чулууг мэс ажилбараар авсан хэдий ч дахин үүсдэг болохыг анхаарна уу.
Хүндэтгэсэн,
Цахим Эмч