Улаан мах, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглээд урт насалж болохыг судлаачид тогтоожээ
Улаан мах буюу малын мах хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сайн эсэх талаар өргөн маргаан судлаачдын дунд үргэлжилсээр байдаг. Ихэнх судлаачид улаан махны хэрэглээг аль болох багасгавал эрүүл мэндэд сайн гэж зөвлөдөг юм.
Харин саяхан хийсэн нэгэн судалгааны үр дүнд мах, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр зүрхний эрүүл мэндээ сайжруулж, цаг бусын үхлээс сэргийлж болно гэдгийг тогтоожээ.
Канадын МакМастерын их сургуулийн хэсэг судлаачид дэлхийн 50 гаруй орны 218,000 хүний хоолны дэглэмийг таван бүлэгт хувааж судлаад ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Улаан мах болон сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол, тааруулж хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой гэжээ.
Тэд судалгааны тайлангаа Германы Мюнхен хотод болсон Европын Кардиологийн Нийгэмлэгийн чуулган дээр танилцуулсан байна.
“Мах болон сүүг жимс, ногоо, самар, загас зэрэг бусад хүнстэй тэнцүүлж, тааруулан хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтойг харууллаа” хэмээн судлаачдын нэг доктор Эндрью Менте ярьжээ.
Нэг үгээр хэлбэл аль нэг хүнсийг дангаар нь хэтрүүлж хэрэглэлгүй, олон төрлийн хүнсийг тэнцвэртэй хэмжээнд хэрэглэвэл эрүүл амьдарна гэж дүгнэсэн байна.
Улаан мах гэдэг ангилалд түүхий үедээ улаан өнгөтэй, болгосны дараа бараан өнгөтэй болж хувирдаг махыг оруулдаг. Жишээ нь загас, тахиа, шувууны мах улаан махны төрөлд багтахгүй бол үхэр, хонь, гахайн мах энэ төрөлд харьяалагдах юм.
Эх сурвалж: Фэйсбүүк