“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2458 хүүхдийн шүдийг эмчилжээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 16 хүртэлх насны 7727 хүүхдэд амны хөндийн өвчлөл илрүүлэх үзлэгийг хийсэн байна. Үүнээс 62.6 хувь буюу 4840 хүүхэд шүд цоорох өвчтэй оношлогдсон ба 2458 хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлжээ.
Архангайд судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байгаа ажээ. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байгаа юм.