Зөв хүн гэж...
Зөв хүн гэж ерөнхийдөө зүрх нь хүмүүнлэг нэгнийг хэлэх бөгөөд дээрээс нь тархи нь оюунлаг тахим нь булчинлаг үг нь цэцэн үйлс нь ариун болвоос ёстой түүний есөн шинж нь бүрдлээ гэсэн үг. Зөв хүн арилжаа наймаа аз хийморь албан тушаал алдар цол гээд аар шаархан зүйлээ аргалуулах авилга үнэртүүлж арын хаалга татаж лам хувраг гэж явдаггүй тэртээ тэргүй Тэнгэр түүнийг мэдэж тэвэрч явдаг болохоор тэрээр харин өрх гэр ураг омог улс үндэстэнийхээ хувь заяаны төлөө газар тэнгэрийн хооронд зуучлагч зарим тохиолдолд золиос болж байдаг. Цагтаа Тэнгэр Бурхан Тэмүжин хүүгийн зүс царайг бус зүрх сэтгэлийг нь тольдон байж газар дээр гавьяа шагналыг олгож өрнө дорныг тэнцвэржүүлэх өөрийн агуу төлөвлөгөөг түүгээр гүйцэлдүүлж байв.
Зөв хүн гэдэг заавал үндэсний лидер өрлөг жанжин байх албагүй, өглөө эртлэн босоод та эхлээд улс үндэстэнээ удирдаж яваа төрийн гурван өндөрлөг, алс газар аян дайнд мордсон монгол цэрэг эрсийнхээ төлөө, цаашлаад улсын хил амгалан тайван, улс эх орон дайн дажин ган зуд гамшиг осолгүй байхын өлзийтэй ерөөлөөр цай сүүнийхээ дээжээс эхлээд чаддаг чаддаг юмандаа чадлынхаа хирээр сүсэглэн залбирваас та уже зөв хүн болжээ, нуур амгалан бол нугас амгалан гэгчээр улс орон амгалан бол айл гэр амар жимэр байхын учир начрыг ухаарчээ та.
Зөв хүн баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах бөгөөд хайртай өстэй хүмүүсийн хандлага араншин яаж ч өөрчлөгдсөн байдгаараа л байдаг, тэр өөрөө тэнгэрийн умдаг атгалаа ч цаг ямагт хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч хэвээрээ л байж чаддаг нэгэн.
Зөв хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч, дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг, уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг, сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг гэх мэт байгалийн жамыг бас ухаардаг нэгэн.
Зөв хүн мэдэмхий хүмүүсийн дунд ичимхий, идэмхий хүмүүсийн дэргэд цатгалан царайлж буруутануудын дунд өнчирч ганцаардаж бусдын төлөө өөрийгөө зориулдаг нэгэн. Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу гэх мэтийн аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээнээс холхон очоод зогсчих нь зөв хүний шинж.
Тэглээ гээд турж үхэхгүй харин аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно.
Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл урьдах ажлыг нь урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд байх нь зөв хүний шинж. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт улам л ухаарч бөхөлзөх нь зөв хүний шинж. Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ.
Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарга амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө Манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.
Дарганцар маань ямаан сахланд дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа зөв хүний шинж бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно.
Дайсанцар нь долоо уулын цаадах таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана. Хүн ер нь өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа ч гэсэн түүнийгээ заавал дайсанцартаа харуулж гайхуулж нервийг нь хөдөлгөж нойрыг нь хумслах нь та хүний амгалан тайван байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж л байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа маажин голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөв хүний шинж.
Зөв хүнийг үг яриа үйл хэрэг үр жимсээр нь таньж мэдэх боломжтой бөгөөд удахгүй болох Улсын их хурлаас эхлээд Улаанбаатар хот, аймаг сум баг хорооны засаг төрдөө МАНАН байна уу ШИНЭН байна уу хамаагүй хамгийн гол нь зөв хүнээ таньж сонгосноор ирээдүй хойч эх орон ард түмний хувь заяа таны атганд байх болно. http://www.mnb.mn/i/127134
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт