Өгч авахын ухаанд суралцсан хүний ажил нь өөдрөг үйлс нь бүтэмжтэй байдаг юм
Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү. Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? Дэлбэрэх гээд тэсэхийн аргагүй байгаа биз? Тийм ээ, амьсгалаа гаргасанаар л авах боломж олдож байгаа юм шүү дээ. Та өгөхгүй байж авах гээд л байвал та нэг л өдөр дэлбэрч магадгүй шүү. Дэлгүүрт ороод мөнгөө төлөлгүй юм аваад гарах гээд үз л дээ, яах бол? Өгч байж л авдаг. Мөнгөө төлж байж л юм худалдаж авдаг. Ажил хийж байж л та цалин авдаг.
Хайрлаж байж л та хайр хүлээн авдаг. Амьдрал бол өглөг, авлага л юм. Энэ жамыг л дага. Хүмүүн төрөлхтөн энэ жамыг алдагдуулснаар л дайн дажин, хэрүүл тэмцэл, зовлон шаналал дуусахгүй байгаа хэрэг. Хорвоогоор дүүрэн гарлагын үүдээ гагнуулж хаагаад орлогын үүд хаалгаа авч хаяад ямар ч хаалгагүй, байнга нээлтэй арктай болох гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Энэ чинь боломжгүй. Хорвоо дээр чи л ганцаараа амьдарч байгаа биш шүү дээ. Гарч байж л юм ордог юм. Гаргахгүй оруулаад л байвал танайх бүр дүүрч өөрөө ч алхах газаргүй болчихно шүү. Жинхэнэ өглөг Бид өгөхдөө чин сэтгэлээсээ өгөх нь ховор. Заавал нэг ашиг харж байж өгөх гэнэ.
Би өгч байна, өглөө шүү, хараа биз гэж бусдад зарлана. Зурагтаар гарч, хэвлэл мэдээлэлээр өгснөө гайхуулна. Бага чулуугаар их чулуу цохих гэж өгнө. Өгөхгүй бол муугаар хэлнэ гэж нэрээ хамгаалж өгнө. За яахав, үүнийг чамд өгье, дараа чи надад туслаарай гэж барьцаалж өгнө. Заримдаа татвагнаж татвагнаж жаахан юм дусаасан болно. Өгсөнийхөө дараа нэхэл дагуул хийж байгаа бол та ашиг харж өгч. Өгсөн жагсаалт гаргаж суугаа бол та нэр алдар горилж өгч. Харамсаж байгаа бол харин та харамлаж өгч. Нэр алдар хүсч өгөх, ашиг горилон өгөх, далд санаа агуулж өгөх, харамлаж өгөх, тусалснаараа гайхуулах зэрэг нь бүгдээрээ жинхэнэ өглөг биш.
Жинхэнэ өглөг бол ямарч хариу горьдохгүй чин сэтгэлээсээ туслахыг хэлнэ. Бид ингэж өгч чаддаггүй. Яалт ч үгүй өгөх байдал үүсэхэд хүртэл хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж өгч байгаа тустайгаа зууралддаг. Дахиж уулзах үгүй нь эргэлзээтэй танихгүй хүнд өгчихөөр тусаа ор сураггүй явуулчихаж байгаа юм шиг санагдаад таньдаг нэгэндээ туслаж уулзах болгондоо тусаа эргэж тойрох хүсэл сэтгэлийн гүнд нь байдаг. Тусынхаа араас чаргууцалдаж байгаа бүхэн жинхэнэ өглөг биш. Чин сэтгэлээсээ тусласан үед тусынхаа араас сураг ажиг тавих гэхгүй зүгээр л чиний дотор баяр хөөр төрөөд л өнгөрдөг юм. Өгснөө л эргүүлж авдаг Та энэ ертөнцөд хэрүүл тэмцлийг өгвөл хариуд нь хэрүүл зөрчилдөөн л танд ирнэ. Бусдыг дээрэлхвэл өөрөө хэзээ нэг цагт дээрэлхүүлнэ.
Бусдыг хохироовол өөрөө хаа нэгтээ хохироогдоно. Тусч өгөөмөр байвал бусдын хайр хүндлэл танд ирнэ. Бусдыг хайрлавал буцаад хайр чамд ирнэ. Та юу өгнө, түүнийгээ л эргүүлж авна. Хараал зүхлийн хариуд хайр халамж ирэх боломжгүй. Хайр халамжийн хариуд хараал зүхэл ирэх нөхцөлгүй. Та энэ ертөнцөд юу түгээнэ. Түүнийгээ л эргүүлж авдаг. Хир их бусдад туслана, тийм л тус бусдаас танд ирнэ. Хэдий чинээ бусдад талархана төдий адил талархалыг та хүртнэ. Юу өгнө түүнийгээ л буцааж авна. Хир их өгнө тэр хэмжээгээр л хүлээж авна. Та юу авахыг хүсч байна? Яг тэр хүсч байгаа зүйлээ л бусдад өгөөд бай. Хэрүүлийг хүсч байгаа бол хэрүүлийг л өг.
Хайрыг авмаар байгаа бол хайрыг л түгээ. Байнга хэрүүл хийж яваа нэгнийг хэрүүлийг л даллан дуудаж байна гэж ойлго. Дандаа хайр түгээж яваа нөгөөг хайрыг л хүсч байгаа юм байна гэж ухаар. Мэрэгчин төлөгчин дээр очиж өөрийнхөө ирээдүйг асуух шаардлагагүй. Өөрийнхөө бодол, үг яриа, үйлдэл бүхнээ нэг сайн анзаар. Тавиас илүү хувь нь сөрөг байвал ирээдүйн амьдралд чинь зовлон давамгайж, тавиас илүү хувь нь эерэг байвал жаргал давамгайлах болно. Ирээдүйн амьдарлаа ямар байхыг үүгээр л шинж. Та юу хүсч байна?