Швейцарын Давост болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр Хятадын тэрбумтан, Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма залууст хандаж нэг зөвлөгөө өгсөн байна.
Сүүлийн үед залуус нэг ажлын байрандаа удаан тогтохгүй, компани хооронд ойр ойрхон нүүдэллэдэг болсон талаар ямар бодолтой явдгийг нь асуухад тэр энэ зөвлөгөөгөө өгсөн юм.
Жэк Ма хүний төлөвшилд анхны ажлын байр нь маш чухал байдаг, тэр дундаа зөв удирдагч, халамжлан хүмүүжүүлэгч олж авах нь гол гэжээ.
“Өөрийг тань зөв хүмүүжүүлж, зөв ажиллаж сургах сайн удирдагчийг олох хэрэгтэй. Үүнд компани нь хэр том, хэр нэр хүндтэй байх хамаагүй. Тэгээд ‘Би гурван жил энд ажиллана’ гэж өөртөө амла!” гэж Жэк Ма зөвлөсөн юм.
Дараа нь тэр өөрийн ажил хөдөлмөрийн замналыг жишээ татаж ярьсан байна. Ханьжоу хотын Багшийн Их Сургуульд англи хэлний багшийн мэргэжил эзэмшиж төгссөн Жэк Магаас сургуулийн захирал нь зургаан жил тогтвортой багшаар ажиллахыг гуйж байжээ.
Өөр олон ажлын санал ирснээс татгалзаж, амлалтаа биелүүлж чадсан тэр яг зургаан жилийн дараа 17 нөхдийн хамт Алибабаг байгуулж байсан гэнэ.
Өнгөрсөн оны байдлаар Алибабагийн зах зээлийн үнэлгээ $420 тэрбумд хүрээд байна.
Сургуульд багшилсан зургаан жил нь хүнтэй харилцах, ажиллах арга барил эзэмшүүлж, буурь суурь, тэвчээртэй болгосон нь цаашдын ажлын амжилтад нь нөлөөлсөн гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: Фэйсбүүк