Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар амбулаторийн 83.240 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3527 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 26.7 хувийг 2-4, 15.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1048 дуудлага ирснээс 39.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хувьд, шинээр хэвтсэн өвчтөний 122 буюу 47.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна