Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс 3-4 хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.
Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.
Ханиадны үед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их дүнтэй.
Арьс, салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг.
Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.
Уушиг, гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед сармисны уураар утахад гойд сайн нөлөө үзүүлнэ. Утахдаа сармисны шүүсийг буцалсан халуун усанд эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ийн харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бүр сайн.
Гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол өвчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.
Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрүүлсэн шүүсийг сайтар шүүсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.
Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн үедээ ууна.
Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгүй.
Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа түрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.
Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шүүсэнд дэвтээгээд бооход гойд сайн.