Бидний үеийн коммунизм...
Бидний үеийн коммунизм нь биднийг өвчин эмгэг хир буртагнаас үнэгүй ангижруулж үнэгүй бичиг үсэгт сургаж байр сууцтай болгож өдий зэрэгт хүргэсэн болохоор миний хувьд л лав коммунизмыг хэзээ ч муу хэлэхгүй.
Жараад онд төрсөн бидний үеийн коммунизм нь одоогоос зуу гаран жилийн өмнөх энэхүү өдрүүдэд Орос оронд мандсан Октябрын аугаа их социалист хувьсгалын шууд үр дүн байсан бөгөөд жараас ерэн он хүртэл гучин жилийн дотор орос монголгүй золтой л коммунизмд орчоогүй байж байгаад нураагдсан эв хамт нийгмийн хөгжил цэцэглэлтийнх нь хамгийн оргил үе нь байв.
Тухайн үедээ Карл Маркс коммунист хувьсгалыг дэлхийн бүх оронд нэгэн зэрэг хийх ёстойг сануулсаар байтал Ленин мэдэмхийрч нэг оронд ч ялах боломжтой хэмээн яаруу сандруу яг энэ өдрүүдэд 1917 онд Орост коммунист хувьсгал хийснээс болоод Марксын илрүүлсэн дэлхийн хамгийн амь бөхтэй капитал нь коммунизмын ариун цагаан хөдөлмөрийг аажим аажмаар далан жилийн турш мөлжсөөр байгаад ерээд онд бодийг нь хөтөлсөн түүхтэй.
Бидний үеийн коммунизм нь 1960 онд батлагдсан гуравдахь Үндсэн хуулийн үзэл санааны дагуу ажилчин тариачин ангийн хүчээр социализм коммунизмын материал техникийн баазыг байгуулах, тухайлбал МАА орноос ХАА-аж үйлдвэр цаашлаад Аж үйлдвэр-ХАА орон болтлоо хөгжиж коммунизмд орох явдал байв.
Коммунизмд орсноор төр мөхөж төрийн үүрэг хөдөлмөрчдийн коммунист үйлдвэрчний эвлэлээр солигдож Үндсэн хууль ч үгүй болж бүх нийтээр тэгш нийгэм журамд орж хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөж хэрэгцээнийхээ хирээр хүртэх үндсэн зарчим үйлчлэх явдал байсан бөгөөд тухайлбал, худалдагч мөнгө банк санхүү төр засаг гэж коммунизмын үед үгүй болж дэлгүүр ороод хүн юу дуртай хүссэн юмаа үнэгүй авна гэхээр сайхан санагдаж байгаа биз.
Бидний үеийнхэн их дээд сургуульд коммунист онолоор тав зургаан жил нүдүүлж улсын шалгалт өгөөд төгсөөд малчин ард коммунист аав ээжийнхээ араас армийн офицер миний бие наяад оны дундуур шууд л коммунист намд элсэж байлаа. Коммунизмын нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийгээ төлөө гэсэн өнөөгийн Швейцарийн нийгмийн үндсэн уриа лоозунг тэр үеийн бидний аав ээж маань жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлж бусдын эрхийг нэгдэл нийгмийн өмчийг нэгдүгээрт тавьдаг, нам төрийн захиалга үйлдвэрлэлийн даалгавраа гүйцээж барахгүй бол аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хамгийн түрүүнд коммунист намынхаа даалгаварыг хаадаг хүмүүс байж билээ.
Өвөлд сум нэгдлийн мал нядалгаан дээр өдөрт зуун хонины бөөрийг гаргаж, зунд нь хоршооны зуун эр хонины ноосыг өдөрт нь төвөггүйхэн хяргачихдаг байснаараа аав минь ёстой чадлынхаа хирээр хөдөлмөрлөж хийснийхээ хирээр хүртэх социализмын үндсэн зарчмыг чанд баримтладаг коммунист байсан бөгөөд тухайлбал, цэвэр хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө олон жил улсын банкинд хүүтэй хадгалж хадгалж байгаад далаад оны эхээр сумын худалдаа ангид анх удаа Царцаа ногоон онгоцоор хоёр ширхэг цэнхэр Иж Планет-2 мотоцикль ирэхэд нэгийг нь авч унаж байх жишээтэй.
Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэл өндөр ёс зүйтэй байжээ. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай орхин Хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байсан нь нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн коммунист зарчмын үндсэн утга санаа яахын аргагүй мөн.
Бидний үеийн коммунизмд ажилгүйдэл ажилгүй хүнийг нэг нүдээр үзэж чаддаггүй тул манай Завхан Ургамал сумын төвийн ажилгүй залуучуудыг хүчээр нэг үйлдвэр бригад болгон хашаа саравч худаг ус хадлан тэжээл хийлгээд амар заяа үзүүлэхгүй хөдөлмөрлүүлж цалинжуулж хүчээр шахуу намын даалгавараар айл орон болгодог байв. Хүн амаа өсгөхийн тул нам засгаас хүүхэд бүрт жил тутам гурван зуун төгрөг өгдөг байсан бөгөөд манайх арван хүүхэдтэй айл гэхэд гурван мянган төгрөг авдаг байсан нь одоогийнхоор бол зуун төлөгний ханш юм. Үнэндээ ч бидний үеийн коммунизмд Монгол Улсын хүн ам суга өссөн үзүүлэлт байдаг.
Хүүхэд бүрийг хүчээр сургуульд сургаж дотуур байр хоол унд гээд бүх зүйлийг улсаас үнэгүй хангаж иргэн бүрт онц сурах их дээд сургуульд суралцах өндөр мэргэжил эзэмших бүх бололцоо нөхцлийг хангаж үнэгүй оюутны байр стипенд олгож онц сурвал жанжин Сүхбаатарын цалин гээд оюутан хүнд бол оцойтлоо гуанздахаар нэмэгдэл мөнгийг ч олгодог байв.
Бидний үеийн коммунизмд Монгол Улсад ажилгүй орон гэргүй траншейний нэг ч хүн бараг байгаагүй бөгөөд хүчээр хэнбугайг ч хүн болгодог ажилчин ангийн диктатур тогтоосон ашгийн бус капиталын төлөө бус гагцхүү хүний төлөө нийгэм байсан юм.
Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой гэх буюу эсвэл Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт: нийгмийн өмч, хоёрдугаарт: социалист өмчийг цогцлоон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн зэрэг уриа лоозунгаар ухаан санааг ягштал цэнэглэж цээжлүүлж амьдралд хэрэгжүүлдэг байв.
Коммунист эх оронч үзэл ариун цагаан хөдөлмөрийг дээдлэж аливаа мөлжлөг мөнгө хүүлэх дамын наймааг хуулиар хориглон иргэн бүр үйлдвэрлэгч байх гэсэн үндсэн зорилготой учраас одоогийн банкир теллер зуучлагч брокер гэсэн ойлголт үгүй харин тэдгээр нь үйлдвэр хөдөө аж ахуйд дээр гарч жинхэнэ бараа таваар үйлдвэрлэгч болж байдгаараа социализм давуу талтай.
Хувийн банк хоршоо гэж үгүй улсын ганцхан банктай тэр нь иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг жилийн хугацаатай найм хугацаагүй зургаан хувийн хүүтэйгээр авч хадгалан социализмын материал техникийн баазаа босгоход зориулдаг байв. Манай аав ч жил болгоны хүүхдийн мөнгөөс эхлээд гар дээр байгаа бэлэн мөнгөө дуртайяа улсын банкинд хүүтэй хадгалдаг байв.
Далаад оны бидний үеийн коммунизмын хөдөөгийн сургуулийн дотуур байранд цэрэг армийн зохион байгуулалтайгаар үдэш бүр оройн тоо өглөө бүр гимнастик шугам жагсаал хийж хоолондоо дунгийн хоолойгоор нэгийн цуваанд жагсаж орж оройн тооны дараа бүгдээрээ Эх орон дууг нийтээрээ байнга дуулсаар байгаад төлөвшсөн цэрэг эх оронч үзэл одоо ч гэсэн миний зүрх сэтгэлд хадаастай бий.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт