Тархины цус харвалтаас сэргийлье
Иргэдийн амьдралын хэвшил, дадал, зан үйлтэй холбоотой харвалт залуужиж жилээс жилд нэмэгдсээр байна. Монголд 100 мянган хүн ам тутамд 290 хүн шинээр харвалт өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Эдгээр 290 хүний 49 нь нас бардаг аж. Харин 100 хүн харвасан тохиолдолд 80 нь хөдөлмөрийн чадвараа алддаг байна.
Цус харвалт өвчинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг байна. Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн хямралд хөгжиж буй орны эмэгтэйчүүд хамгийн их өртөж цус харвадаг байна. Тиймээс цусны даралтаа тогтмол хянан, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож, мэдээлэлтэй байх нь энэ өвчнөөс сэргийлэх томоохон гарц гэдгийг эмч нар зөвлөж байна.
Тархины цус харвалт нь хүн бүрт өөр, өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг аж.