Амь, амьдралын нууцын асуудалд...
Гадаад их далай бол амьд биетийн үүслийн бүх нууц, амьдралын бүх нууцыг хадгалж буй том орон зай, агуулах, усан зоорь юм. Далайн ус бол тун ч олон өвөрмөц нөхцөл, орчинг үүсгэдэг, тун ч урт бас баялаг түүхтэй орон зай. Тэнд агуулагдан буй гайхамшгуудыг тоолоод ч, тоочоод ч барахгүй. Амьтан болон ургамлын ялгаа зарим хэсэгт нь бараг л үгүй. Хөгшрөөд, эргээд залууждаг биет ч тэнд бий. Амьд биет, амьдралын нууцын олон олон зангилааг тайлахын тулд далайн бүх хэсэг дэх амьд биетийг судлах хэрэгтэй. Ус, чийгтэй орчин бол амьд биетийн анх үүссэн өлгий, эсвээс хаанаас ч юм ирсэн амьд микро биетийн өсөж, өндийж, хувьсаж ирсэн өлгий билээ. Усыг өөрийг нь задалж ашиглах, усанд ууссан минералуудыг тэжээл болгон хэрэглэх, усны бүх ивээлт шинжүүдэд дулдуйлан амьдрах аргаар л амьд биетийн хувьсал, хөгжил явагдаж иржээ. Ус бол амьд биетийн хувьд хамгийн чухал материал, түүхий эд, биоэрчмийн түлш, амьд биетүүдийн жинхэнэ “сүнс” юм. Амьд биетүүдээс ус зайлан одвол “сүнсийг” нь ямар ч лам дуудаад нэмэргүйг амьдралын түүх гэрчилдэг...
Далайн ус нь нарны эрчим хүчийг тун ч олон янзаар ашигладаг. Дэлхийн гүнийн дулааныг ч бас олон зориулалтаар хэрэглэдэг. Хойт туйл болон өмнөт туйлын мөсний нөлөө, үйлчлэлийг, бас дэлхийн соронзон хүч, таталцлын хүч, радио долгион, мөн их далайнууд дахь дулаан, хүйтэн том урсгалуудыг, дээр нь усанд ууссан бүх минералуудыг гайхамшигтайгаар ашигладаг. Нэг үгээр хэлбэл тэнд байхгүй юм үгүй. Явагдахгүй хувьсал гэж үгүй...
Далай дахь “үйлдвэрлэл, солилцоо, хэрэглээ” бол газар дээрхээсээ ч их өргөн, гайхамшигтай үр дагавартай. Тэнд зөвхөн амьтад нэгнээ барьж идэх биш, ургамал нь ч амьтнаа барьж иддэг. Тэнд хөдлөх, шилжих арга ч маш олон. Хөлтэй, сэлүүртэй, далавчтай амьтад ч явж л байдаг, хөл ч үгүй, сэлүүр ба далавч ч үгүй амьтад ч явж л байдаг. Тэнд амьтад нь яг л ургамал шиг ургах нь ч бий. Ургамал нь яг амьтад шиг явж байх нь, үржиж байх нь ч бий. Тэнд толгойгүй амьтан, ясгүй амьтан, нялцгай биетэн, шил мэт тунгалаг биетэн, зурах дүрслэх аргагүй этгээд амьтад ч бий. Тэнд амьтан ба ургамлын алинд нь ч хамаатуулж болох биетүүд бас олон. Эндээс үзвэл амьд биет ч амьгүй биетүүдийн адил олон янз, олон дүрстэй ажээ. Амьтай ба амьгүйн хооронд шилжилтийн гэхээр этгээд, гажууд зүйлс ч тэнд олон бий.
Галактикуудын мөхлийг супер хар нүхнүүд үүддэг ч гэсэн хар нүхэнд залгиулж амжаагүй олон биет хар нүхний амсрын гадна мөн байж л байдаг. Хар нүхний тэсрэх, их тэлэлт явагдах, элдэв шинжийн их масс тал тал тийшээ цацагдах үед “хар нүхний материал” эргэн тойрон дахь “хар нүхний бус” биетүүдтэй нэгдэж шинэ галактикийн бүрэлдэхүүн, бүтэц, тогтолцоог үүсгэдэг. Энэ үйл хэрэгт зэргэлдээх галактикуудын гарвалтай биетүүд ч оролцож болох юм. Ингэхлээр шинэ галактикийн бүх материал нь зөвхөн л хар нүхний материал биш ажээ. Нөхцөл нь бүрдэх, байх аваас амьд микробиетүүд ч энэ хэрэгт оролцох бололцоотой... Энэ учрыг мэддэг, тооцдог байх нь судлаач бүрийн үүрэг.
Нэгэн галактикийн сөнөх үйл явц зэргэлдээх галактикийн үүсэн буй үйл явцтай бүх талаар давхцах аваас тэр холион бантны үр дагавар таних, тааварлахын аргагүй том, жижиг эрхсүүдийг үүсгэдэг байна.
Хар нүхний тэсрэлтийн улмаас ер бусын их хурдтайгаар сансрын уудам руу шидэгдсэн биетүүдийн зарим нь олон мянга, олон сая жилийн дараа ч алсран одсон хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байж болох юм. Гэвч их тэсрэлтийн дараах том, жижиг эрхсүүд таталцлын хүчний нөлөөгөөр эмхрэн цэгцэрч шинэ галактикийг үүсгээд цаашдынхаа хувьслын замд шуудран ордог байна. Чингэж орчноо залгих, хураах, эцэст нь тэсэрч бүхнийг задгайлж, бас дахин эмхлэн цэгцэлж шинэ галактикийг үүсгэсээр сансар хорвоо орчиж ирсэн нь үнэн болно. Энд тэсрэлт, тэлэлт болон соролт, агшилт ээлжлэн явагдаж, асар их масс зүрх адил лугшиж байдаг.
Тэсэрч замхарсан хар нүхний оронд үүссэн шинэ галактик бүхэн өөр өөрийн систем үүсгэгчтэй байх ба тэр нь шатан гэрэлтэгч том од, эсвээс асар их масс бүхий нэгэн том эрхэс ч байж болох юм. Гэхдээ амьд биет, амьдрал бүхий галактик нь заавал ч үгүй гэрэл, дулааны эх үүсвэр болсон нэгэн том одоор төвлөсөн байх ажээ. Манай дэлхийн жишээ гэхэд л гэрэл, дулаан түгээгч нар, дэлхий дээрх ус, усыг задалж, хүчилтөрөгч ялгаруулах увдистай ургамал, орчноо тусган хувьсах чадавхтай микро амьд биетүүд эхлээд далай, тэнгист, хожуухан дулаан орны их ширэнгэн ойд амьдралын хачин сонин илрэлүүдийг хувьсан хувьссаар бүтээжээ. Амьд биетийн хувьсал нь аажим алсдаа биднийг мөн төрүүлэн гаргасан байна.
Усан мандал, газар шороон мандал, агаар мандал аль алинд нь амьдралыг тэтгэгч бүх хүчин зүйлс, материалууд бий. Фотосинтез, бодисын солилцоо, эсийн хуваагдал, өсөлт, генийн мутаци нь шим ертөнц дэх гайхамшгуудыг бүтээсээр, материйн хувьсах чадавхыг илчилсээр, юуг ч бүтээх ид шидтэй бурхадын тухай ойлголтыг хүртэл хүмүүсээр хүчлэн бүтээлгэжээ. Чингэж хорвоо ертөнц объектив зүйлсээр ч баян, бас субъектив зүйлсээр ч баян байх чадамжтай их сав, их орон зай, ухраах боломжгүй цаг хугацаа ажээ. Хүмүүс, оюун ухаан ч гэсэн сансар хорвоо дахь их масс, материйн хувьслын бүтээгдэхүүн, нэгэн үзэгдэл, хэд ч дахин үүсэж, хэд ч дахин мөхөж ирсэн үзэгдэл болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав