Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь
Сүүлийн үед “цифрийн эдийн засаг” асар хурдан хөгжиж байна. Үүнийг монголоор “тоон эдийн засаг” гэж буулгаж болох боловч агуулгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй. Наад зах нь тоо, цифр хоёр их ялгаатай. Энэ удаад Москвагийн Их Сургуулийн Эдийн засгийн факультетийн декан, эдийн засгийн ухааны доктор Александр Аузаны лекцийг товчлон хүргэж байна…
 
Би эдийн засгийн тухай яримааргүй байна. Эдийн засаг бол ертөнцийг үзэх үзэл, тодорхой хэл юм. Харин би Та бидний тухай, бидний үр хүүхэд, ач зээ нарын тухай ярих гэсэн юм. Үүнтэй холбогдуулан эдүгээ ихэд нэрд гарч буй цифрийн эдийн засгийн тухай хөндөх болно.
Манай Орос орон 1960-аад онд технологийн дэвшлийн лидер байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь энэ эрчим буурч, улмаар сүйрлийн түвшинд хүртлээ унасан ба эдүгээ бид техникийн хувьд хоцрогдсон орон болж хувираад өмнөх агуу их амжилтынхаа тухай зөвхөн дурсан ярьдаг болжээ.
Цифрийн эдийн засаг бол бүхнийг нэг алхмаар гүйцэх гэсэн итгэл найдвар бөгөөд учир нь бид одоохондоо цифрийн эдийн засгаар хоцорч амжаагүй явна.
Ингээд би цифрийн эдийн засгийн тухай, хүмүүсийн тухай ярих ба тэгэхдээ энэ бүхэн харилцан холбоотой гэдгээс эхэлье.
Ер нь бол цифрийн эдийн засаг бол ямар нэг шинэ технологи нэвтрүүлэх гэсэн хэрэг биш. Технологийг нэвтрүүлж болно, харин цифрийн эдийн засгийг бэлнээр авч болохгүй.
Түүхэн жишээ авъя: Аж үйлдвэрийн анхны хувьсгал Уаттын уурын машинаар эхэлсэн, энэ үндсэн дээр Англи дэлхийд тэргүүн байр эзэлж, энэ байдлаа бараг 200 жил хадгалсан.
Гэхдээ уурын машин Уаттаас 2000 жилийн өмнө байсан юм ! Архимед уурын хөдөлгүүрийг Сиракуз хотноо анх хийсэн ба Александр хотын талбай дээр Александрийн Герон ажиллаж буй уурын машиныг тавьж үзүүлсэн байдаг, энэ тухай бүх хүмүүс мэддэг байв. Гэхдээ эдийн засгийн ямар ч хувьсгал болоогүй. Яагаад ?
Яагаад гэвэл, нэгдүгээрт, эдийн засаг болохын тулд технологи соёлын саад бэрхшээлийг даван туулах ёстой. Чөлөөт хүн зөвхөн дайн, урлаг, спорт, гүн ухаанаар оролдох нь нэр төрийн хэрэг гэж бүх хүмүүс үзэж байгаа тохиолдолд аж үйлдвэрийн хувьсгал боломжгүй. Боолыг нарийн ширийн машин руу ойртуулж болохгүй. Харин язгууртнууд хөдөлгүүрийг хүндлэн, ухаж төнхөхийг зөвшөөрсөн үеэс л аж үйлдвэрийн агуу их хувьсгал болсон.
 
Энэ утгаар бид цифрийн эдийн засаг үүсэхтэй холбоотой соёлын саад бэрхшээлийг “Z үеийнхэн” бий болсноор даван туулсан юм. Эхэндээ “миллениал” буюу “шинэ мянганыхан” гэж нэрлэдэг үеийнхэн 2000 оны орчмоос мэндэлж эхэлсэн ба дараа нь гартаа смартфон барьсан “Z үеийнхэн” 2005-2006 оны хавьцаа мэндлэх болсон.
Тэд эхлээд дэлгэц дээр ажиллаж сураад нь дараа нь ярьдаг болсон. Соёлын саад бэрхшээл зөвхөн манай хүүхдүүдэд хамаатай биш. Та ч гэсэн “гажет”-аа өөр өрөөнд мартсан бол таагүй байдал мэдэрч эхэлдэг болчихсон. Ахмад үеийнхэнд хүртэл энэхүү технологийн шинэ соёл халдварлаад байна. Ямар ч гэсэн шинэ технологи соёлын саад бэрхшээлийг даван туулжээ.
Одоо асуулт үүснэ: энэ бүхнээс шинэ эзийн засаг үүсэх үү ?
Цифрийн эдийн засгийн тухай яримагц голдуу биткойны янз бүрийн хувилбарыг яриад эхэлдэг. Миний танил их ухаантай казакийн эдийн засагч: “Та бид биткойныг сүйрэл хүлээж байгаа гэдгийг ойлгоно, гэхдээ хэрэв энэ явдал болохгүй бол бидэнд гомдолтой байх болно” гэж билээ.
Цифрийн мөнгөнд онцгой гойд шинэ зүйл байхгүй. Шинэ юм нь өөр зүйлд байгаа: бид том том фирм барилгүйгээр сүлжээгээр дамжуулан маш олон такси дуудаж болох “уберизаци” гэж нэрлэсэн үзэгдлийг мэддэг болсон. (Энэхүү уберизаци буюу юберизаци гэх нэр томъёо нь Uber компанийн нэрнээс үүссэн – Орч.)
Эсвэл кастомизаци байна. (кастомизаци гэдэг нь бүтээгдэхүүнийг тодорхой хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан цөөн тоогоор үйлдвэрлэхийг хэлнэ – Орч.) Энэ бүхэн юу бэ ?
Энэ бол орос мөрөөдлийн биелэл гэж би хэлмээр байна. Бөөс тахалсан Солгой дарханы тухай зохиолч Лесков бичсэн үеэс хойш механик бөөсний бөөний үйлдвэрлэл болоогүй. (Энд гадаадын хааны бэлэглэсэн бүжиглэдэг өчүүхэн жижиг бөөсөнд орос дархан тах хадсан тухай орос домгийг өгүүлж байна –Орч.)
Орост онцгой содон, цөөн тоогоор үйлдвэрлэдэг үлгэр жишээ зүйлийг гайхмаар сайн хийдэг. Харин дараа нь асуудал үүсдэг.
Саяхан бид хөдөлгөөнт холбооны (гар утасны) үндсийг тавьсан анхны бүдүүвч хийсэн академич Жорес Алферовыгоо сүүлчийн замд нь үдэв. Харин бид түүний нээлтийг ашиглаж хөдөлгөөнт холбооны лидер болж чадсангүй.
Бөөний кастомизаци бол цорын ганц бүтээгдэхүүнийг мянган хувийг үйлдвэрлэхтэй адил зардлаар хийх боломж бий болгож буй агуу их найдвар юм. Өөрөөр хэлбэл, стартапын мөнгө хэрэггүй, цар далайцаараа хэмнэлт гаргадаг том компанид “худалдах” хэрэггүй болно.
 
 
Эдүгээ хүмүүс ямар нэг юм бодож олоод, бүтээгдэхүүнээ шууд хийж, цифрийн тавцан (платформ) ашиглан дэлхийн зах зээлд гаргах болов. Энэ бол хүний капиталаар мөнгө олох найдвар юм. Цифрийн эдийн засагт хүний капитал мөнгөн капиталаас илүү үнэ цэнэтэй.
 
 
Энэ нь яагаад Орост таатай вэ ? Бид хүний капиталын чанараар дэлхийд 16 байранд яваа. Нэгдүгээрт биш, гэхдээ л нэг их хоцроогүй. Гэтэл бид эрүүлийг хамгаалахаар дэлхийд 72 дугаар байранд, нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн бүтээмжээрээ 42 дугаар байранд ордог. Гэтэл хүний капиталаар 16-д байна. Бидний энэхүү хүний капиталын дээд хэсэгт дэлхийг эргүүлж чадах “өрөм” нь байдаг юм. Ингээд бүгдээрээ бидний хүлээлт хэр үндэстэйг авч үзье.
(Лектор Оросын Нобелийн шагналтан хийгээд шинэчлэгчдийн жагсаалт, мөн тэднээс гадаадад гарсан хүмүүсийн жагсаалтыг үзүүлэв. Гадаадад гарсан эрдэмтэн маш олон байв –Орч.)
Жишээлбэл: агуу их Пимитрим Сорокин Баруун руу явахдаа агуу их эдийн засагч Кондратьевтай хамт явах гэж ятгаж байв. П.Сорокин Гарвардын Их Сургуульд дэлхийд анхны Социологийн факультетийг байгуулж алдаршжээ. Харин Оростоо үлдсэн Кондратьев их циклийн онолоо дуусгаж чадалгүй 1939 онд цаазлуулжээ. Хэрэв энэ эрдэмтнийг устгаагүй байсан бол алдарт ажлаа дуусгах байсан юм.
Оросууд яагаад тархиа гадагш алддаг вэ ? ХХ зууны хоёрдугаар хагаст эх орноо орхих уу, үлдэх үү гэсэн ёс суртахууны хоёр шийдэл овоорсон юм.
Хөл бөмбөгөөс эхлэн тайлбарлахыг оролъё. 1994 онд Карибын орнуудын хөл бөмбөгийн аваргын тэмцээн болсон юм. Хэрэв тэнцсэн тохиолдолд эхний бөмбөг хийх хүртэл нэмэлт цаг өгнө. Гэхдээ нэмэлт хугацаанд хийсэн гоолыг хоёр гоолд тооцно. Барбадосын баг нэгдүгээр байранд орохын тулд Гренадын багийг наад зах нь 2 бөмбөгийн ялгаагаар хожих ёстой болов. 83 дахь минут болоход Барбадос 2:0 болгов. Тэмцээн дуусахад долоон минут үлдээд байхад Гренада 1 гоол хийж, тооны харьцаа 2:1 болов. Одоо Барбадосын баг нэмэлт хугацаа олж авахын тулд өөртөө гоол хийв. Тэгвэл Гренадын баг яахав ? Бас л өөртөө гоол хийв. Цаашаагаа бол өөрийнхөө хаалгыг буудаж эхлэв. Энд хөл бөмбөгчид буруутай юу ? Үгүй. Дүрэм буруутай.
Оросоос тархи “дайждаг” нь олон талаар үүнтэй төстэй. Ийм болохоор л бид хүний капиталын индексээр 16, өмчийн эрхийг хамгаалах индексээр 122, авилгын индексээр 176 дугаар байранд байгаа, өөрөөр хэлбэл манай институционал орчин хүмүүст нэн таагүй байхаар зохион байгуулагдсан юм.
Үүнийг боловсролын жишээн дээр үзүүлбэл илүү ойлгомжтой.
Оросын бага сургуульд манай хүүхдүүд оюун ухаан болон сэтгэх чадвараараа гайхуулдаг, энэ талаар бид дэлхийд эхнээсээ тавдугаар байранд ордог. Харин дунд сургууль болоод ирэхээр 32 дугаар байр руу ухардаг. Дээд сургууль бол сайн муу янз янз, тэдний ялгаа асар их.
Манай Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль эхний зууд ордог. Санкт-Петербургийн Их сургууль хоёр дахь зууд ордог. Манай залуус тав болон зургаан зуугийн хооронд өрсөлддөг. Дунджаар бид Канад, Испанитай нэг түвшинд байгаа бөгөөд энэ нь 250 жилийн хөгжилтэй агуу их шинжлэх ухаан, хүчирхэг боловсролтой байсан манай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Гэхдээ гол асуудал боловсролд байгаа юм биш. Бид хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэхээрээ улс орондоо хэрэггүй болж таардаг. Учир нь бид ХХ зууны эдийн засагтай байна.
Манайд дийлэнх олонхи нь олон улсын зах зээлд гарах чадваргүй үйлдвэрлэгчидтэй. Ийм учраас дээд сургуулиудад хэнийг “үйлдвэрлэх” хэрэгтэйг зааж эхлэх үед манай төгсөгчид даяар өрсөлдөх чадвартай байдгийг сануулж байна. Дэлхийн зах зээл дээр ажиллаж байгаа манай фирмүүдийг үзүүл л дээ…
“Явж үз, битгий ажилд саад болоод бай” гэдэг. Иймээс манай эдийн засаг боловсролыг “доош татдаг.” Түүхий эдийн эдийн засагт ийм хүмүүс хэрэггүй. Ийм учраас бүх системийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй.
Одоо энэхүү системд буй соёлын үйл явц хэрхэн явдгийг авч үзье. Яагаад гэвэл институтыг солихын тулд үнэт зүйлс, зан үйлийн чиг хандлагыг өөрчлөх ёстой. Үүнээс өөрөөр институтыг өөрчлөх боломжгүй, хуучин бүхэн язгуур үндсээрээ зууралдаж хойш татдаг.
Эдийн засагч Данилов, Полтерович, Магнус, Савватеев нар нэгэн тест бодож олжээ: Оюутан А оюутан Б-ээс хуулж “будаа иджээ”. Түүнийг нь оюутан С багшдаа мэдэгджээ. Энэ гурван оюутны үйлдлийг хэрхэн үнэлэх вэ ? Энэ судалгааг Орос (Москва) болон Израиль, Нидерланд болон АНУ-д зэрэг явуулсан юм. Юу болсон гэж санана ? Бүх оюутнууд нэгэн дуугаар “будаа идэх”-ийг шүүмжилсэн боловч шүүмжлэлийн хүч янз бүр байв. Манайхан болохоор “ер нь бол муу зүйл” гэж дүгнэсэн бол америкчууд зарчмын хувьд буруутгаж байв. Харин бүгдээрээ ховлогчийг санал нэгтэй шүүмжилсэн. Гэхдээ оросууд хамгийн хүчтэй шүүмжилсэн. Оросын соёлд хов зөөхийг адгийн зан гэж үздэг учраас эрс шүүмжилжээ.
 
Арсений Рогинский надад нэгэн сонирхолтой материал үзүүлсэн юм. Энэ нь 1930-аад онд Их харгислал буюу репрессийн үед Сталин Дотоод Явдлын Ардын Комиссариатын Газраас репрессийг ард түмний зүгээс дэмжих түвшинг нэмэгдүүлэхийг шаардсан боловч энэ нь бүтсэнгүй. Бүх баривчилгааны ердөө л 5%-ийг ховын мэдээллийг үндэслэн хийсэн аж. Харин америкчууд бол өөр, тэд ховлон мэдээлэхийг “ер нь бол муу зүйл” гэж шүүмжилсэн байна.
 
 
Харин “будаа идэх” боломж олгосон оюутны талаар санал хуваагдсан. Америкчууд болон голландууд энэ оюутныг ердөө л дүрэм зөрчсөн гэж үзсэн бол орос, израиль хоёр “өөрийн хүндээ тусалсан” гэж үзсэн.
Чухам энд л соёлын тодорхой хэм хэмжээ үйлчилж байна, энэ хэм хэмжээ дараа нь оюуны өмчийн эрхийг хамгаалж байгаа юу, “өөрийн” болон “өөрийн биш” хүмүүст адилхан хандаж болох уу гэдгээр илрэн гардаг юм.
Би ч гэсэн орос маягаар саналаа өгмөөр л байна. Гэхдээ энэхүү нөхцөл байдал хаашаа хөтлөхийг бид одоо авч үзнэ. Бид энэ туршилтыг Москвагийн Их сургууль, Үндэсний төслийн Институтэд үргэлжлүүлж, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт оросын 26 их сургуульд 4 жилийн турш судлан үзсэн.
Ердөө л дээрх ганц асуултыг тавьж байсан. Юу болсон гэж санана: оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн “будаа идсэн” хүнийг огт шүүмжлэхээ больсон. Яагаад гэвэл тэр “өөрийн хүн”. Хуулж л байг, ямар ч гэсэн “манай хүн”. Хуулсан оюутныг шүүмжилсэн цорын ганц газар нь Москвагийн Их сургууль байлаа. Мөн амжилтын эх үндэс нь холбоо харилцаа биш, хөдөлмөр гэж урьдын адил үзэж буй газар нь Санкт-Петербургийн Их сургууль байв.
Эндээс манай дунд сургууль болон их дээд сургуулиудад оюуны хулгайг өөхшүүлдэг, оюуны үр дүнг хамгаалдаггүй зэрэг олон зүйлийг мэдэж авсан юм. Энэ талаар л ажиллах ёстой юм.
Одоо цифрийн хувьсгал хүмүүсийг ямар болгодог вэ ? гэдгийг авч үзье.
Одоо бид хараахан дээд сургуульд ороогүй байгаа зөвхөн “милленал” болон “Z үеийнхэн”-ий тухай ярина. Эд бол огт өөр хүмүүс юм ! Тэд анхаарлаа төвлөрүүлэхдээ тааруухан гэдгээрээ онцлог. 2016 оны Сбербанкны судалгаа бий. Шинэ үеийнхэн анхаарлаа ердөө 18 минут л “барьж” чаддаг, гэтэл дээд сургуулийн лекц 90 минут үргэлжилдэг. Иймээс тэдний анхаарлыг тогтоохын тулд би хорин минут тутамд онигоо ярих юмуу, тэднийг “эргүүлж авчрах”-ын тулд ямар нэг байдлаар сатааруулах ёстой.
Тэд бичгийн ажилд ч гэсэн хүндрэлтэй тулгардаг. Энэ үеийнхэн бичдэг, гэхдээ сүлжээнд богино хэллэг, буюу хэллэгийн тасархай, дүрсээр (мем) бичдэг болсон. Эндээс онцгой хэл үүсдэг. Хэрэв твиттер болон бусад зарим сүлжээ тэмдэгтийн тоог хязгаарладгийг харгалзах юм бол тэдний энэ “хэл” хаашаа хөтлөх нь ойлгомжтой.
Үүний үр дүнд бичгэн текст дээр ажиллахад хүндрэл үүсдэг, гэхдээ харилцааны биш, харин номонд байдаг, заримдаа аймаар олон боть номтой харьцахад хүндрэл нь тулгардаг. Улмаар шийдвэр гаргахад бэрхшээл учирна: шийдвэр гаргахад тодорхой логик үйлдэл хийх хэрэгтэй байдаг. Ийм хүмүүст холбоход хүндрэлтэй тэр юмыг нь холбож өгөх хэрэгтэй.
Өөр нэг онцлог бий: тэдний зайлшгүй амжилт нь компьютерийн тоглоомын үр дагавар юм. Компьютерийн тоглоомыг урт хугацаа зарцуулалгүйгээр амжилт олж болохоор тооцож хийсэн байдаг. Энд сонгосон зам нь буруу гэсэн дохио л хүндрэл учруулдаг. Ер нь бол “ухаантай хүн уул руу өгсдөггүй, харин ухаантай хүн бол уулыг тойрдог” гэсэн үгийг шинэ үеийнхэн зохиогоогүй боловч одоо бол энэ нь шинэ үеийнхний лоозон болж хувираад байна.
Тэднээс огт өөр зүйл шаардах хэрэгтэй. Энэ бол системийн сэтгэлгээ. Манай математикч, санхүүч, институционал эдийн засагчид шинэ үеийнхэн шинэ шинж чанартай болсон гэх дүгнэлт хийж эхлэх үеэр би Эдийн засгийн Факультетын эрдмийн зөвлөл рүү очиж: “За мэргэжил нэгтнүүд ээ, надад Та нарт дуулгах хоёр шинэ мэдээ байна. Сайн нь Та бид үхэх хүртлээ хамт байх болно, яагаад гэвэл бид системийн сэтгэлгээтэй. Муу нь бүх юм муугаар төгсөнө, яагаад гэвэл бид одоохондоо хойч үедээ системийн сэтгэлгээг яаж дамжуулан үлдээхээ мэдэхгүй байна. Системийн сэтгэлгээгүй бол инженерийн ухааны ч, шинжлэх ухааны ч, улс төрийн ч, соёлын ч төсөл хэрэгжих боломжгүй” гэж хэлсэн юм.
Гэхдээ би шинэ үеийнхэнд бидэнд байхгүй шинэ чанар байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.
Юлий Цезарь агуу их жанжин болоод суут ухаантан болсон юм биш. Түүхэнд нэрт жанжингууд нэн олон. Юлий Цезарь нэгэн зэрэг бичиж, бичиг дуудаж, бас командалж чаддаг байлаа. Үүнийг 2000 жилийн турш суу ухаан гэж нэрлэж байв. Манай үед бол ийм чадварыг Дима Быков ч гэсэн эзэмшдэг. Түүнийг агуу гэхээс биш, суу ухаантан гэдэггүй, яагаад гэдгийг нь би хэлж өгье. Яагаад гэвэл шинэ үеийнхний хоёр дахь хүн бүр сүлжээнд нэгэн зэрэг ажиллаж, ямар нэг юм гүүглдэж, бас миний лекцийг сонсож чаддаг. Үүнийг би анзаарч “Бидний чаддаггүй юмыг Та нар хийж чадах юм. Ямар нэг юм бодохын тулд бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой ш дээ” гэж хэлэв. Гэтэл манай оюутнуудын нэг: “Тийм ээ, бид гурван зүйлийн ажлыг зэрэг хийж чадна. Гэхдээ бид явж, сэлж, нисч чаддаг галуу шиг хийдэг. Гэхдээ галуу энэ гурван ажлаа тун муу хийдэг” гэж хариулж билээ.
Чухам энд бидний шийдвэл зохих асуудлууд байгаа юм. Энэ бол хуучин зарим чадвараа алдсан, шинэ чанар олж авсан, гэхдээ түүнийгээ ажил хэрэгт хэрхэн ашиглахыг бид мэдэхгүй байгаа юм.
Цааш нь би цифрийн эдийн засаг хүн төрөлхтөнд ямар дуудлага тулгаж байгаа вэ ? гэдгийг яримаар байна. Өмнө нь би голдуу боломжийн (шанс) тухай ярьсан. Одоо дуудлагын тухай ярья.
Ажилгүйдлийн аюул байна, жам ёсны бүхнийг шахан зайлуулж буй зохиомол оюун ухааны аюул байна гэхчлэн бид ямагт үглэдэг. Эхлээд би ажилгүйдлийн бодит аюул байхгүй гэж Та бүхнийг тайвшруулмаар байна.
 
Аж үйлдвэрийн өмнөх туршлагаас үзэхэд ажил эрхлэлт илт шилждэг ба хүмүүс зүгээр л өөр хүрээнд шилжин ажилладаг. Манайд Орост ч гэсэн Герман Греф 5,5 мянган хуульч-аналитикуудыг халахад сүйд болж билээ. Ингэлээ гээд Сбербанкны ажил эрхлэлт унасан уу ? Үгүй. Одоо Сбербанкны офис болгон маш олон охид, хөвгүүдийг ажиглаж болно. Тэд эндээ цифрээс өмнөх үеийнхэн өнгөрөх болтол байна гэдэгт би итгэлтэй байна.
 
 
Энэ залуус ажлаа ямар хурдан, тансаг хийж байгаагаар би бахархдаг. Энэ бол удаан хугацааны ажил юм. Ийм хүмүүс манай оронд 5,5 мянгаас хамаагүй илүү гарна гэж би бодож байна. Ийм учраас ажил эрхлэлт бол эмгэнэл биш юм. Эмгэнэл өөр зүйлд байгаа. Асуудал илүүдэл хүмүүст байгаа юм биш. Асуудал “илүүдэл хүн төрөлхтөн” болчихгүйн тулд байгаа юм.
Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ ? Зохиомол оюун ухаан 20 жилийн өмнө бол тоглоом байсан юм. Зохиомол оюун ухааны түүх шатрын программ Гарри Каспаровыг хурдан өрөгт ялсан 1996 онд эхэлсэн. Үүний дараа 20 жилд зохиомол оюун ухааны талаар ямар ч шинэ том мэдээлэл гараагүй. Нейро сүлжээтэй ажиллах оролдлого хийж, ямар нэг асуудал байгаа нь мэдэгдэж байсан. Гэтэл гэв гэнэт 2016 онд программ “го”-ийн дэлхийн аваргыг ялах нь тэр. Үүнээс өмнө тэр программ “го”-ийн өргийн 2 сая хувилбарыг шинжилсэн байдаг. Гэхдээ энэ нь ердөө л бяцхан цэцэг байжээ. Жимс нь үүний дараа жил гарав: 2018 онд шинэ программ өмнөх программаа хожжээ.
Чингэхдээ шинэ программм 2 сая өрөгт шинжилгээ хийгээгүй, харин зүгээр л өөрөө өөртэйгөө бага зэрэг тоглосон байна. Ингээд л болоо. Зохиомол оюун ухаан хөл дээрээ босч, өөрөө явдаг болжээ. Аюул нь юунд байгаа вэ ? Зохиомол оюун ухаан алгоритм байгаа, үйлдлийн тодорхой дэс дараалал байгаа газар бүхэнд явах болов.
Эдүгээ манай боловсролын систем “нэг удаа хий, хоёр удаа хий, гурван удаа хий” гэж сургаж байгаад аймшиг байгаа юм. Амьдралд ч ингэж хийдэг. Үнэн хэрэг дээрээ бид зохиомол оюун ухаанд яваандаа шахагдах хүмүүсийг төгсгөн гаргаж байна. Энэ нь янз бүрийн салбаруудад болж байна. Шахагдах хүмүүс нь санхүүгийн аналитик, психоаналитик, хуулийн аналитик гэх мэт байх аж…Алгоритм ажиллаж байгаа газар хаа сайгүй байна. Тэгвэл одоо яахав ? Цифрийн эриний шинэ бодит байдалд хүн төрөлхтний эзлэх байр хаана байна ?
Биднийг нэгэн удаа зохиомол ба байгалийн оюун ухааны өрсөлдөөний тухай ярьж байхад алдарт хувьслын биологич В.В.Дубынин байсан юм. Тэрээр: ”Үнэг туулайнаас хамаагүй ухаантайг Та нар мэднэ. Гэхдээ мянга мянган жил үнэг бүх туулайг идэж чадаагүй юм. Яагаад гэж үү ? Яагаад гэвэл туулай өөрөө хаашаа зугтаж байгаагаа мэддэггүй юм” гэж билээ.
Энэ бол маш чухал нэгтгэсэн дүгнэлт байгаа юм, энэ тохиолдолд бид “үнэг” гэсэн зохиомол оюун ухаантай тулгаран зугтаж буй “туулайнууд” юм.
Бидэнд марчихсан нэг зүйл байгаа ба тэр нь баруун тархины сэтгэлгээ. Бидэнд сэтгэл хөдлөлийн оюун ухаан бий, мөн зөн билгийн шийдвэр гаргадаг дадал бий, харин одоохондоо зохиомол оюун ухаан өөрийн агуу их олон талт тооцоог яаж хийж байгаа нь ойлгомжгүй байгаа.
Хэрэв квантын компьютер бий болох юм бол бүр олон тооны хувилбар үүснэ гэж математик, физикчид сүрдүүлж байна. Одоохондоо таагүй зүйлсийн дэс дарааг даган явъя.
 
 
Хүн төрөлхтний хувьд өнөөгийн өдөр гарц байгаа нь: нэгдүгээрт, алгоритм үйлдвэрлэж буй тэрхүү хүн үхэхгүй, энэ бол зохиомол оюун ухааныг тэжээж буй хоол хүнс юм. Ийм учраас энэ утгаар математикчдад асар их хэтийн төлөв бий. Хоёрдугаарт: баруун тархиныхаа сэтгэлгээг хөгжүүлсэн тэр салбар тэсэн үлдэх болно гэж би хэлмээр байна.
 
 
Үүнийг яаж хийхийг бид одоохондоо сайн ойлгохгүй байгаа. Бид хэдэн жилийн өмнө манай Эдийн засгийн Факультетэд математикийн гайхалтай бэлтгэлтэй залуустайгаа хамтран “Хүмүүнлэгийн нуралтыг засварлах” гэж нэрлэсэн программ эхэлсэн гэдгийг дурдмаар байна.
Хэдэн долоо хоногийн өмнө шүүлэг болсон бөгөөд тэр үеэр манай оюутнууд Шекспирийн сонет уншиж, “Байцаагч түшмэл”- ийн хэсгээс тоглосон. Хэдий хачирхалтай ч энэ бол сайн дурын уран сайхан биш байсан юм. Энэ бол зохиомол оюун ухаантай өрсөлдөхөд хүн төрөлхтний альтернатив шийдлийг олох гэсэн оролдлого байлаа. Энэ тохиолдолд зохиомол оюун ухаан хамтрагч байж болохыг бид үгүйсгээгүй.
Бид Хятадаас суралцах гэж цөөнгүй оролддог, тэнд сурах юм ч бий, сурахгүй юм ч бий. Гэтэл суралцах ёстой юмаа бид анзаараагүй явж. Хоёр жилийн өмнө Харьцуулсан эдийн засгийн судалгааны Дэлхийн хоёрдугаар их хурал болов. Би тэнд Гонконгийн профессор Жеймс Кунгийн лекцийг сонсож билээ. Тэрээр Күнзийн бодож олсон иргэний шалгалт гэж нэрлэсэн зүйлд математик болон экономометрийн анализ хийж, энэ нь Хятадад зуу зуун жилийн өмнө хүний капиталын чанарт хэрхэн нөлөөлсөн тухай ярьсан.
Яагаад Хятадын тодорхой бүс нутгууд бусдаасаа илүү хөгжилтэй байдаг вэ ? Күнзийн бодож олсон иргэний шалгалт гэж юу бэ ?
Хятадад түшмэл болохыг хүссэн ямар ч хүн дүрс үсэг мэддэг, шүлэг зохиож чаддаг гэх мэт авъяасаа харуулах ёстой. 1300 жилийн турш энэ шалгалтыг заавал өгөх ёстой гэж үзсээр ирсэн. Яагаад ингэж байгаа юм ? Миний бодлоор энэ бол баруун тархины сэтгэлгээгээ хөгжүүлж арга байсан.
Одоо № 2 асуулт буюу цифрийн эдийн засгийн сөхөн тавьж буй ёс суртахууны асуудлыг хөндөе.
Дэлхий дахинаа сүүлийн 150 жил, Орост сүүлийн 25 жилд хүний хамгийн гол асуудал нь сонголтын асуудал болоод байгаад хэргийн учир оршино. Ухаандаа бид том супер маркетад орлоо гэхэд өөр хоорондоо нэн төсөөтэй асар олон бүтээгдэхүүнтэй учирна, гэхдээ эдгээр нь “тодорхойгүй нөхцөл”-д байдаг.
Харин цифрийн эдийн засаг биднийг энэ асуудлаас ангижруулна. Үйлдвэрлэгчдэд нэг адил таваарыг баян хүнд үнэтэй, ядуу хүнд гэхчлэн ялгавартай үнээр зарах гэсэн тэдний гол мөрөөдлийг амлаж байна. Одоо бол ийм зүйл боломжтой.
Эдүгээ Таны сонголтын асуудлыг шийдвэрлэх боломжтой, эхлээд цифрийн эдийн засаг Таны зан төрхийг бүрдүүлнэ. Таны бүх дадал зуршлийг маркетологууд Танаас өөрөөс чинь илүү мэддэг болно. Хэрэв Та нийгмийн сүлжээнд идэвхтэй ордог бол энэ нь бүр ч хялбар.
Дөнгөж өчигдөрхөн Таны үзэж байсан рекламын санал гэв гэнэт Таны гажет дээр чинь гараад ирдгийг Та анзаарсан байх. Энэхүү бодит байдал цаашдаа улам өснө. Цаашдаа жирийн бус сонголт үүснэ, яагаад гэвэл ингэж амьдрах таатай бөгөөд сайхан, гэхдээ шийдвэрийг Та гаргахгүй. Энэ тохиолдолд Таны өмнөөс өөр хэн нэгэн шийдвэр гаргана.
 
Мэдээж Таны зан төрхийг харгалзаж таарна, гэхдээ л энэ шийдвэрийг Та гаргахгүй. Ингээд Та “өөрөөрөө байхуй”-гаа алдана.
Хорин жилийн өмнө миний танил нэгэн дарга: ”Манай ажилтнууд намайг маш сайн мэддэг. Тэгээд тэд миний ямар шийдвэр гаргах гэж байгааг тооцоолж, мэдэж байдаг. Би заримдаа албаар буруу шийдвэр гаргадаг, яагаад гэвэл тэд биш, би шийдвэр гаргаж байгаа юм” гэж билээ.
Энэ тохиолдолд бид нэг талаас шийдвэр гаргах өөрийн эрх, нөгөө талаас оршихуйн тав тух хоёрын дундаас сонголт хийж байна. Ийм учраас бидний өмнө залилуулах тав тух байгаа юм.
 
Ер нь бол цифрийн эдийн засгийн бүхий л эмгэнэлт байдлын суурь үндэс нь: “Хувийн өгөгдлөө хамгаалах хэрэгтэй юу, хэрэггүй юу ?” гэсэн салаа утганд байдаг.
Төлбөр төлж их амжилт олсон, гэхдээ бүрэн хүлээн авч болмооргүй жишээ хэлье. Хүний геномыг тайлан уншихад орчин үеийн шинжлэх ухаан асар их амжилт олсон. Анхны геном тайлж унших үйлдэл миллиард ам.доллар болсон ба үүнийг АНУ төлсөн. Дараа нь арилжааны компаниуд нэг геном тайлан унших зардлыг 10 мянган доллар болтол буруулсан. Хүмүүсийн хувьд энэ нь их үнэтэй. Одоо бол Таны хувийн геномыг тайлж уншихад 1000 орчим доллар зарцуулдаг болсон. Ингэснээр Таны өвчинд прогноз хийж, урьдчилан сэргийлэх санал гаргаж, Таны бие организмын аль нэгэн үзэгдэл хэрхэн холбогдож байгааг тайлбарлаж чадна. Энэ бүхэн маш ашигтай мэдээлэл юм.
Гэхдээ өртөг 10.000 доллараас 1000 болтлоо буухыг юугаар нөхсөн бэ ? Эмийн компаниуд Та бидний хувийн өгөгдлөөр солилцоо хийж энэ бүхнийг санжүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл тэд Таны хамгаалагдсан байдлын оронд Таны тухай мэдээллийг олж авч байна.
Хувийн өгөгдлийг хамгаалах нь маш ноцтой асуудал болон хувирч байна. Хувийн өгөгдлөө хамгаалах өөр механизм олоогүй тохиолдолд түүнийгээ хуваалцахгүй байсан нь дээр.
Цаашдаа бол энэ заль мэх яаж явах бол ? ХХ зууны дарангуйлал бол орь ганц үзэгдэл гэж бид оюутнууддаа цаг ямагт сургаж ирсэн. ЗХУ, Герман, Итали, Хятадад болсон явдлууд бас л орь ганц үзэгдлүүд. Энэ бүхэн болж өнгөрөхөд нөхцөл байдал гайхалтайгаар бүрдсэн байх ёстой.
Харин одоо бол тийм биш. Цифрийн технологи дарангуйллыг ч ардчилал болгон хувиргаж чадна. Эдүгээ цифрийн зөвлөлдөх (консенсусын) ардчилал болон дарангуйлал хоёр зэрэг орших боломжтой болж байна.
Дашрамд дурдахад дэлхийн улс орнуудын 5/6 нь дарангуй, үлдсэн нь ардчилсан дэглэмтэй, энд эмгэнэлтэй зүйл огт байхгүй, тэд нэг нь нөгөө рүүгээ “урсаж” л байдаг. Гэхдээ цифрийн ардчилал ч, цифрийн дарангуйлал ч зэрэг байх боломжтой болжээ.
Зөвлөлдөх цифрийн ардчиллаас эхэлье: энд парламент ч, сайд нар ч хэрэггүй. Та дурын сүлжээнд нэвтрээд шийдвэр гаргаж болно. Ийм санал асуулгыг одоо Швейцар, Калифорнид явуулж байна. Техникийн хувьд үүнийг өдөр болгон хийсэн ч болно. Гэхдээ эдүгээ ард түмний шийдвэр болох Брекситийг хэрэгжүүлэх нэг ч улс төрч гараагүй байна.
 
Нөгөө нэг туйл нь цифрийн дарангуйлал (тоталитаризм) болно. ХХ зууны дарангуйлалд ямар асуудал байсан гэхээр тэр маш их үнэтэй байжээ. Би ардчилсан Германы улс төрийн тагнуулын газар Штази байгууллагын архивыг судалсан Арсений Рогинскийтэй ярилцсан юм. Тэдний статистикаар нэг хэргийг (хүнийг) ажиглахад 17 хүн ажиллуулах шаардлагатай болдог байжээ. Хэрэг үүсгэсэн нэг хүний талаар мэдээлэл цуглуулахад 17 хүн хэрэгтэй. Дарангуйлал бол их үнэтэй систем бөгөөд үзэл суртал нь нурмагц дарангуйлал өөрөө нуран унажээ.
 
Одоо бол энэ нь маш хямд. Хятадын Шинжаан-Уйгарын автономит мужид хүний нүүрийг цифрийн технологиор таних систем бүтээсэн ба улмаар Таны зан үйлийн рейтингийг гаргадаг. Та юу худалдан авч байна, хаашаа явж байна; Та бусадтай яаж харьцаж байна гэх мэт бүгдийг мэддэг. Энэ үндсэн дээр Танд зээл өгөх эсэх, ийш тийш явах билет зарах эсэх зэргийг шийддэг. Бидний өмнө цифрийн дарангуйллын бодит аюул занал нүүрлэж байна.
Өөр нэг туйл нь бид хувийн өгөгдлөө хамгаалах асуудлаа хараахан шийдээгүй, гэхдээ оролдож буй явдал юм. Ер нь бол хувийн өгөгдлөө хамгаалах явдал маш үнэтэй болсон.
Компьютерийн болон мэдээллийн технологийн нэгэн мэргэжилтэн саяхан надтай энэ асуудлаар ярьж байгаад: “Мина цэвэрлэх өртөг минийн өртөгтэй ямар ч холбоогүй. Тэр нь минийн тэсрэлтээс үхэж болох тэр өртөгтэй л холбоотой” гэж билээ.
Ийм учраас кибер аюулгүй байдлын бүх ажлууд маш их үнэтэй, одоохондоо дэлхий дахинаа сайн гарц олж чадаагүй л байна.
Наад зах нь энэхүү дарангуйлах хандлагын эсрэг юу хийж байна вэ ? гэж асууж болох юм. Жишээ нь Яндекс маягийн цифрийн платформ байна. Зөвхөн Та таксист нарын рейтингийг гаргаж буй биш, тэд нар ч гэсэн Таны рейтингийг гаргаж байгааг Та мэднэ. Энэ нь их чухал юм.
“Бла-бла-кар” гэх сүлжээ үүсэн бүрэлдэж байна. Энэ нь харилцан рейтинг тогтоох институтын үндсэн дээр хүмүүс харилцан итгэлцэх сүлжээ юм. Энэ мэт зүйлс дарангуйллын хөдөлгөөнийг сааруулж удаашруулна.
Хамгийн сүүлд Оросын агуу их шинчлэгч М.М.Сперанский Европоор аялаад эргэж ирмэгцээ: “тэдний Европт байгууллагууд нь шилдэг юм, харин манай хүмүүс илүү шилдэг юм” гэж хэлсэн байдгийг сануулмаар байна.
 
Харин би ажиглалт, аялал жуулчлалаар биш, харин судалгааны өгөдлөөр, рейтингээр, тэдгээрийг харьцуулснаар, янз бүрийн индексийг үндэслэн манай хүмүүс ямар ч институтээс илүү шилдэг гэж хэлмээр байна. Үнэхээр бид эдийн засгийн институт гэхээсээ хүний капиталаараа ихээхэн илүү. Энэ дэлхийд хоёр л хувилбар бий: эсвэл Та муу институт, муу чанартай хүний хүчин зүйлтэй байна, эсвэл сайн институт, өндөр чанартай хүний хүчин зүйлтэй байна.
 
Гэхдээ Аргентин, Украин, Словени мэтийн 7 орон хүний капитал нь сайн, институт нь муу байгаа. Тэдний энэ институтууд үндсэндээ рент олж авахыг л хүсдэг, харин авъяас чадвартай хүмүүсийг татах соронз бүтээж чаддаггүй.
Ингээд бид үндсэндээ манай институтуудыг хүний капиталынхаа түвшинд хүртэл өөд татна гэж тооцох ёстой, гэтэл одоо амьдрал дээр өөр зүйл яваад байна. Хамгийн боловсролтой, авъяас чадвартай хүмүүс маань гадагш явж, харин өндөр боловсролтой хөгжмийн зохиолч буюу инженерүүд Дундад Азиас татагдан ирж байна. Гэхдээ тэднийг хөгжмийн зохиолч, инженер байдлаар биш, зам барилгын ажилд татан оролцуулж байна. Энэ утгаар манайд урвуу хандлага яваад байна. Манай хүний капитал багасч байна. Энэ нөхцөлд бидэнд найдлага бий юу ? Мэдээж хэрэг байгаа, манай хүмүүстээ найдах хэрэгтэй.
Боловсролын системээ өөрчилж, үнэт зүйлсээ өөрчилж, соёлоор оролдож, 20 жилийн цаадахыг харж чадах цорын ганц үндсэн чанар эзэмшсэн шинэ элитүүдийг төрүүлж чадах юм бол бидний найдвар биелэнэ.
Ингэж чадвал бид сонгох эрхээ алдсан цифрийн дарангуйллын нөхцөлд, байгалийн болон зохиомол оюун ухаан өрсөлдөөний асуудалд ямар нэг ахиц гаргаж чадах ба ийм боломжийг манай шинэ үеийнхэн тээж яваа гэдгийг харгалзах хэрэгтэй. Би үүнд маш их найдаж байгаа…
 
 
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419