Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ
Налайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна.
Уйлж ч чадахгүй шахам бяцхан хүүхдийг оношилж, нойрсуулах ажилбарын дараа мэс засал хийнэ гэдэг хамгийн хэцүү. Харин мэс заслын болон нярайн мэргэшсэн эмч, чадварлаг сувилагч, хичээнгүй асрагч нарын ачаар бяцхан хүүхдийн биеийн байдал ѳдрѳѳс ѳдѳрт сайжирч байна.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн тѳв, 2018 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг байгуулсан бѳгѳѳд энэ хугацаанд 2600 гаруй ажилбар хийгджээ. Тэгвэл ирэх 2020 оноос Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийг байгуулахаар тѳлѳвлѳн ажиллаж байна.
Тус ажлыг бусад дүүргийн эмнэлэгт ч мѳн шат дараатайгаар зохион байгуулах юм. Ингэснээр зөвхөн ЭХЭМҮТ-д хийгддэг тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл буурах тѳдийгүй иргэд ѳѳрт хамгийн ойр байрлах харьяа дүүргийн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ хэмээн НЭМГ-аас мэдээллээ.