Хагас зуун жил нум эвшээлгэсэн нутгийн ах...
Миний аавын нутгийн, миний аавтай адилхан магнайтай...хөвгүүдийн минь, бас миний нум сумыг сүүлийн хэдэн жилийн турш сэтгэл гарган урлаж өгсөн...за би ч өөртөө хамаатай мэдээллээр л эхлэх юм даа. Т.Батмөнх гэж ийм мундаг найзтай хүн дээ, би. 1965 оноос эхлэн нум эвшээлгэж, сум тавьсан энэ эрхэм хүний урласан, сойсон монгол нум сум дэлхийн өнцөг булан бүрт хүрч амжсаныг би мэдэх юм. "Мандухай цэцэн хатан" киноны тулаант хэсгийн бүх нум сумд Батмөнх гуайн ур ухаан шингэсэн. Түүнд Хүннүгийн үеийнхээс эхлээд орчин цагийнх хүртэлх Монгол болоод дэлхийн улс орнуудын түүх шингэсэн содон сонин нум сумнууд бий.
Хамгийн сайхан нь монгол нум сум хэмээх гайхалтай ур хийц, хурд, ухаан шингэсэн нэгэн төрлийн зэвсэг, нөгөө талаар уламжлалт өв соёлыг маань байх ёстой төвшинд нь үүрч явдаг энэ эрхмээр би зүй ёсоор бахархдаг. Нум сум гэдэг өөрөө ухаан, зүй тогтол, тооцоо, оршихуй. Модыг нь бүтэн жилийн турш хатааж байж шөрмөсийг нь тавьдаг...барих хүний өндөр, жин, гарын хүчинд тааруулна гээд барагтай хүний ухаан хүрэхгүй том соёл, том уламжлал. Энэ бүхний амьд судар болсон Батмөнх гуай "Нум сум бол уртаашаа ухаан, өргөөшөө хүч" гэж маш товчхон өгүүлсэн.
Бас түүний хэлсэн нэг үгийг би үргэлж санаж явдаг юм. "Гэр бүлээрээ хөдөө хээр салхинд гарлаа гэхэд эрчүүд нь хөзөр дэлгээд, эмэгтэйчүүд хоол эргүүлдээд, хүүхдүүд гол ус руу орохоос өөрөөр аялж болно шүү дээ. Нум эвшээлгэж, сум тавин бай харваад гүйж явахад л энэ чинь монгол оршихуй" хэмээснийг нь дамжуулъя. Морьтон монгол дэлхийг эрхшээхдээ гар хоосон мордоогүй.
Ганзагандаа, гартаа, зүрхэндээ, тархиндаа, сэтгэл зүрхэндээ багтааж агссан хүч хийгээд зориг нь нум сум билээ. Тэгвэл энэ бүхнийг ур хийгээд ухаантай нь, тэвчээр хийгээд тэнхлэгтэй нь хэдэн зууны дараа сэргээж амилуулж, энэ цагт эцэг нь болж яваа амьд судар бол Т.Батмөнх гуай гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол өв соёлыг өнөөдрөөс маргаашийн зүг хүргэх залуусыг ч бас Говь-Алтайн Шаргаар овоглодог энэ хүн сурган дасгалжуулдаг билээ.
Р.Эмүжин