Ш.Ариунжаргал: Намар өвлийн завсарт аньс, нэрс, чацарганаар дархлаагаа дэмжиж хэвшээрэй
Өглөө, оройдоо хүйтэн, өдрийн цагаар нэмэх хэмтэй байгаа энэ өдрүүдэд хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч ханиад, томуу хүрэх тохиолдол элбэг байдаг. Тэгвэл ийм үед дархлааг хэрхэн дэмжих, ханиад томуунаас гэрийн нөхцөлд хэрхэн хамгаалах, хүрсэн тохиолдолд эм тариа хэрэглэхгүйгээр эмчлэх зөвлөмж ярилцлагыг хүргэж байна. Манай энэ удаагийн ярилцлагын зочин “Наран мөргөл” уламжлалт анагаахын клиник эмнэлгийн их эмч Ш.Ариунжаргал юм.
ХҮҮХЭД БОЛЖ ӨГВӨЛ НЭГ, ХОЁР ӨДӨР ХАЛУУРВАЛ САЙН БАЙДАГ
-Цаг агаар огцом хүйтрээгүй байгаа ч гэсэн энэ үед ханиад томуу авч эмчлүүлж байгаа хүүхэд багачууд, томчууд хүртэл байна. энэ үед хүн өөрийгөө яаж хамгаалж болох вэ?
-Эхлээд хүүхдийн тухай ярья. Өдийд бол утааны улирал эхэлдэг. Энэ үед хүүхдүүд ханиад хүрэх гээд байдаг. Голдуу вирусийн халдвар авдаг. Вирусийн халдвар аваад дархлааны систем ажиллаад халуурах, нус гоожих, ханиах шинж тэмдэг илрэхээр эцэг, эхчүүд хүүхдээ өвчин тусчихлаа гээд шууд эмчилгээ хийгээд эхэлдэг. Эмч нар ч бас эм тариа бичээд өгчихдөг. Одооны ханиад бол яг өвлийн ханиадыг бодвол хоруу чанар нь бага байдаг. Өдийд туссан ханиадыг зөв эмчилчих юм бол дараа, дараагийн вирусийн дэгдэлтийн үед ханиад хүрсэн ч өөрөө эдгэрч, эсвэл хүндэрдэггүй. Мэдээж эмчид үзүүлж эмчийн зөвлөгөө авах нь зөв. Гэхдээ таталт өгөөгүй, амьсгаадаагүй, өндөр халуураагүй, дээр нь тархины даралт, тархины гэмтэлтэй хүүхдүүд биш, харьцангуй эрүүл хүүхдийг болж өгвөл нэг, хоёр өдөр халууруулвал сайн байдаг. Түүнээс гадна ханиад хүрсэн хүүхдийг эмнэлэг, олон нийтийн газар дагуулж явахгүй байх нь чухал. Олон удаа эмнэлэгт хавтээд байнга эм тариа хэрэглээд байхаар эм тарианд дасал болох, антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар авах эрсдэлтэй байдаг. Тиймээс хүүхдээ өвдлөө гэхэд болж өгвөл эмчээсээ зөвлөгөө аваад гэрээрээ эмчлэх ёстой. Ингэж чадвал эмнэлгийн хүүхэд болчихгүй, маш сайн борогшчихдог. Хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж авалгүй яахав. Дээрээс нь энэ үед бага насны хүүхдийг заавал амны хаалттай, ороолттой явуулдаг. Агаарын бохирдлоос сэргийлж байгаа нь тэр. Хоёрт, хүйтэн агаарт хоолой нь гэмтэхээс сэргийлдэг. Хүүхдүүд хүйтэн агаар, салхи залгиад байхаар чих, хоолой нь өвдөх гээд байдаг. Гадна утаатай байна гээд хүмүүс хүүхдийг гэрт нь хориод байдаг. Нарлаг дулаахан өдөр хүүхдийг заавал салхилуулж, агаарлуулж байх ёстой.Хичнээн хүйтэн байлаа ч бага насны хүүхдүүдийг агаарт гаргахгүй байж болохгүй. Ялангуяа долоо хоногт нэг удаа заавал агаарт гаргана. Бүр модтой, навчтай, агаар сайтай газарт гаргах ёстой.
-Хүүхэд халуурч байвал зүгээр гэж байна. Манайд бол 37 гараад халуурангуут лаа хийгээд л, эмчид ханддаг. Яг ямар тохиолдолд эмчид хандах ёстойгоо сайн мэддэггүй. Халууны ялгааг хэлж өгөөч?
-Халууны эмний тухайд би Европын орнуудаар явж байхдаа асууж байсан. “Та нар хүүхэд халуурахаар яадаг вэ” гэхэд эм өгдөггүй гэж байсан. Таталт өгөх, амь насанд аюултай тохиолдолд л эмчилгээ хийхээс биш бага халуунтай үед болж өгвөл дархлааг нь дэмжсэн витамины цэвэр жүүс өгөх ёстой гэдэг. Манайхны хэрэглээд байдаг горчичниктой усанд хөлийг нь дүрэх ч юм уу, эсвэл халуурч байгаа үед дөрвөн толь гэгддэг хоёр алга, хоёр хөлийн улыг спиртээр, эсвэл нойтон алчуураар арчдаг гэдэг. Гадны улсад яагаад ч эм тариа хэрэглэдэггүй юм байна. Манайх эсрэгээр нь жаахан халуурангуут эмчид аваачиж үзүүлдэг. Эмч нь баахан антибиотик бичиж өгөөд л нөгөө хөөрхөн явагдаж байсан дархлааг нь унтраачихдаг. Уг нь халуурах гэдэг гадны биетээс өөрийгөө хамгаалж байгаа дархлааны хариу урвал юм шүү дээ. Мэдээж гурваас дээш хоног халууруулж болохгүй.
ХҮҮХДИЙГ ДООРООС НЬ ХЭТ ДУЛААЛАХ ДЭМИЙ
-Өглөө, оройдоо хүйтэн, өдрийн цагаар дулаахан байхад хүүхдийг хэрхэн хувцаслах вэ?
-Өдийд бол хөлөрдөггүй, чийг татдаггүй, гэхдээ хэт халуун биш, бас хэт нимгэн биш дундаж хувцаслах ёстой. Манайхан хөлнөөсөө даарчихна гээд дулаалаад яагаа ч үгүй эрт эсгий бойтог өмсүүлчихдэг. Ингэхээр хүүхдүүдийн хоолой өвддөг болчихдог. Халуун хүйтэн харшина гэж ярьдаг даа. Халууцсан үедээ хүйтэн агаар авангуут хоолойны өвчтэй болдог. Тиймээс хүүхдийг доороос нь хэт дулаалах дэмий. CNN-ний мэдээгээр ч ингэж гарч байсан удаатай. Хүүхдийн хөл нь болж өгвөл хүйтэн явж байхад буруу байдаггүй, дархлаанд нь сайн байдаг гэдэг юм билээ. Харин дархлааг нь дэмжих хэрэглээний хувьд манайхны аньсны шүүс хамгийн сайн. Чацарганын шүүс сайн. Үхрийн нүд, тошлой, нохойн хошуу гээд байгалийн жимсний шүүсийг төрөл төрлөөр нь өгвөл үр дүнтэй.
-Хүүхдийн эмнэлгүүдэд хүүхэд нь хамарнаас ногоон нус гоожоод, нүд нь нуухтаад байна гээд эмчид хандаж байгаа эцэг, эхчүүд олон байна гэсэн. энэ нь ханиадны шинж тэмдэг үү?
-Бага насны хүүхэд томчууд шиг нус, цэрээ нийгээд, ханиалгаад гаргаж чаддаггүй. Тиймээс цэртэй ханиалгаж байгаа хүүхдийг өглөө босоход нь доош нь харуулж байгаад жаахан уйлуулчихдаг гэмгүй. Нуруунд нь адууны тос түрхэж байгаад, хөнгөн тогшиж болно.Ханиадтай хүүхдэд сүүл, шар тос түрхдэггүй. Үүнийг сайн анхаараарай. Жаахан доргиох массаж хийж өгч болно. Хоёр, гурван настай хүүхдүүдэд бол өндгөнд зөгийн бал түрхээд хөнгөхөн татаж болдог. Ногоон нус гарах муу биш. Цэр, нус гарч байгаа бол ханиад эдгэрч байгаа гэсэн үг. Харин нүд нуухтах хоёр шалтгаантай. Нүдний халдвараас болж нуухтаж болно. Эсвэл бөөрний үрэвслээс болдог. Удаан ханиачихсан хүүхдүүдийн өвчин бөөр рүү орж хүндрэхээрээ нуухтдаг. Тиймээс нүдийг нь ойр ойрхон сайхан угааж цэвэрлээд байхад болно. Янз бүрийн тос түрхэх хэрэггүй. Нүдний ханиад бол шал өөр шүү дээ. Нүд улайна, аргаж өвдөнө. Зүгээр нуухтаад байгаа бол муу юмнаасаа салах гээд байна гэсэн үг. Жаахан хүүхдүүд маш их нуухтаж байгаа.
ИДЭР НАСНЫХАН ӨДИЙД БАГА ЗЭРЭГ ДААРЧ БАЙХАД ЗҮГЭЭР
-Тэгвэл томчуудын хувьд та ямар зөвлөмж өгөх вэ. бас л ямар хувцас өмсөхөө мэдэхгүй, юу хэрэглэх талаар нарийн ойлголтгүй байгаа болов уу?
-Идэр насныхан өдийд бага зэрэг даарч байхад зүгээр. Хэт их бигнээд байх тусам бээрэг, хэврэг болдог. Хоол ундаа сайн идэж, шингэн юм сайн уугаад байвал ханиад хүрэхгүй. Ханиад хүрэх шинж тэмдэг илрээд эхэлвэл сармис, аарц их зүгээр. Аарцтай шөл, бага зэргийн халуун ногоотой шөл, эсвэл зөгийн балтай сүү, шоколадтай сүү уухад зүгээр байдаг. Харин настай хүмүүс, хүүхдүүд яалт ч үгүй дулаан байх шаардлагатай байдаг. Идэр залуу хүмүүс махбодийн мөн чанар нь халуун чанартай хүмүүс байдаг болохоор нэг их айхтар бэгнээд байх хэрэггүй. Сүүлийн үед идэр насны эмэгтэйчүүд их бээрэг болчихсон байна. Уг нь тийм байх ёсгүй. Гэтэл энэ нь ерөөсөө л цус өтгөрчихсөн, цусны эргэлт муудсантай холбоотой. Тийм учраас аньс, нэрснийжүүс ууж байх ёстой. Ялангуяа манайд эдгээр шүүс байгалиараа, цэврээрээ байна шүү дээ. Дээр нь спортлог байхыг зөвлөж байна. Ер нь дэлхийн анагаах ухаан одоо эм тарианаас татгалзаад байгаа. Хамгийн их эм тариа хэрэглэдэг, маш их замбараагүй хэрэглээтэй орон бол Монгол болчихоод байна.
-Нээрээ тийм байх шүү. Дасгал хөдөлгөөн гэхээс илүү шууд л эм тариагаар өвчнөө намдаачихъя гэдэг залхуу бодол хамгийн түрүүнд төрдөг болчихсон нь нууц биш?
-Хүзүү хөшөөд байна, хөл гар хөрөөд байна гээд бас л бигнээд эхэлдэг. Яагаад гэвэл хамаг цус нь дээш хөөрчихөөд доошоо эргэлтийн цус багадаад ирэхээр тэгдэг. Тиймээс хэрэв хөл гар даараад байдаг бол бигнэхийн оронд хөдөлгөөн хий гэж зөвлөмөөр байна. Бас дээр нь зүүн эмчилгээ, бариа засал хамгийн сайн үр дүнтэй. Бусад гадаадын орнуудтай харьцуулахад Монголд эмчид үзүүлэх, эмнэлгийн тусламж авах хамгийн таатай орон. Түүнээс болоод хэт их эм тарианы хэрэглээтэй болчихсон.
ОДООНООС D ВИТАМИНЫГ ЭМЧИЙН ЗААВРААР ЗААВАЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ
-Биднийг хүүхэд байхад хоолой өвдөнгүүт хужир, царвангаар зайлдаг байсан. Энэ эмчилгээ хэвээр байгаа юу?
-Хэвээрээ. Энэ эмчилгээ ганц Монголд ч биш Орос, тэр байтугай Европт хүртэл дэлгэрээд байгаа. Содатой ус, цагаан гаатай усаар зайлдаг болчихсон байна лээ. Энэ эмчилгээ их зүгээр. Соданаасаа илүү цайны хужир, жамц давс сайн. Маш сайн сэргийлэлт болдог шүү.
-Өвлийн улиралд нарны энерги бага байдаг учраас D витамин дутагддаг гэдэг. Витамины хэрэглээг хүйтний улиралд хэрхэн зохицуулах вэ?
-Ялангуяа настай хүмүүсийн хувьд энэ үед заавал нэмэлт аминдэм хэрэглэх ёстой. Өөрсдийнхөө биеийн онцлогт тохирсон омега, витамины төрлийн, эрсдийн төрлийн витаминууд хэрэглэвэл зүгээр. Гадуур эмийн сангуудаар зарагдаж байгаа ихэнх витаминууд шохой ихтэй, шингэц муутай байдаг. Дээр үед Оросынх гээд их гоё витаминууд байсан даа. Нэг их үнэтэй айхавтар сүлжээний витамин гээд байхаас илүү өөрийн орны аньс, чацаргана маань амин дэм болдог. Анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад ахмадуудыг улаан вино уу гэж зөвлөдөг. Цэвэр улаан виног оройд 50 гр уухад нойронд сайн, судасны ханыг тэлж өгдөг, цэвэрлэдэг гэж үздэг. Заавал настай хүн хүүхэд гэлтгүй одооноос D витаминыг эмчийн заавраар заавал хэрэглэх ёстой. Яагаад D витамины хэрэглээг онцгойлоод байна вэ гэхээр хүүхэд залууст D, C, E витамин, настай хүмүүст E, А ихээр дутагддаг. Эдгээр витамин дутагдаад ирэхээр нөгөө зүрх судас, үе мөч, хавдрын өвчний суурь тавигддаг. Уг нь эдгээр нь үе мөчний үйл ажиллагааг хангахад үений шингэн нөхөхөд зориулагдсан витаминууд. Дутагдаад ирэхээр хөл гарны үе үрэвсэл, яс ургалт, ясны сийрэгжилт бий болж эхэлдэг. D витамин дутагдсан үед хөлрөх, чийгтэх, үе үе хүйтэн хөлс гарах шинж тэмдэг эхний үед илэрдэг. Удаад ирэхээр үе мөч өвдөх, үс хумс унах зэргээр илэрнэ. Тиймээс заавал эмчийн заавраар D витаминаа хэрэглээрэй. Өөр нэг зөвлөх зүйл бол массаж, цэгэн бариа.
Төгсгөлд нь танай сониноор дамжуулан уншигчдад зөвлөхөд аль ч улс эм тариагаар бус органик байгалийн аргаар өөрийгөө эмчлэхийг чухалчлах болсон. Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө хүн өөрийгөө сэргийлэх ёстой байдаг. Монголчуудын маш том дутагдал бол хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. Ямар ч өвчин дөрвөн үе шаттай байдаг. Хавдар ч тэр. Ямар ч өвчин эхний нэг, хоёрдугаар үедээ бүрэн эдгэрдэг. Тиймээс өвдөхөсөө өмнө өөрсдийнхөө дархлаа биеийн эсэргүүцлээ сайжруулах, ямар нэгэн өвдөлт, үрэвсэл байдаг бол эрт эмчлэх ёстой гэдгийг хатуу анхааруулмаар байна.