Д.Болдбаатар: Нийслэлд дэлхийн дунджаас 3.6 дахин олон эмийн сан ажиллаж байна
Борооны дараах мөөг шиг олноор байгуулагдаж буй эмийн сангуудад ямар журмаар тусгай зөвшөөрөл олгодгийг бид энэ удаад хөндөж байна. Үүнээс өмнө нэг төрлийн эмийг харилцан адилгүй, хамгийн багадаа 300, дээд тал нь 10, 20 мянган төгрөгийн зөрүүтэй худалдаалж буй асуудлыг хөндөж сурвалжилсан билээ. Иргэд тавхан алхаад л эмийн сантай таарч, нэг улс, үйлдвэрийн адил нэршлийн эмийг харьцангуй өөр үнээр зарж буйд төөрч будилсаар явна. Антибиотекийн зохисгүй, замбараагүй хэрэглээнд дөрөөлж бизнес эрхлэгчид эмийн сан ажиллуулахыг илүүд үздэг болж. Тиймээс өдөр бүр шинээр “мэндэлж” буй эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цөөлөх, шаардлага шалгуурыг нь чангатгах чиглэлд нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар бодлого, чиглэл баримталж байгаа талаар тус газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатартай ярилцлаа.
-Бид хэдхэн алхаж, булан тохой эргээд л эмийн сантай таардаг. Ингэж нэг дор олноор байрлаж буйд олон нийт ч шүүмжлэлтэй ханддаг. Холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу хэдэн метр. тутамд нэг эмийн сан байх ёстой вэ. Тусгай зөвшөөрлийг ямар зарчмаар олгож байна?
-Тусгай зөвшөөрөл олгох комисс гэж бий. Тухайн комиссоос нийслэлд үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн санд зөвшөөрөл олгодог. Ингэхдээ холбогдох хууль, дүрэм журмыг баримталдаг. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, Эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль, стандартыг үндэслэдэг. Змийн сангийн тусгай зөвшөөрөл олгоход баримталдаг байсан өмнөх стандартад 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай 500 метр байх ёстой гэж заасан байдаг. Гэхдээ 2015 оноос энэ шаардлагыг баримтлахаа больсон. Яагаад гэвэл, ШӨХТГ-аас нэг газарт давуу эрх олголоо, өрсөлдөөнийг хязгаарлалаа гэж үзэж, үүнийгээ зогсоохыг шаардсан учраас тухайн стандартаас дээрх заалтыг хассан. Тиймээс сүүлийн үед нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл олгохдоо Эрүүл мэндийн сайдын 145 дугаар тушаалыг баримталж байгаа. Тушаалд заасны дагуу хоёр үе шаттайгаар тусгай зөвшөөрөл олгодог. Эхний шатанд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөл боловсруулах ёстой. Түүнийг нь комиссын хурлаар хэлэлцэж тэнцсэн тохиолдолд шаардлагатай материалыг бүрдүүлж хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулж зөвшөөрөл олгох эсэхээ шийддэг.
-Дээрх стандартыг хүчингүй болгосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэчнээн тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
-Энэхүү стандартыг 2015 оноос мөрдөхгүй болсон. Түүнээс хойш эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрлийг 160 орчим иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.
-Эмийн үнийн хөөрөгдөл, зохисгүй, хэт замбараагүй хэрэглээг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар хязгаарлах хэрэгтэй болов уу. Танайх энэ асуудалд ямар шийдэл эрэлхийлж байна вэ?
-Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хязгаарлах гэхээр хууль зөрчсөн болчих гээд байдаг. 500 метр зайд, 5000 хүн тутамд эмийн сан байгуулах ёстой гэсэн заалтыг хэрэгсэхгүй болгочихоор дуртай газраа, хаана ч байгуулах боломжтой болж байгаа юм. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан эмийн сангийн хажууд тусгай зөвшөөрөл олгохоор мөн л гомдол гардаг. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй газруудаас ирүүлсэн зөрчилдөөнтэй гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ШӨХТГ-аас зөвлөмж хүссэн. Тус газраас “Шударга өрсөлдөөний хууль дүрмийг баримталж өрсөлдөөнийг хязгаарлахгүйгээр тусгай зөвшөөрөл олгох ёстой" гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр бид одоогийн дүрэм журмынхаа хүрээнд стандартын байр савтай, дээрх хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүст байршил, хүн амын тоо харгалзахгүйгээр тусгай зөвшөөрөл олгох болчихоод байгаа юм.
Эрүүл мэндийн сайд 2018 онд тусгай зөвшөөрөл огоход тэргүүлэх чиглэлийг баталсан байдаг. Үүнд, эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай хүн ам, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг барьж ажиллах талаар тусгасан. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, эм эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байдаг. Тиймээс салбарын сайдын тэргүүлэх чиглэл болон хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоогүй. Эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай байгаа газруудад зөвшөөрөл олгох чиглэл баримталж, захирамжийн төсөл боловсруулж байна.
-Эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай хороод буюу гэр хорооллын айл өрхүүдэд үйлчилгээг ямар зарчмаар ойртуулах вэ. Хөшүүрэг нь юу байх вэ?
-Эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай хорооны тоог гаргасан. Ихэвчлэн гэр хороолол орчимд эмийн сан цөөхөн байдаг. Иргэн, аж ахуйн нэгжүүд ч тухайн хэсэгт үйлчилгээ явуулах сонирхолгүй байдаг юм билээ. Шалтгааныг нь асуухад тухайн хэсгийн иргэд худалдан авах чадвар муутай тул орлогогүй байдаг гэж хариулдаг. Тусгай зөвшөөрлийг анх олгохдоо гурван жилээр өгдөг. Энэ хугацаанд өөр тийш шилжихийг хориглох бодлого баримталж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагын удирдлагуудад захирамжийн төслөө хүргүүлсэн. Хэрэв энэ төслийг баталбал тусгай зөвшөөрөл хүссэн хүмүүст байршлыг нь зааж өгнө гэсэн үг.
-Эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрөл хүсч буй иргэн, аж ахуйн нэгжүүд тавьсан шаардлага шалгуурт нийцүүлж төслөө боловсруулж чадаж байна уу?
-Эрүүл мэндийн сайдын 145 дугаар тушаалыг тусгай зөвшөөрөл олгож буй бүх байгууллага мөрдөж ажилладаг. Төслөө хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага, тухайн аж ахуйн нэгж санхүү, эдийн засгийн хувьд боломжтой эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд оруулах хувь нэмэр гэсэн гурван бүлэг, 12 зүйл заалтын дагуу боловсруулах ёстой. Тэгж чадсан нь тусгай зөвшөөрлөө авдаг.
-Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тусгай зөвшөөрөл олгоогүй гэлээ. Энэ хугацаанд хэр олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөл хүсч хандаж байна вэ?
-Төсөл авахаа албан ёсоор зогсоосон ч хэзээнээс олгож эхлэх талаар утсаар байнга лавлаж асуудаг. Хууль, эрх зүйтэй холбоотой зөрчил, маргаан байгаад байдаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тэргүүлэх чиглэл, нутгийн захиргааны байгууллагын Засаг даргын захирамжаар эмийн сангийн үйлчилгээг хязгаарлах бодлого баримталж байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн эмийн сан үйл ажиллагаа явуулж байна вэ. Нийслэлийн тухайд аль дүүрэгт хамгийн олон эмийн сан байна вэ?
-1200 эмийн сан тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүрэгт 291, Баянгол дүүрэгт 277, Сонгинохайрхан дүүрэгт 206 эмийн сан ажиллаж байна. Алслагдсан гурван дүүрэгт эмийн сан цөөхөн байдаг. Тухайлбал, Багануур дүүрэгт зургаа, Налайхад 16, Багахангайд хоёр байх жишээтэй.
-Тэгэхээр манай улс ялангуяа нийслэлчүүдийн хувьд хэдэн хүн тутамд нэг эмийн сан ногдож байна гэсэн үг вэ?
-Бид энэ тухайд өнгөрсөн жил судалгаа хийсэн. Улаанбаатар хотод 1.4 сая хүн ажиллаж, амьдарч байна. Одоогийн байдлаар 1200 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны 26 орны 2015 оны статистик мэдээллээр 100 мянган хүн тутамд хамгийн багадаа 3.9 хамгийн ихдээ 47.2, дунджаар 24.7 эмийн сан ногдож байна.
Гэтэл Улаанбаатар хотын тухайд 100 мянган хүн тутамд 88 эмийн сан ногдож буй нь дэлхийн үзүүлэлтээс 3.6 дахин их байна гэсэн үг. Үүнд үндэслэж бид цаашид тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай байгаа хороодыг сонгох чиглэл өгч байна. Эмийн сан нэмэгдэх тусам антибиотикийн замбараагүй, зүй зохисгүй хэрэглээ ихэсч байна гэж үздэг.
-Зөвшөөрөл авсан эмийн сангууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд эргэж ямар байдлаар хяналт тавьдаг вэ?
-Төлөвлөгөөт болон түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийдэг. Энэ дагуу шалгалт хийж, өнгөрсөн жил 25 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 52 эмийн сангийн эрхийг түдгэлзүүлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эмнэлэг болон эмийн санд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид Чингэлтэй, дараа нь Сонгинохайрхан гэх зэргээр бүх дүүрэгт хяналт шалгалт хийнэ.
-Шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил илэрдэг вэ?
-Эмийн сангийн стандартад заасан анхан шатны бичиг баримт, эмийн хадгалалт хамгаалалтыг голлон шалгадаг. Анх тусгай зөвшөөрөл авахдаа тусгасан байршлаасаа өөр тийшээ шилжсэн, стандарт бус байранд орсон, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж буй зөрчил ихэвчлэн гардаг.
-Мэргэжлийн бус, эмчийн жорыг тайлж уншиж чаддаггүй хүн эмийн сан ажиллуулж байна гэсэн гомдол, шүүмжлэл тасардаггүй. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Одоо мөрдөж буй стандартаар нийтийн үйлчилгээтэй I,II зэрэглэлтэй эмнэлгийн эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Уусмал эм найруулдагэмийн сангуудыг I зэрэглэлтэй гэдэг. Харин II зэрэглэлийн эмийн сан 24 орчим ам метр талбайтай, хоёр эм зүйч эсвэл эм зүйч, эм найруулагч гэсэн хоёр хүн байх ёстой. Мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан эм зүйчид тусгай зөвшөөрөл олгодог.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин