Түүний юу туулж, юу тэвчсэнийг би мэдэхгүй...
Хүрэлсүхээс ард түмэн нэг л зүйл хүссэн. Үнэндээ бол тэр нь байшин барилга, бараа бүтээгдэхүүн, шинэ зам, ширээ сандал гэхээсээ илүү шударга ёс байв. Харин тэр аль эрт алдагдаж үгүй болсон шударга ёс хэмээгчид хүрэхийн тулд мань эр шарилж зулгааж, шал арчих ёстой болсон.
Шарилжийг нь зулгааж байж бизнесийн адил тэгш орчин, эрүүл хөрс бий болох учиртай. Танил талтай, татаад орох хаалгатай, яам тамгын газруудад ах дүүсээрээ шургалсан, ямба уушийн газарт араа шүдээрээ ижилдсэн, авлигын сүлжээтэй, аван идэхийн шуналтай бүхэл бүтэн тогтолцоотой дайтах үүрэг түүнд тулгарав. Улс төр болоод бизнесийн хоёр салбарт хоорондоо хэлхэлдсэн энэхүү сүлжээг үндсээр нь тасдахын тулд хоёр жигүүрээр дайрах шаардлагатай болов.
Хуучин цагт сэлэм гялс толгой бөндгөс болдог байсан бол өнөө цагт сэлэм гялс толгой бөхгөс гээд л буцаад гүрдийтэл босоод ирдэг, гүзээгээ дүүртэл иддэг хувалзнуудаар төр дүүрч, түмний нуруунд шимэгчлээд удав. Энэ хүртэл Хүрэлсүх гэдэг хүний юу үзэж, юуг тэвчиж, юу туулж, юунд тэргүүн бөхийснийг би мэдэхгүй. Ямартай ч үр дүнд нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах боломжийг Монголын ард түмэн түүхэндээ анх удаа атгав. Бизнесийн салбарт бэтгэ болтлоо томорч, улс төрийг угж болгон ашигладаг зарим хүний лицензийг хурааж, төрийн төмөр нүүрийг харууллаа. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Үр дүнд хүрэхийн тулд улс төр дэх хөл гар, хүзүү толгойг нь тасдах учиртай. Тиймээс ч парламентийг тарааж, төрөө шинэчлэх тухай яригдаж байна. Парламент тарна гэдэг бол төр зайдлаад удсан, түрийвч оймсондоо авлига шургуулдаг сүлжээнийхнээс салах эхний алхам.
Парламент тарна гэдэг бол ард түмэндээ өгч буй том эрх мэдэл. Тэр ЖДҮ-чдээ сонгох уу, үгүй юу, 60 тэрбумтнуудаа арчих уу, үгүй юу гэдэг сонголтыг ард түмэнд шууд утгаар нь үлдээж буй хэрэг билээ. Төрөөс луйвардагчидтай хариуцлага тооцох эрхийг эгэл олондоо өгч буй хэрэг. Хэрэв парламент тарвал УИХ--ын ээлжит сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгатай давхцана гэсэн тооцоо байгаа. Чухам энэ л шалтгаанаар сүүлийн үед Монголын төрд 12-28 жил ажиллаж, хамаг бизнесээ өөд нь татаж, ханхүү гүнж нараа өв залгамжлуулан төрд сойж ирсэн нөхөд толгой өндийлгөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл Хүрэлсүх болон түүний нөхдийн ард түмэндээ олгож буй том боломжоос хумсалж, дундаас нь ашиг харсан ченжийн сэтгэхүй босоод ирэв. Төрийг ченжлэнэ гэнэ ээ. Үнэ хүргэж зарна гэнэ.
Энд би Энхбаяр, Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, М.Энхсайхан нарыг зориуд дурдана. Ар гэр, алаг үрсээ тэжээх гэж цээжиндээ зовлон тээж, зүрхэндээ нулимсаа нуун зүтгэж, гудамжинд гарч, золбирч, амиа хорлож, архинд живсэн бүх аавуудаас адил тэгш ирэх ёстой байсан боломжийг нь 30 жилийн турш хулгайлсан энэ эрхмүүдэд эдүгээ хийж буй өөрчлөлтийг далимдуулан улс төрийн тоглолт хийх эрх байхгүй. Зүгээр л сана. Мартах эрхгүй 30 жилийг гундуу гандуу бүх өдрүүдтэй нь, луйвардуулж, ядуурч, хохирсон шалтгаануудынхаа хамт сана. Хэрхэн боломжоо хулгайлуулж, итгэж, сүүлчийн найдвараа өвөрлөн хүлээж байснаа сана. Хэрхэн тархиа угаалгаснаа ч сана.
Монголын төрд 12-30 жил бүх том албан тушаалд сууж байсан энэ хүмүүс юуны төлөө арай ядан ирсэн, алдагдаж ч болзошгүй өөрчлөлт, дахин сонголтоос зүүгдэж, боломжоос хулгайлах гэж зүтгэнэ вэ? Одоо болсон хойно хань хамсаатнуудынхаа хамт юу хийж, хэнийг гийгүүлэх гэж толгой өндийлгөж, том дуугарна вэ? Өндөр алба хашиж байхдаа, өргөн эрх мэдэл өвөрлөж явахдаа өөрийнхөө төлөө бус, өнө мөнх эх орныхоо төлөө ажиллаж байхгүй юугаа хийсэн юм гэж зориуд асууя. Парламент тарах ёстой. Тэгж байж төр форматлагдана.
Компьютерээ, утсаа, тархиа форматладагтай адил одоо төрөө өөрчилж шинэчилмээр байна. Үе дамжсан мөлжлөгийг зогсоох өөр гарц үгүй. Парламентат ёсыг авч үлдэх өөр арга үгүй. Тиймээс би парламент тараасай гэж хүснэ. Тэгээд дараа нь ард түмэн хариуцлагатай, зөв, шударга сонголт хийгээсэй гэж хүснэ. Өнөөг хүртэл үзэн ядсаар ирсэн 60 тэрбум, ЖДҮ, Дубай, Ноён уул, Оюутолгой, Жастин Капла, Эрдэнэт тойрсон сүлжээ, Тост тосон бумба, нийслэлийг нийтийн там болгосон газрын наймаачидтайгаа хүн бүр сонгуулиар дамжуулан тооцоо хийгээсэй гэж хүснэ!
Р.Эмүжин