Шарсан махны үнэрт ухаан балартаад, өвдөг нуглардаг юм. Тэгтэл тэр эр том хутганыхаа үзүүрт цус нь дусалсан шүүрхий мах өлгөөд өглөө. Би мөлхөж очоод гараараа авч идэх тэнхэл хүрээгүй учир махыг амаараа авав. Намайг махаа идэж дуусахыг хүлээж байгаад тэр эр,
– За нааш суу. Чамайг хэрвээ гараараа авсан бол зүйл дуусгачих байсан юм гэж билээ.
Тэгээд бид хоёр хөвчийн андууд болсон юм даа. Тэр маань бас шоронгоос оргоод хээрээр гэр, хэцээр дэр хийгээд хэдэн жил болсон эр байж билээ. Чанга эр байсан даа. Их Хэнтийн тайгад түүний мэдэхгүй жалга гэж байхгүй байдагсан. Бид хоёр хөвчийн гүн хэд хэдэн оромж агуйтай, сэлгэх хэдэн морьтой, буу саадаг хувцас хунараар тасраагүй дээ. Тэгээд хоёулаа Ерөөгийн дэлгүүрийг дээрэмдэж байгаад тэр маань цээжээрээ буудуулж, хоёр хоног агуйн мухарт шархны халуундаа дэмийрч байгаад өнгөрөв. Үхэхийнхээ өмнө гэнэт ухаан нь саруулсаж ирдэг юм.
– За хө, анд минь. Чи хэзээ нэгэн цагт Арвайхээр ороод ээжтэй минь уулзаарай. Гэрийнхээ гадаа тийм тэмдэгтэй, тийм нэртэй хүн бий. Таны хүү таныгаа хэзээ ч мартаагүй юм шүү гэж хэлээрэй гэж захиад нэг сүрхий зогиссоноо явчихаж билээ.
Тайгад ганцаараа болж авсан хойно, ер нь энд ингэж тэнэж яваад тэнэсэн сумны бай болж золбин нохой ч тойрмоор үхлээр үхснээс нутгийнхаа барааг хараад үхвэл ч үхье, баригдвал ч баригдая гэж шийдээд нутаг гараад давхичихлаа. Өдөр унтаж, шөнө нь цогиулж явсаар Арвайхээр ордог юм. Нөгөө самганыг эрсээр байж олж очлоо. Ануухан самган ганц гэрээр нутаглаж байна. Хүүтэй чинь хамт ингэж тэгэж амьдарч байгаад ирлээ. Хүү тань үхэхдээ ийм үгийг таньд дамжуулаарай гээд өнгөрсөн дөө гэж хэлбэл, эмгэн ер хүний урманд нулимс ч гаргасангүй.
– Би хүүгийнхээ хойтхыг хэдийнэ уншуулчихсаан гэж байна. Тэгснээ, – За чи миний хүүгээс ялгаа юу байхав. Одоо хүү минь болоод надтай хамт амьдар.
Надад хурааж цуглуулсан жаал жуулхан юм бий. Адуу мал ч бас хоосонгүй. Арчаатай тордоод явбал бид хоёрт хүрэлцэнэ. Энэ мөчөөс эхлээд ээж үр хоёр болж явьяа гэж байх юм.
Би “-Тэгье” л гэлээ. Тэгээд хэд хонож байтал ер тэнд байж суухад тэсэмгүй болоод ирдэг юм. Тэр эмгэн ёстой морь шиг хоёр сайхан морьтой. Тэр хар, хээр хоёр морь бол эр хүний хийморийг сэргээсэн, нудийг булаасан адгууснууд даа. Эмгэн ээж маань хүүгээ ирнэ гэж хүүдээ тэр хоёр морийг хадгалж байсан юм гэдэг. Тэгээд нэгэн үдэш нөгөө хоёр морийг нь ойрхон шиг архалчихаад, орой хоолны дараа бие засдаг гэж хэлээд сэлдэн гарлаа.
Очоод нөгөө хоёр морийг тайлж нэгийг нь мордоод, нөгөөг нь хөтлөөд давхиулж гардаг юм. Шөнөжин баруун зүгт давхиулав. Үүр цайх үед нэгэн хонхорт хоёр морио уячихаад, чулууны ёзоор тохмоо дэрлээд хэвтээд өглөө. Нэг сэрэхнээ нь нөгөө эмгэн хажууханд аргал түүчихсэн явж байх юм. Хүүе, энэ чинь юу билээ гээд гайхаад өндийвэл,
– Миний хүү ээ, орж цайгаа уу гэж дуудаж байна.
Тэгэхнээ нь шөнөжин эмгэний гэрийг алсуурхан шиг тойроод давхичихсан байж билээ. Би хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явахдаа тэгэж төөрч мунгинасан минь үгүй. Одоо яахав дээ, хар цагаан дуугүй босоод гэрт нь орж, хийж өгсөн цайнаас нь ууж суутал эмгэн хэлж байна.
– За хүү минь, уг нь би чамайг надад хань болох болов уу гэж бодсон юм. Гэтэл сэтгэл чинь тогтохгүй хүн юм. Чи явах гэснээрээ яв даа. Наад хоёр адгуусаа ч аваад яв. Хүүгүй үлдэж байгаа надад ийм хоёр морины хэрэг юу билээ, хэн надад харж өгөх билээ. Чам шиг нэгнийх нь нүдний хорхой ороод алга болж өгөх биз гэж байна.
Бас надад айлд бүү бүсээ орхиж байгаарай, чамайг аргамжчихдаг юм шүү гэв. Эмгэнд хар авхуулахгүй гээд сэлдэн гарсан маань буруудаж, шөнөжин гэр тойрч давхисны учир тэр байж. Эмгэн намайг сэжиглээд л байсан байгаа юм. Бүсийг минь барьчихаад намайг гэрээ тойруулаад шөнөжин давхиулчихаа өлхөөн мэдэх айхтар хатуу уншлагатай эмгэн байсан даа.
Тэгээд надад замын хүнс бэлдэж өгөөд нутаг зүг минь мордуулж билээ..
Тэр хоёр морийг нь унаад Арвай хээрийн талын зах руу ороод галгиулж явав. Орой нар шингэх гэж байсан юм. Гэтэл гэнэт нүдний буланд гэрэл гялсхийх шиг болдог юм. Харвал 69 машины шил шингэж байгаа нарны гэрэлд тэгэж гялсхийсэн байж. Арвайхээрийн цагдаагийн машин миний араас хөөж байгаа нь тэр. Тэгээд л жолоогоо тавиад л пурхийлгэчихсэн дээ. Арвайхээрийн талыг 69 машинд гүйцэгдэлгүй л туулаад гарсан, тийм л гаргуун гайхалтай сайхан амьтад байсан даа, тэр хоёр морь. Тэгээд сайхан хос морьтой нутагтаа ирж байж билээ.
/Үнэхээр ч нутгийнхан 50-иад оны сүүлээр түүнийг хосгүй сайхан хоёр морьтой ирсэн гэх билээ/
ХУУЧ ХӨӨРӨХҮЙ.
1986 оны 8 сарын эхээр юмдаг. Нутгийн нэгэн хөгшинтэй ганзага нийлж хоёр хоног холыг зорьж билээ. “Хээрийн замд эр ижилсдэг” гэдэг. Хэдий тэгэхэд би 9-р ангийн хүү байсан ч тэрбээр надтай үеийн мэт хөөрөлдөж, өдөржин дөрөө харшуулж явахдаа, үдэшжин аргалын галын гэрэлд мах шарж суухдаа олон сонин сайхныг хүүрнэж билээ. Түүнээс зөвхөн нэгийг нь сөхөхөд ийм байна.
Б.Номинчимэд