Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө
Нөлөө бүхий улстөрчид нь толгой дараалан АТГ-д хавтаст хэрэг нээлгүүлж, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж, үндсэндээ лидергүй болсон АН сүүлийн үед ардчиллаа хамгаалья хэмээн сүрхий том дуугарцгааж болсон. Ардчиллыг хэнээс хамгаалах гээ вэ, 30 жил Ардчиллыг дэмжин санал өгч, тэднийг эрх мэдэлд хүргэсэн ард түмнээс хамгаалах гээд байгаа юм уу. Ардчиллыг ер нь хэн “авсалсан” юм бэ гэдэг яриа ч үйл явдлыг даган хөвөрч байна.
Иргэд итгэл өгсөн цаг хугацаа АН-ынханд хангалттай байсан. Эрх мэдэлд хүргэж, албан тушаал хаших эрхийг ч бэлэглэсэн. Харин тэд өөрсдөө эрх мэдлээ хувийн сонирхолд ашиглаж, албан тушаалын хэргээр дээлээ нөмрөхөд хүрээд байгаа. Үүнд ард иргэд ямар ч буруугүйг тэд уг нь ойлгоомоор…
Есдүгээр сарын 13-нд АН Төв талбайд Олон улсын Ардчиллын өдрөөр 30 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулж, баахан чингэлэг нүүлгэсэн. Төв талбад байрлуулсан чингэлэг олны анхаарлыг татаж байсан бол тэдний тоо 17 байсан нь нийгэмд АН-ын дарга Ардчиллыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас аврах гэсэн С.Эрдэнэ ийм арга хэмжээг зохион байгууллаа гэсэн ойлголтыг өгөхөд хүргэжээ.
17 чингэлэг гэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Женко компанийн захирлаар ажиллаж байхдаа үйлдсэн гэгддэг хуулийнханд 17 чингэлэг спирт хураалгаад ус болгосон гэх дуулиан санаанд бууна. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ энэ чингэлэгүүдээр Ерөнхийлөгч Х.Баттулгад сануулга өгч, түүнээс Ардчиллаа хамгаалж байгаа санаагаа цухалзуулсан болж таарах гээд байна.
АН дор оржээ. Өөрийн намаас тодруулж, Ерөнхийлөгч болгосон хүнээсээ Ардчиллаа аврана хэмээн улстөржтөлөө дор оржээ. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар, Фортуна Батбаяр зэрэг лидерүүд нь бүгд гэмт хэрэгтний тоонд багтахдаа тулж, хуулийн байгууллагад шалгуулж байна. Дээрээс нь намын дарга С.Эрдэнийн нэр хүнд ч цэвэр биш. Нийгмийн даатгалын мөнгөний эргэн тойронд нэр холбогдсон явдаг энэ намынхны лидерүүд олны өмнө ил гарч ирэхээ ч байж.
Одоо тэдний хийж чаддаг ганц юм нь нэг нэгтэйгээ уулзан, хор найруулж, сонгуульд нэр дэвших эрх, албан тушаал авах яриа болсон бололтой. Лидергүй болсон энэ нам аргаа барахдаа талийгаачаар шоу хийв.
Төв талбайд 6 өдрийн өмнө болсон арга хэмжээнд талийгаач Санжаасүрэнгийн Зоригийн зургийг ашиглаж, адил төстэй хоолойтой хүнээр хэлсэн үгийг нь уншуулж, дүрсийг нь гарган шоудав. Амьд лидергүй болчихсон нам ийм л юм сэддэг юм байна. Өөрийн намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнээс Ардчиллаа хамгаална гэж гүйтлээ дорддог юм байна.